ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.27 - 2022.03.31
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,723.77 нэгжид хүрч, 1.92%-ийн бууралттай хаагдлаа.
- Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Үндэсний давхар даатгал” хаалттай ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэлээ.
- Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.2%-иар чангарч, 1 ам.доллар 3,518.1 төгрөгтэй тэнцлээ. Мөн БНХАУ-ын юанийн эсрэг 0.5%-иар чангарч, 1 юань 512.3 төгрөгтэй тэнцлээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг төрлөөр нь ангилбал үнэ цэнтэй (value) ангиллын хувьцаанууд өсөлттэй ангиллын хувьцаануудаас илүү өгөөжтэй байлаа. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өсөлттэй байхад эрчим хүчний түүхий эдийн үнэ өсөж, эрчим хүчний салбарын хувьцаануудын ханш өссөн нь гол нөлөөг үзүүллээ. WTI газрын тосны үнэ 7 хоногт 9% гаруйгаар өссөн юм. Өнгөрөгч 7 хоногт 2023 оны 1-р улирал хаагдсан ба 1-р улиралд S&P 500 индекс 7.0%, технологийн NASDAQ Composite индекс 16.8%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Silicon Valley Bank (SVB) болон Signature Bank-ны бүтэлгүйтэлтэй холбоотойгоор 3-р сарын эхэн үед банкны хувьцаанууд өндөр уналттай байсан билээ. Харин өнгөрөгч 7 хоногт банкны хувьцаанууд өсөлттэй байлаа. Үүнд, Пүрэв гарагт Байдены Засгийн газар дунд хэмжээний банкнууд буюу 100 тэрбум ам.доллароос 250 тэрбум ам.долларын хөрөнгөтэй банкнуудад зориулан шинэ зохицуулалтын багц хөтөлбөрийг танилцуулсан нь эергээр нөлөөллөө.
- АНУ-ын 2-р сарын хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) 4.6%-д хүрч бууралттай гарлаа. Шинжээчид уг индексийг 4.7%-д хүрнэ гэх таамагтай байсан бөгөөд таамгаас давж буурсан нь инфляцын түвшин бууралттай байна гэх дохиог хөрөнгө оруулагчдад төрүүллээ. Хувийн хэрэглээний зардлын индекс нь Холбооны Нөөцийн Сангийн инфляцын түвшний хэмжүүр болдог билээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Санхүүгийн салбарын тогтворгүй байдлын айдас багассанаар Европын хувьцаанууд 7 хоногт өндөр өсөлттэй байлаа. Их Британийн FTSE 100 индекс 7 хоногт 3.06%-иар өслөө.
- Евро бүсийн 3-р сарын инфляцын түвшин 8.5%-иас 6.9%-д хүрч буурлаа. Шинжээчид инфляцын түвшнийг 7.1%-д хүрч буурна гэх таамаглалтай байсан юм. Инфляцын түвшин шинжээчдийн таамгийг давж буурахад эрчим хүчний зардал буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч суурь инфляц буюу эрчим хүч болон хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 5.6%-иас 5.7%-д хүрч өссөн үзүүлэлттэй байна.
- Шинэчлэгдсэн мэдээллээр Их Британи нь 2022 онд эдийн засгийн хямралаас зайлсхийсэн нь тодорхой боллоо. Тодруулбал, тус улсын ДНБ 2022 оны 4-р улиралд шинэчлэгдсэн тооцооллоор 0.1%-ийн өсөлттэй гарлаа. ДНБ бага хэмжээгээр өсөлттэй гарахад Засгийн газраас эрчим хүчний төлбөрт татаас өгсөн нь эерэг нөлөө үзүүлсэн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. NIKKEI 225 индекс 2.4%, TOPIX индекс 2.5%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хувьцааны ханш өсөлттэй байхад банкны салбарын тодорхойгүй байдлын эрсдэл намжиж буй болон Токио хотын инфляцын түвшин бууралттай гарсан нь эерэг нөлөө үзүүллээ.
- Токио хотын суурь инфляцын түвшин 3-р сард 3.2%-д хүрч буурлаа. Инфляцын түвшин хэдийгээр буурсан хэдий ч уг үзүүлэлт нь зорилтот 2.0%-ийн түвшнээс өндөр үзүүлэлт хэвээр байна.
- Япон улсын төв банкны ерөнхийлөгчөөр шинээр томилогдож байгаа Kazuo Ueda 4-р сарын 9-д болох хурлаар Мөнгөний бодлогод тохируулга хийж магадгүй байна. Учир нь тус улсын инфляцын түвшин зорилтот түвшнээс өндөр байгаа юм.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарснаар тус улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.2%, CSI 300 индекс 0.6%-ийн тус тус өсөлттэй байлаа.
- Олон улсын валютын сан (IMF) БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийг 5.2% гэж таамаглаж байгаа бол дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.0%-иас доош хэмээн тооцоолоод байна. ОУВС БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1/3-ийг эзлэхийг төлөвтэй байгааг өнгөрөгч 7 хоногт онцоллоо.
- БНХАУ-ын 3-р сарын үйлдвэрлэлийн PMI 51.9, үйлдвэрлэлийн бус PMI 58.2-т тус тус хүрч өсөлттэй гарлаа. Тус улсын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд өсөлттэй гарсан нь 3-р сард цаг агаарын байдал сайжирч барилгын салбарын идэвхжил нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Барилгын салбарын идэвхжил нэмэгдэх нь үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт сайн гарахад шууд нөлөөлдөг билээ.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19