АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл, эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд болон компаниудын ашгийн үзүүлэлтүүд хувьцааны ханшийг өсгөж Dow Jones Industrial Average, S&P 500, Nasdaq Composite индексүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн долоо хоногт Dow Jones (DJIA) 1.42 хувь, S&P 500 индекс 2.00 хувь, Nasdaq Composite индекс 3.05 хувь, Russel 2000 индекс 6.09 хувь, S&P MidCap 400 индекс 3.97 хувиар тус тус өсжээ. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 1.67 хувь, Германы Xetra DAX индекс 2.33 хувь, Францын CAC 40 индекс 3.08 хувь, Италийн FTSE MIB индекс 3.42 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.25 хувиар тус тус өссөн байна. Энэхүү өсөлтөд компаниудын ашгийн үзүүлэлт болон Европын Төв банк бодлогын хүүг доогуур төвшинд барина гэсэн хүлээлт нөлөөлсөн байна. Мөн Английн төв банк бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь фунт ам.долларын эсрэг сулрахад хүргэжээ. Мөн Европын Төв банк 2022 онд бодлогын хүүг өсгөхгүй байж магадгүй гэж мэдэгдсэний дараа Европын голлох бондуудын өгөөж буурчээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Ерөнхий сайд Fumio Kishida-н эрх баригч Либерал ардчилсан нам (LDP) сонгуульд ялснаар Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 2.49 хувь, TOPIX индекс 2.01 хувиар тус тус өссөн байна. Одоо мөрдөгдөж буй бодлого хэвээр үлдэж, засгийн газар тогтвортой ажиллах нь хөрөнгө оруулагчдад урам зориг өгсөн байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон ковид-19-н тархалт улс орон даяар нэмэгдэж байгаа нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтад нөлөөллөө. CSI 300 индекс 1.4 хувь, Shanghai Composite индекс 1.6 хувиар тус тус унажээ. Хөл хорионы хязгаарлалтууд сүүлийн 3 сарын хугацаанд дээд хэмжээндээ хүрснээр хоол хүнс, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэд удаашрал үүсгээд байна.
|