ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.03 - 2022.10.07
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монголбанк мөнгөний хумих бодлого баримталж байгаатай холбоотойгоор Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,653.81 нэгжид хүрч, 1.09%-ийн бууралттай хаагдлаа.
- Монголын хөрөнгийн биржид нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “Төрийн банк” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 7,306 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 67,356,571,200 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт боллоо.
- 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.47%-иар суларч, 1 ам.доллар 3,359.83 төгрөгтэй тэнцсэн. БНХАУ-ын юанийн эсрэг 0.18%-иар суларч, 1 юань 472.15төгрөгтэй тэнцээд байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Эдийн засгийн удааширч буй үзүүлэлтүүд нь бодлогын хүү өндрөөр өсөх хүлээлтийг багасгаж улмаар АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. "S&P 500" индекс 3,639.66 нэгжид хүрч, 1.15%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Хувьцаанууд 7 хоногийн эхэн үед өндөр өсөлт үзүүлсэн боловч OPEC+-ийн олборлолтоо бууруулах мэдэгдэл, 9-р сарын ажилгүйдлийн түвшний мэдээллийн дараагаар 7 хоногт сүүл үед өсөлтөө алдаж хаагдсан. Тодруулбал, OPEC+-оос газрын тосны нийлүүлэлтээ өдөрт 2 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэний дараагаар "WTI" газрын тосны үнэ 17% орчим өсөж өндөр инфляцын дарамтыг нэмэгдүүлсэн. Мөн 9-р сард нийт 263,000 ажлын байр нэмэгдсэн нь хувьцааны зах зээлийн бууралтад нөлөөлсөн.
- 9-р сард нийт 263,000 ажлын байр нэмэгдсэн нь ажилгүйдлийн түвшнийг 3.5%-д хүргэж буурууллаа. Энэ нь эрэлт өндөр байгааг илэрхийлж байгаа тул Холбооны нөөцийн сан 11-р сарын хурлаараа бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх магадлал өндөр байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байсанд АНУ-ын хувьцаанууд өсөлттэй байсан нь гол нөлөөг үзүүллээ. "STOXX Europe 600" индекс 0.98%, "France’s CAC 40" индекс 1.82%, "Italy’s FTSE MIB" индекс 1.22%, "Germany’s DAX" индекс 1.31%, "UK’s FTSE 100" индекс 1.41% тус тус өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн 9-р сарын инфляц 10.0%-тай гарлаа. Бодлого боловсруулагчид бодлогын хүүг 0.50% эсвэл 0.75%-иар өсгөхөд санал зөрөлдөж байна. Зарим бодлого боловсруулагчид эдийн засгийн төлөв таагүй байгаа учраас бодлогын хүүг 0.50%-иар өсгөхийг дэмжиж байгаа бол бусад нь инфляцыг бууруулахын тулд 0.75%-иар өсгөхийг дэмжиж байна. Төв банкны гол зорилго нь ханшийн тогтвортой байдлыг хангах байдаг тул бид инфляцыг дарахаар бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөнө гэх хүлээлттэй байна.
- Евро бүсийн үйлдвэрлэгчдийн үнэ таамаглаж байснаас өндөр өсөлттэй байгаа нь инфляцын өсөлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225" индекс 4.6%, "TOPIX' индекс 3.9% тус тус өсөлттэй хаагдлаа.
- 7 хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт багассантай холбоотойгоор хувьцаанууд өсөлттэй хаагдсан.
- Японы иений ханш ам.долларын эсрэг 7 хоногийн эхэн үед бага хэмжээнд чангарсан боловч 7 хоногийн сүүлээр иений ханш суларсан. 7 хоногт 1 ам.доллар 145 иентэй тэнцэж хаагдсан. 9-р сарын байдлаар Японы гадаад валютын нөөц 54 тэрбум ам.доллароор буурч 1.238 их наяд ам.долларт хүрсэн нь иений ханшийн сулралын эсрэг засгийн газраас авч буй арга хэмжээтэй холбоотой байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт Үндэсний баярын өдрийг тохиолдуулан хаалттай байлаа.
- Хөрөнгө оруулагчид 9-р сард БНХАУ-ын 1.4 тэрбум ам.долларын бонд, 700 сая ам.долларын үнэт цаасыг зарсан байна. Энэ нь тус улсын үндэсний баяр буюу "Golden Week"-той холбоотой байлаа.
- Санхүүгийн зохицуулах байгууллагаас төрийн өмчит банкнуудыг үл хөдлөх хөрөнгийн салбарт дор хаяж 600 тэрбум юань (85 тэрбум ам.доллар) санхүүжилт олгохыг үүрэг болголоо. Уг шийдвэр нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт эерэг хүлээлт үүсгээд байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19