АНХНЫ ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ “ЕRDENE RESOURCE DEVELOPMENT” АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн “Еrdene Resource Development” анхдагч зах зээлийн захиалгаа авч эхэллээ. Тус компанийн үндсэн андеррайтераар “БиДиСек” ҮЦК, туслах андеррайтерааар "Голомт Капитал ҮЦХ" ХХК ажиллаж байна.
“Еrdene Resource Development” компани үнэт цаасны захиалгыг зургаадугаар сарын 14-ний 15:00 цаг хүртэл хүлээн авч, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэн, олон нийтэд 3.89 сая ширхэг хувьцаа худалдан, 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Тус компани Монголд хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд үүнээс “Алтан нар”, “Баян хөндий” төслүүдээ хайгуулаас олборлолтын шат руу шилжүүлж байгаа аж. Энэ оны эцэс гэхэд хайгуулын ажлаа эхлэх төлөвтэй байгаа талаараа “Еrdene Resource Development” компани мэдээлсэн юм. "Олон улсад алтны хайгуулын компаниудын хувьцааны ханш мөчлөгийн шинжтэйгээр буурч байгаа" гэдгийг дээрх компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Петер Акерлей мэдэгдсэн байна.
“Еrdene Resource Development” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид энэ он гарснаас хойш 38 хувиар буураад байсан юм. Харин Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлснээс хойш Торонтогийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь 7.37 хувиар өсөж, 0.36 канад доллар болсон байна.
Эх сурвалж: BloombergTv.mn