ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.21 - 2022.11.25
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,326.1 нэгжид хүрч 2.7%-ийн бууралттай хаагдлаа.
- “Голомт банк” банкны реформын хүрээнд нийт хувьцааныхаа 10.09% буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгож 103.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжаагаа Лхагва гарагт эхлүүллээ. Баасан гарагийн байдлаар захиалгын гүйцэтгэл 122.9%-ийн биелэлттэй хаагдлаа.
- “Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдлээ. Уг ХБҮЦ нь жилийн 17.5%-ийн хүүтэй, үнэт цаасны хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй бөгөөд нийт 10.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. "S&P 500" индекс сүүлийн 2 сарын хугацаанд анх удаа 4,000 нэгжээс дээш гарлаа. Хувьцаанууд өсөлттэй байхад Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) бодлогын хүү өндрөөр өсгөх төлөв багассан болон худалдааны, технологийн зарим компаниудын 3-р улирлын ашигт ажиллагаа сайн гарсан нь гол нөлөөг үзүүллээ. 7 хоногийн эхэн үед БНХАУ-д коронавирусын тархалттай холбоотой хөл хорио тогтоож эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын санааг зовниулж хувьцааны зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн. (11 сарын 24-ны өдөр нь бүх нийтийн амралтын өдөр)
- ХНС-ийн 11-р сарын мөнгөний бодлогын хурлын тэмдэглэл Лхагва гарагт нийтлэгдлээ. Хурлын тэмдэглэлд шинэ зүйл тусгагдаагүй хэдий ч Холбооны нээлттэй зах зээлийн хорооны дийлэнх гишүүд бодлогын хүүгийн өсөлтийг удаашруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн байсан нь бодлогын хүүг өндрөөр өсгөхгүй гэх хүлээлт үүсгэлээ.
- Бидний хувьд ХНС 12 сарын мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөхгүй байх гол шалтгаан нь эдийн засгийн сулралын шинж тэмдгүүд гэж харж байна. "S&P Global’s flash composite new order" индекс сүүлийн 2 гаруй жилийн доод түвшиндээ очоод байгаа бол ажилгүйдлийн нэхэмжлэл хүсэгчдийн тоо сүүлийн 3 сарын дээд хэмжээндээ очсон байна. Тийм учраас 12 сарын 13-нд болох Мөнгөний бодлогын хурлаар ХНС-г бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөнө гэх хүлээлттэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Төв банкууд бодлогын хүүгээ өндрөөр өсгөхгүй гэх найдлагатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 6 дах 7 хоногоо дараалан өсөлттэй байлаа.
- Европын төв банкны 10-р сарын мөнгөний бодлогын хурлын тэмдэглэлд ихэнх бодлого боловсруулагчид бодлогыг хүүг 75 суурь нэгжээр өсгөхийг дэмжсэнийг дурджээ. Мөн өндөр инфляцын түвшнээс шалтгаалж цалин-үнийн спираль үүсэх эрсдэл байгаа талаар онцлон дурдсан байна.
- Их Британийн бизнес идэвхжил 11-р сард буурсан нь 4 сар дараалан буурсан үзүүлэлт болж эдийн засаг хямралд орж байгааг батлаад байна. Тодруулбал, эдийн засгийн төлөвийг илэрхийлэх үйлдвэрлэл болон үйлчилгээний PMI 11-р сард 48.3-т хүрлээ. Энэ нь 2021 оны цар тахлын хөл хорионы үеийн үзүүлэлттэй ойролцоо үзүүлэлт юм. (PMI 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг)
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 1.4%, "TOPIX" индекс 2.6%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа. ХНС бодлогын хүү өндрөөр өсгөхгүй байх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
- Япон улс дах инфляцын дарамт нэмэгдэж Токио хотын суурь инфляц 3.6%-д хүрч өслөө. Энэ нь сүүлийн 40 жилийн дээд үзүүлэлт юм. Инфляц өндөр гарсан хэдий ч төв банкны бодлого боловсруулагчид мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримталж, цалингийн өсөлтөөр дамжуулан тогтвортой инфляцыг бий болгох зорилготой байна.
- Иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 139.2 иентэй тэнцэж, иений ханш ам.долларын эсрэг 0.8%-иар чангарлаа. ХНС-ийн бодлогын хүүгээ өндрөөр өсөх хүлээлт багассан нь үүний гол шалтгаан байлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. "Shanghai Composite" индекс 0.1%, "Hang Seng" индекс 0.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- 7 хоногийн дундаж халдвар авагчдын тоо БНХАУ-д бүх цаг үеийн дээд хэмжээндээ очиж байгаатай холбоотой засгийн газраас хэд хэдэн хотод цар тахлын хязгаарлалт тогтоох, олон нийтийн шинжилгээ хийх шийдвэрүүдийг гаргалаа. Цар тахлын эсрэг шийдвэртэй холбоотой хөрөнгө оруулагчид тус улсын эдийн засгийн хэтийн төлөвт санаа зовниж байна. Apple компанийн хамгийн том iPhone үйлдвэрлэлийн газар болох Жэнжоу хотын 8-н дүүрэг 11 сарын 25-аас эхлэн 5 хоног хөл хориотой байх байна.
- БНХАУ-ын эрх баригчид коронавирусын хязгаарлалтын улмаас хүнд байдалд байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор Баасан гарагт арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг (RRR) 25 нэгжээр бууруулснаа зарлалаа. Заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар нийт банкны системийн жигнэсэн дундаж RRR түвшнийг 7.8%-д хүрэх байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19