{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БОЛОН БУСАД ХҮҮГИЙН ТҮВШИН

АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БОЛОН БУСАД ХҮҮГИЙН ТҮВШИН


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны 9-р сарын 16, 20-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12.0 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр өрсөлдөөн өндөр дотоодын хадгаламжийн зэх зээлд арилжааны банкнууд ээлж дараалан хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж, хүүгийн түвшин 2022 оны 9 болон 10-р сард 1.0-2.0 нэгж хувиар нэмэгдсэн билээ.

Харин өнгөрсөн оны сүүлээр буюу 2022 оны 12-р сарын 15, 16-ны өдрийн Мөнгөний бодлогын хороо ахин хуралдаж бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13.0 хувьд хүргэлээ. Мөн, “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжих хугацаа 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болж, 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн арилжааны банкнууд хугацаагүй хадгаламждаа хүү тооцож эхэлсэн байна.

2023 оны 1-р сарын байдлаар үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын хадгаламжийн хүүгийн түвшин 9 болон 10-р сард өссөн өсөлтөөс хойш төдийлөн нэмэгдээгүй, тогтвортой байлаа. Тухайлбал, иргэдийн хамгийн өргөн хүрээнд мөнгөө хадгалуулдаг хадгаламжийн бүтээгдэхүүн болох энгийн хугацаатай хадгаламжийн хүүгийн түвшин 2023 оны 1-р сард хадгаламжийн хугацаанаас хамааран 7.2-14.0 хувьтай байна. Дэлгэрэнгүй авч үзвэл, 12 сарын хугацаатай иргэдийн энгийн хугацаатай хадгаламжийн хүү нийт банкны системд 11.2-13.5 хувьтай байгаа бөгөөд Капитрон болон Ариг банкны тус төрлийн хадгаламжийн хүү 13.5 хувь буюу хамгийн өндөр байна. Системийн нөлөө бүхий 5 банкнуудаас Худалдаа, хөгжлийн банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүү хамгийн өндөр буюу 12.5 хувь, Хас банкны хувьд тус хүүгийн түвшин хамгийн бага буюу 11.6 хувьтай байгаа бөгөөд бусад банкнууд болох Голомт банк, Хаан банк, Төрийн банкны тухайд тус төрлийн хадгаламжийн хүү тус тус харгалзан 12.4, 12.3, 12.3 хувьтай байна. (Хүснэгт 1).

Жижиг банкнуудын хадгаламжийн хүү системийн ач холбогдол бүхий томоохон банкнуудтай харьцуулахад илүү өндөр байгаа нь эдгээр банкуудын эх үүсвэр татах чадвар харьцангуй сул байдагтай холбоотой байна. Хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлснээс хойш банкнуудын хугацаагүй хадгаламжийн хүү хадгалуулах мөнгөн дүнгээс хамаарч жилийн 4.8-8.0 хувийн хооронд байна.

Хүснэгт 1. Арилжааны банкнуудын энгийн хугацаатай хадгаламжийн хүү

Банк
3 сар
6 сар
9 сар
12 сар
24 сар
Хугацаагүй хадгаламж
Хаан банк
9.50%
10.50%
11.00%
12.30%
12.80%
6.60%
Худалдаа Хөгжлийн банк
9.70%
10.70%
11.20%
12.50%
13.00%
6.60%
Голомт банк
9.50%
10.50%
11.00%
12.40%
12.80%
6.60%
Хас банк
9.38%
10.03%
10.69%
11.57%
12.68%
2.43%
Төрийн банк
9.10%
10.60%
11.50%
12.30%
12.80%
6.80%
Капитрон банк
10.20%
11.00%
12.00%
13.50%
14.00%
7.50%
Чингис Хаан банк
7.20%
9.00%
9.80%
11.20%
11.20%
4.80%
Богд банк
10.40%
10.80%
12.00%
13.20%
13.50%
6.60%
Ариг банк
10.70%
11.00%
12.10%
13.50%
13.90%
8.00%
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
8.00%
10.00%
11.00%
11.50%
11.50%
0.00%
Тээвэр Хөгжлийн банк
11.00%
11.00%
12.00%
13.20%
13.80%
n/a

Эх сурвалж: Арилжааны банкнуудын вэбсайт

* Ногоон өнгөөр өмнөх сараас өссөнийг тэмдэглэв

Нөгөө талаас Мөнгөний бодлого хатуурч, банкнуудын хувьд хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж, эх үүсвэрийн зардал  нэмэгдсэнтэй холбоотой зээлийн хүүгийн түвшин нэмэгдсэн байна. Тодруулбал, арилжааны банкнуудын шинээр олгосон нийт төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2022 оны 12-р сард 15.7 хувь байгаа нь бодлогын хүүгийн 2.0 нэгж хувийн өсөлтөөс хойш 1.0 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Зураг 2. Хүүгийн түвшний харьцуулалт

Эх сурвалж: Монголбанк, МХБ, Арилжааны банкнуудын вэбсайт

* 2022 оны 12 дугаар сарын инфляцын түвшин

** 2022 онд гарсан бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дундаж хүү

***2022 онд гарсан компанийн бондуудын дундаж хүү

Иргэд, байгууллагуудын мөнгөө байршуулдаг хадгаламжаас гадна бас өөр нэгэн хэрэгсэл бол Компанийн бонд юм. 2022 онд биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд гарсан компанийн бондуудын хүүгийн түвшин хугацаанаас хамааран 15.0-21.0 хувьтай байгаа бөгөөд үүнийг дэлгэрэнгүй авч үзвэл 6 сарын хугацаатай хаалттай бондын хүү дунджаар 14.4 хувь, 9 сарын хугацаатай хаалттай бондын хүү дунджаар 15.0 хувь, 12 сарын хугацаатай хаалттай бондын хүү 15.4 хувь, 24 сарын хугацаатай хаалттай бондын хүү дунджаар 16.0 хувьтай тус тус тэнцэж байна. Харин, 2022 онд биржээр дамжуулан нээлттэй хүрээнд гарсан компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүү дунджаар 16.8 хувьтай байгаа бөгөөд 12-р сард гарсан “Инвескор бонд 2.0” бондын хүү 18.0 хувь буюу нээлттэй гарсан өрийн хэрэгслээс хамгийн өндөр хүүг тогтоогоод байна.

Эцэст нь хүүгийн түвшний харьцуулалтаас харахад бондын хөрөнгө оруулалт нь уламжлалт бүтээгдэхүүн болох хадгаламжид мөнгөө хадгалуулахаас илүү өндөр өгөөжтэй байгаа бөгөөд инфляцын түвшин улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн, мөн хөрөнгө оруулалтын олон боломжууд зах зээлд бий болж буй энэ цаг үед инфляцаас өндөр хүүг санал болгож буй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх нь таны мөнгөний үнэ цэнийг хадгалах, цаашлаад өсгөх боломжтой байна.  

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news