{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР


Санхүүгийн зохицуулах хорооны “2022 оны 3 дугаар улирлын Үнэт цаасны зах зээлийн нэгдсэн тайлан”-г хураангуйлав.

Зах зээлийн үнэлгээ (ЗЗҮ)

2022 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.79 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.66 хувиар буурсан бөгөөд уг үзүүлэлт дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 11.13 хувийг эзэлж байгаа ажээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бүрдүүлж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нийт 181 компаниас 30 компанийн зах зээлийн үнэлгээ зах зээлийн үнэлгээний 93.03 хувийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Хөрвөх чадвар

Дэлхийн банкнаас гаргасан үзүүлэлтээр 2020 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын багтдаг ангилал буюу дунджаас бага орлоготой орнуудын хөрвөх чадварын үзүүлэлт 53.6 хувь байгаа 1 бол өндөр орлоготой орнуудын хөрвөх чадварын үзүүлэлт 2020 оны жилийн эцсийн байдлаар 98.6 хувь байна.

Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.06 функтээр буурч, 2.69 хувьд хүрсэн бөгөөд уг үзүүлэлт буурахад хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ 57.18 тэрбум төгрөгөөр буюу 30.72 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Үнэт цаасны зах зээлийн индексүүд

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д ТОП-20, MSE-A, MSE-B гэсэн гурван төрлийн хувьцааны үнийн индексүүдийг тооцон гаргадаг билээ. Зах зээлийн үнэлгээ болон хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг нэр бүхий 20 компаниас бүрдэж буй ТОП-20 индексийн дээд үзүүлэлт тайлант хугацааны байдлаар 36,033.30 нэгж, доод үзүүлэлт 32,836.01 нэгж, дундаж үзүүлэлт 34,568.58 нэгж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,913.00 нэгжээр буюу 20.76 хувиар буурч, 34,024.26 нэгж болсон байна. Үүнд хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй “АПУ”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Говь” зэрэг ТОП-20 индексийг бүрдүүлэгч дийлэнх компаниудын хувьцааны үнэ оны эхнээс буурсантай холбоотой юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-аас 2018 онд үнэт цаасны бүртгэлийн I, II ангилалд багтсан компаниудын хамаарах MSE-A болон MSE-B индексийг тооцон гаргадаг болсон билээ. MSE-A индексийн дээд үзүүлэлт тайлант хугацааны байдлаар 13,654.82 нэгж, доод үзүүлэлт 12,098.54 нэгж, дундаж үзүүлэлт 12,800.31 нэгж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,861.85 нэгжээр буюу 13.32 хувиар буурч, 12,117.66 нэгж болсон байна.

Харин MSE-B индексийн дээд үзүүлэлт 12,315.82 нэгж, доод үзүүлэлт 11,397.98 нэгж, дундаж үзүүлэлт 11,918.03 нэгж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 376.37 нэгжээр буюу 3.06 хувиар буурч, 11,921.15 нэгж болсон байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Үнэт цаасны нийлүүлэлт

Тайлант хугацаанд нийт 328.44 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад өмнөх онуудад зөвхөн хувьцаа, өрийн хэрэгсэл, ЗГҮЦ гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн арилжаалагддаг байсан бол 2020 онд анх удаа хамтын хөрөнгө оруулалтын сан, 2021 оны 1 дүгээр улиралд хамгийн анхны нийтэд санал болгон гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас амжилттай арилжаалагдсан билээ.

Мөн, 2022 оны хагас жилийн байдлаар хувьцааны арилжаа түлхүү явагдсан бөгөөд нийт үнэт цаасны арилжааны 45.81 хувийг хувьцаа, 32.01 хувийг компанийн өрийн хэрэгсэл, 21.23 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.96 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Нийт үнэт цаасны арилжааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.49 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Үнэт цаасны эрэлт

Тайлант хугацаанд нийт арилжаанд дотоодын иргэний хийсэн арилжаа 52.88 хувь, дотоодын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 43.73 хувьд, гадаадын иргэний хийсэн арилжаа 2.18 хувь, гадаадын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 1.20 хувийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Биржийн бус зах зээл

2020 онд Санхүүгийн зохицуулах хороо нь биржийн бус зах зээлийн зохицуулалтыг орчныг тодорхой болгох зорилгоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан билээ. Биржийн бус зах зээл нь биржийн зах зээлтэй харьцуулахад мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцдог онцлогтой бөгөөд энэ нь үнэт цаас гаргах гэж буй компаниудад тавигдах шалгуур нь харьцангуй бага байх, үнэт цаас гаргах цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон давуу талыг олгож байна.

Мөн, Инновацийн тухай хуулийн 121 дэх заалтын дагуу “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан бөгөөд цаашид гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгон гаргах боломжтой болсон билээ.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс 2022 оны 3 дугаар улирлын байдлаар биржийн бус зах зээлд нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.66 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news