ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.02 - 2023.01.06
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,021.35 нэгжид хүрч, 1.5%-ийн бууралттай хаагдлаа. Харин MSE A болон MSE индекс тус тус 1.2% болон 0.4%-ийн өсөлтийг үзүүллээ.
- Монгол улсын хэрэглээний үнийн улсын индекс 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарлаа. Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас нэмэгдсэн нь 10,11 сарын инфляцын түвшин өндөрт хадгалагдахад голлон нөлөөллөө. Инфляцын талаас илүү хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө бүрдүүлж байна. Монгол банкны одоогийн суурь төсөөллөөр инфляцын түвшин ирэх оны эцэс гэхэд нэг оронтой тоонд, 2024 оны эхнээс 6+/2 хувийн зорилтод хүрч тогтворжихоор байна.
- Монгол улсын инфляцын түвшин 2022 оны 12 дүгээр сард улсын хэмжээнд 13.2 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Арваннэгдүгээр сард инфляц 14.5 хувьтай байсан ба өмнөх сартай харьцуулахад 1.3%-аар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.2%-аар буурсан байна. Хэрэглээний бараа үйлчилгээг бүрдүүлдэг нийт 410 нэр төрлийн бараа үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0%-ийг эзэлж байна. Инфляц 2022 оны 12 дугаар сард 13.2 нэгж хувь гарсны 6.3 (47.6%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Монгол улс хэрэглээний ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор гаднаас авдаг импортлогч орон тул урд хөрш болох БНХАУ хилээ нээж байгаа нь нийлүүлэлтийн гаралтай инфляцад нөлөөлж байсан эрсдэлүүд болох худалдааны тасалдал, тээвэр логистикийн хүндрэл бэрхшээлүүд зэрэг импортын үнийн өсөлтөд нөлөөлж байсан хүчин зүйлсийг бууруулах төлөвтэй байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэгч голлох индексүүд 2023 оныг өсөлтөөр эхлүүллээ. S&P 500 болон NASDAQ инкексүүд гурван долоо хоног дараалан уналтыг үзүүлж байсан. 2023 оны эхний 7 хоногт уг хоёр индекс хоёулаа 1%-иас дээш өсөлтийг үзүүллээ. Хувьцааны зах зээл өсөлттэй байхад сар болгоны эхний 7 хоногийн баасан гарагт нийтлэгддэг хөдөлмөр эрхлэлтийн тайланд цалингийн өсөлт 4.6%-тай гарсан ба таамаглаж байсан 5.0% өсөлтөөс бага гарсан нь инфляцийн дарамтыг бууруулж болзошгүй байгаа талаар зах зээл дээр хүлээлт үүсгэсэн нь нөлөөллөө. Баасан гарагт нийтлэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн тайланд АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр арванхоёрдугаар сард хүлээлтээс өндөр буюу нийт 223,000 ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 3.5% болж хүлээлтээс өндрөөр буурсан нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөг үзүүллээ.
- 2023 оны хоёрдугаар хагасаас бодлогын хүү буурч эхэлнэ гэх хүлээлт зах зээл дээр үүсээд байсан. ХНС-аас инфляцыг заавал бууруулах зорилтоосоо ухрахгүй гэдгээ бататгаж, бодлогын хүүгийн өндөр түвшин тооцооллоос удаан хугацаанд хадгалагдах төлөвтэйг хөрөнгө оруулагчдад анхааруулаад зах зээл дээр хүү буурах хүлээлтийг үүсгэхгүй байх талаар мэдэгдсэн билээ. Энэхүү хурлаас өмнөх хөрөнгө оруулагчдын өөдрөг хүлээлт нь инфляцыг бууруулах төв банкны хүчин чармайлтад хүндрэл учруулна гэж бодлого тодорхойлогчид үзэж байсан.Тэгэхээр өөрсдийн хүчин чармайлтыг сулруулахгүй санхүүгийн орчин үндэслэлгүйгээр зөөлрөхөөс мөнгөний бодлогын хорооны гишүүд ихээхэн болгоомжилж байгаа учраас хоёрдугаар сард дахин 50 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөх байх гэж таамаглаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад бодлогын хүү буурна гэх хүлээлт үүсгэхгүй баттай дохио өгнө” хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм.
- Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөр эрхлэлтийн тайлан хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр анхаарал хандуулсан сэдэв байсан бол энэ долоо хоногийн пүрэв гарагт гарах хэрэглээний үнийн индексийн тайлан нь энэ 7 хоногийн хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр анхаарал хандуулж буй сэдэв юм. Арваннэгдүгээр сард инфляци жилийн 7.1% гарсан нь 2021 оны 12-р сараас хойшхи хамгийн бага өсөлт болоод байна. Энэ удаагийн хүлээлт 6.5% дээр байгаа ба хөрөнгө оруулагч, арилжаачид таамаглаж байгаагаас өндрөөр инфляц буурна гэх өөдрөг хүлээлтийг зах зээл дээр үүсгээд байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Инфляцийн дарамт буурч байгаатай холбоотой Европын хувьцааны зах зээл өсөлтийг үзүүллээ. Евро бүсийн инфляци 11-р сард 10.1% байсан ба эрчим хүчний үнийн өсөлт буурсан нь евро бүсийн инфляцийг сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 10%-иас доошоо нэг оронтой тоо руу буюу 9.2% болж буурахад нөлөөлсөн гэж албан ёсны мэдээлэл харуулж байна. Үүнтэй холбоотойгоор голлох индекс болох STOXX Europe 600 индекс 4.60%-аар өсөлттэй хаагдлаа. Бусад голлох индексүүд мөн 3.5-6.0% өсөлтийг үзүүллээ.
- Европын Төвбанкны бодлого боловсруулагчид инфляцын суурь дарамтыг үргэлжлүүлэн бууруулахын тулд хүүгийн түвшинг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба энэ зун дээд цэгтээ хүрч магадгүй гэж мэдэгдлээ.
- Ипотекийн зээл олголт өнгөрсөн арваннэгдүгээр сард сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хамгийн доод түвшинд хүрч буурсан нь өндөр инфляцтай, зээлийн өртөг нэмэгдсэн зэрэг нь өрхийн зарцуулалтад хүндрэл учруулж байгаатай холбоотой гэж Английн Төвбанк (BoE) мэдээллээ. Орон сууцны үнэ 12-р сард дөрөв дэх сардаа дараалан буурч, дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи улирлын хамгийн том уналтыг үзүүллээ. Энэ жил орон сууцны үнэ 8 хувиар буурна гэж судалгаагаар таамаглаж байна.Мөн нэгэн онцлох үйл явдал болсон нь Хорват энэ сарын 1-нээс еврог мөнгөн тэмдэгтээрээ ашигладаг болж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьд өнгөрсөн 7 хоногт хөрөнгийн зах зээлийн уналттай байсан ба Nikkei индекс 0.46%-аар, TOPIX индекс 0.84%-аар буурсан байна. Дэлхий дахинаа мөнгөний бодлого чангарах талаарх хүлээлт болон эдийн засгийн уналтаас болгоомжилж байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөөр байгаа нь голлох нөлөөг үзүүллээ.
- Япон улсын Ерөнхий сайд компаниудыг инфляцийн түвшингээс дээгүүр цалингийн түвшнийг нэмэхийг уриалав. Эдийн засгийн өсөлт багатай нөхцөлд өрхийн худалдан авах чадвар буурах эрсдэлтэй байгаа ба цалингийн хэмжээг инфляциас өндрөөр нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтийн үр дүнг дэмжих болно гэж мэдэгдлээ.
- Төв банкнаас эдийн засгаа тууштай дэмжиж пүүсүүдэд цалин нэмэх таатай нөхцөл байдлыг бий болгох нь зөв гэж үзэж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Хятад улсад онцлох үйл явдлууд өрнөж байна. Цар тахлын хатуу хязгаарлалтуудыг сулруулж байгаатай холбоотой Хятад улс 3 жилийн дараа анх удаа Хонконгтой хуурай газар болон далайн хилээ нээлээ.
- Мөн уналтанд ороод байгаа үл хөдлөх хөрөнгийн салбараа аврахын тулд Хятад тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлж байна.
- Бээжин хотод үл хөдлөх хөрөнгийн салбарт зээл авах хязгаарлалтыг зөөлрүүлэх талаар хэлэлцэж байна.
- Мөн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн шимтгэлийн дээд хэмжээг 2.0-2.5% интервалд байлгахаар төлөвлөж байна.
- Хятадын Ардын банк шинэ орон сууцны үнэ гурван сар дараалан унавал анх удаа орон сууц худалдан авах гэж буй хүмүүст бага ипотекийн зээлийн хүү санал болгоно гэж мэдэгдлээ.
- Ковидтой холбоотой хязгаарлалтуудыг сулруулж, хилээ нээж байгаа, мөн Хятад улсын эдийн засгийн бараг ¼-ийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарын бодлогод уг өөрчлөлт орж найдвар харагдаж эхэлсэнтэй холбоотой Хятадын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа.
Shanghai Composite Index 2.2%-аар, CSI 300 2.8%-аар өссөн нь өнгөрсөн долоо хоногт өндөр өсөлтийг үзүүлэв.
Сүүлийн долоо хоногт засгийн газар төсвийн зардлыг нэмэгдүүлэх уриалгыг эрчимжүүлж, интернет платформ, нүүрсний импорт зэрэг янз бүрийн салбарт баримтлах бодлогоо зөөлрүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийг нэн тэргүүнд тавихад анхаарч байгааг илэрхийлж байна. Тэгэхээр 2023 оны эхний 7 хоногт бодлого тодорхойлогчид эдийн засгийн өсөлтийг чухалчилж байгаатай холбоотой энэ онд Хятадын эдийн засаг 5-6% өсөлттэй байх, хувьцааны зах зээл бусад хүчирхэг орнуудтай харьцуулахад өндрөөр өсөх боломж гарч ирж магадгүй шинжээчдийн зүгээс таамаглаж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19