ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.04 - 2022.04.08
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 4.88% | 03/09/24 | 600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 4.73% | 05/01/23 | 800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 4.61% | 12/05/22 | 1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.02% | 12/25/23 | 300,000,000.00 |
5 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | 500,000,000.00 |
6 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 5.44% | 04/07/26 | 600,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 14,73% | 02/08/24 | 250,000,000.00 |
8 | MMC' 2024 | USD | 9.250% | 27.35% | 04/15/24 | 440,000,000.00 |
9 | Mongol 2027 | USD | 3.500% | 5.44% | 07/07/27 | 500,000,000.00 |
10 | Mongol 2031 | USD | 4.450% | 5.84% | 07/07/31 | 500,000,000.00 |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Хөрөнгө оруулагчид бодлогын хүү өснө гэсэн хүлээлттэй байгаатай холбоотойгоор зах зээлийн голлох индексүүд болон зах зээлийн үнэлгээ багатай (Small-cap) өсөлтийн хувьцаанууд уналттай байлаа. S&P 500 индексийн хувьд салбарын гүйцэтгэл харилцан адилгүй байсан бөгөөд ихэвчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд болон эрүүл мэндийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол харин харилцаа холбооны компаниуд болон энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьцаа уналттай байлаа.
- ХНС-ын 3-р сарын дундуур хуралдсан мөнгөний бодлогын хурлын протоколыг Лхагва гарагт нийтэлсний дараагаар хувьцааны ханш уналт үзүүллээ. Бодлого боловсруулагчид ирэх 5-р сард болох хурлаар бодлогын хүүг 50 суурь нэгжээр нэмэгдүүлэхэд бэлэн байгааг протоколд дурдсан байсан нь ханшийн уналтад голлох нөлөөллийг үзүүлсэн юм.
- 7 хоног тутмын ажилгүйдлийн тоо (jobless claims) 1968 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Тодруулбал ажилгүйдлийн тоо хэмжээ хүлээгдэж байснаас их бууралттай буюу 166,000 байсан нь 1968 оноос хойших хамгийн доод түвшин болоод байгаа юм. Нийлүүлэлтийн менежментийн хүрээлэнгийн үйлчилгээний газраас уг үзүүлэлтийг хүлээлтээс бага түвшинд гарсан хэдий ч үүнийг тун удалгүй тогтвортой хэмжээнд очно хэмээн харж байгаа байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Энэ долоо хоногт мөнгөний хатуу бодлого, инфляцын өсөлт болон ОХУ, Украины зөрчилдөөнтэй холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш тогтворгүй байлаа. STOXX Europe 600 индекс 0.57%, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.75%-аар тус тус өссөн бол Францын CAC 40 индекс 2.04%, Италийн FTSE MIB индекс 1.37%, ХБНГУ-ын Xetra DAX индекс 1.13%-аар тус тус буурсан байна.
- Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж АНУ-ын бодлогын хүүтэй зэрэгцэн өссөн байна. ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч, АНУ-ын ХНС-аас мөнгөний хумих бодлого баримтална гэх хүлээлт нь бондын зах зээлийн худалдан авалтад нөлөөлсөн юм. Европын Төв банкны (ECB) хурлын тэмдэглэлд мөнгөний хумих бодлого баримтлах талаар байсан нь өгөөж өсөхөд нөлөөлсөн байна.
- ОХУ болон Украины зөрчилдөөтэй холбоотойгоор Европын холбоо ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа аж. Тодруулбал ОХУ-ын олигархууд болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хоёр охины хөрөнгийг царцаах, ОХУ-ын нүүрсний импорт, шинэ машин механизмын экспортыг хориглох хүлээлттэй байгаа байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Японы хөрөнгийн зах зээлийн үндсэн индексүүд энэ 7 хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 2.46%, TOPIX индекс 2.44%-аар тус тус бууралттай байлаа. Хөрөнгийн зах зээл уналттай байхад АНУ-ын бодлогын хүүгийн өсөлтийн нөлөө ОХУ, Украины зөрчилдөөн, инфляцын түвшин зэрэг нь голлох нөлөөллүүдийг үзүүлээд байгаа юм.
- Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж энэ 7 хоногт 0.23% хүрсэн нь өмнө 7 хоногийн 0.21%-аас өсөлттэй үзүүлэлт байв. Иений ам.доллартой харьцах ханш 124.05 иен орчим болсон нь өмнө 7 хоногийн 122.51-ээс илүү буурсан үзүүлэлт болоод байна.
- Олон улсын валютын сангаас (ОУВС) 2022 оны Япон улсын эдийн засгийн өсөлтийг өмнөх оны мөн үеийнхээс 2.4% болгон 0.9%-аар бууруулаад байна. Японы засгийн газраас 2022 онд вакцинжуулалтын түвшин өндөр байж, засгийн газраас эдийн засгийг дэмжиж үүний үр дүнд эдийн засаг өсөлттэй байна төсөөлж байсан хэдий ч түүхий эдийн үнийн өсөлт болон ОХУ, Украины зөрчилдөөнтэй холбоотой тодорхойгүй нөхцөл байдлын нөлөөллийг тооцож эдийн засгийн 2022 оны өсөлтийг 3.3 хувь болгон бууруулаад байгаа юм.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) мөнгөний хумих бодлого явуулж, цаашид үргэлжлэх хүлээлт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дур сонирхлыг бууруулснаар БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байлаа. Shanghai Composite индекс 0.94%, CSI 300 индекс 1.08%-аар тус тус буурсан байна.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж энэ 7 хоногт 2.806% болсон нь өмнөх 7 хоногт 2.825% байсантай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. 7 хоногийн өмнө 1 ам.доллар 6.3476 юаньтай тэнцэж байсан бол энэ 7 хоногийн хаалтаар 6.3625 болж сулраад байна.
- Эдийн засгийн мэдээнд жижиг бизнесүүдэд чиглэсэн судалгаа болох Caixin үйлчилгээний худалдан авалтын менежерүүдийн индекс (Caixin Services Purchasing manager’s Index) 2-р сард 50.2 байсан бол 3-сард 42 болж буурсан нь тахал эхэлснээс хойших хамгийн доод түвшин болсон байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19