{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Мөнгө угаах терроризмын эсрэг бодлого


МӨНГӨ УГААХ ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх (цаашид “МУТС” гэх)-тэй тэмцэх бодлогын зорилго нь МУТС-тэй тэмцэхэд эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг тодорхойлоход оршино.
  2. Энэхүү бодлого нь компанийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөртэй нийцсэн байна.
  3. Компани нь дотоодын болон олон улсын зохицуулагч байгууллагуудын зөвлөмж, стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэгжүүлнэ. 
  4. Компанийн бүх ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ тус бодлогыг хэрэгжүүлж мөрдөн ажиллана. 

Хоёр. Баримтлах зарчим

  1. Компани үндсэн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
    1. Компани үйл ажиллагаандаа МУТС-ээс зайлсхийж, оролцохгүй байна.
    2. Компанийн МУТС-тэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөр, бодлого, журмын хэрэгжилтийг хариуцан, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажилтан нь комплайнсын ажилтан байна. Комплайнсын ажилтан нь Гүйцэтгэх захиралд ажлаа шууд тайлагнаж ажиллана. 
    3. МУТС-тэй тэмцэх бодлого, журам, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах анхан шатны нэгж нь ахлах брокер, брокер, хөрөнгө баялгийн менежер, зах зээлийн шинжээч   байх бөгөөд анхан шатны эрсдэл хариуцагч байна. 
    4. МУТС-тэй тэмцэх бодлого, журам, хөтөлбөрийн хоёр дахь шатны хяналтыг хэрэгжүүлэгч нь комплайнсын ажилтан байна. 
    5. Комплайнсын ажилтан нь компанийн шийдвэр гаргалтад шууд оролцохгүй ба бие даасан хараат бус байдлаар МУТС эрсдэлийн үнэлгээг хийж, дүгнэлт гаргаж эрсдэл бууруулах арга замыг зөвлөж ажиллана. Үйл ажиллагаа, хяналтын цар хүрээнээс хамааран эрсдэлийн удирдлагын хэлтэс, хуулийн хэлтэстэй хамтран ажиллаж болно.
    6. Комплайнсын ажилтан нь харилцагчтай шууд харилцахгүй ба брокероор дамжуулан харилцагчаас нэмэлт мэдээллийг гаргуулан авна.
    7. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, төрийн болон олон улсын холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээнд орсон хувь хүн, хуулийн этгээдтэй санхүүгийн харилцаа үүсгэхгүй байна.
    8. Компани харилцагчийг таньж мэдэх, гүйлгээг таньж мэдэх ажиллагааны хүрээнд шаардсан баримтыг өгөхөөс татгалзсан харилцагчид үйлчилгээ үзүүлэхгүй байна.

Гурав. Эрсдэлийн үнэлгээ

  1. Компани нь МУТС эрсдэлийн үнэлгээг 3 хэсэгт авч үзнэ. Үүнд:
  2. Харилцагчийн эрсдэлийн үнэлгээ
  3. Газарзүйн байршлийн эрсдэлийн үнэлгээ
  4. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээгдэхүүний сувгийн эрсдэлийн үнэлгээ
  5. Компани нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх болон шинэ харилцагчидтай бизнесийн харилцаа үүсгэх үед МУТС эрсдэлийг тодорхойлно.

Дөрөв. Харилцагчийг таньж мэдэх

  1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх-тэй тэмцэх тухай хуулийн дагуу дараах тохиолдолд харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй. Үүнд
    1. Бизнесийн харилцаа үүсгэхийн өмнө;
    2. Дансгүй эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхэд;
    3. Харилцагчийн 24 цагийн дотор хийсэн, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь 20 сая төгрөгөөс бага боловч нийт дүн нь тус дүнгээс дээш бол;
    4. Харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийн үнэн зөв эсэхэд эргэлзсэн тохиолдолд;
    5. Тухайн харилцагч, тухайн гүйлгээг МУТС үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэсэн тохиолдолд;
  2. Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг харилцагчийн онцлогоос хамааран дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд 
    1. Стандарт таньж мэдэх үйл ажиллагаа 
    2. Тусгайлан хянах буюу нарийвчлан таньж мэдэх үйл ажиллагаа
  3. Компани харилцагчаар бүртгэхдээ харилцагчийн хангалттай мэдээллийг цуглуулсны үндсэнд харилцагчаар хүлээн зөвшөөрч данс нээнэ. Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд харилцагчийн мэдээллийг тогтмол хугацааны давтамжтай шинэчлэх тухай харилцагчид мэдэгдэх үүрэгтэй. 
  4.  Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хуулийн этгээдийн хувьд компанийн дотооддоо ашигладаг эцсийн өмчлөгчийн мэдээлэл маягтыг бүрэн бөглүүлж, мэдээллийн үнэн бодит байдлыг нээлттэй эх сурвалжаас шалгаж баталгаажуулна. Мөн хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээний хуулбар, эрх бүхий этгээдийн мэдээлэл, баталгаат гарын үсэг, компанийн тамга тэмдэг даруулж, анкет дээрх бусад мэдээллийг бүрэн бөглүүлж авна. Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоос хамааран бусад шаардлагатай мэдээллийг харилцагчаас гаргуулан авч болно. 
  5. Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол улсын иргэний хувьд иргэний үнэмлэх, баталгаат гарын үсэг, харилцагчийн зургийг авах ба анкет дээрх мэдээллийг бүрэн бөглүүлж авна.
  6. Харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадаад улсын иргэний хувьд гадаад паспорт, монголд оршин суух үнэмлэхтэй бол үнэмлэхийн хуулбар, гарын үсэг, харилцагчийн зургийг авах ба анкет дээрх мэдээллийг бүрэн бөглүүлж авна.
  7. Харилцагч өөрийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд компанийн “Нэмэлт үйлчилгээ авах болон мэдээлэл шинэчлэх хүсэлт”-ийн маягтаар болон онлайнаар өөрийн эрхээр нэвтрэн боломжит мэдээллийг шинэчилнэ.
  8. Улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй гэж үнэлэн тусгайлан хяналт тавина.

Тав. Тусгайлан хяналт тавих үйл ажиллагаа, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх

  1. Олон улсын хориг арга хэмжээний жагсаалтад орсон иргэн болон байгууллагатай бизнесийн харилцаа үүсгэхийг хориглоно.
  2. Компанийн тодорхойлсон эрсдэлтэй байж болзошгүй улс орны жагсаалтад орсон улсуудын иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ “Компанийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны журам”-ын хавсралт 1-ээр  батлагдсан маягтын дагуу Гүйцэтгэх захирлын зөвшөөрлийг авсан байна. 
  3. Компани нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.1.1-6.1.4 дэх заалтад тусгасан гүйлгээнд тусгайлан хяналт тавих үүрэгтэй. 
  4.  Тусгай хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлж, хянах зорилгоор дотоод арилжааны системд шаардлагатай тайлангуудыг загварын дагуу гаргаж авдаг байна. 
  5. Тусгайлан хяналт тавих шаардлагатай харилцагч өндөр дүнтэй гүйлгээ болон өндөр дүнтэй арилжаа хийх үед комплайнсын ажилтан тэмдэглэл хөтлөн 5-аас дээш удаа сэжигтэй үйлдэл ажиглагдсан гэж үзсэн тохиолдолд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээллэнэ.
  6. Үнэт цаас зуучлалын хэлтсийн ажилтнууд сэжигтэй гэж үзсэн гүйлгээ, хөрөнгө,  харилцагчдыг мэйлээр эсвэл нэгтгэсэн тайлан хэлбэрээр комплайнсын ажилтанд тухай бүр өгөх бөгөөд комплайнсын ажилтан мэдээлэл хүлээн авсан үеэс эхлэн ажлын 3 өдөрт багтаан шалгаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. 

Зургаа. Зохицуулагч байгууллагад тайлан мэдээ илгээх

  1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Монголбанкны баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудад дурдсан тайлангуудыг хуулийн хугацаанд мэдээлнэ.
  2. Компани нь сэжигтэй гүйлгээ, харилцагчийн талаар мэдээлэл хүргүүлж буй ажилтны аюулгүй байдал болон мэдээллийн нууцлалыг хангасан байна.

Долоо. Сургалт, баримт материал, мэдээллийн нууцлал

  1. Компани нь МУТС-тэй тэмцэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор ажилтнуудад сургалт зохион байгуулах, хамруулах ажлыг зохион байгуулж болно.
  2. МУТС-тэй тэмцэх тухай шинэ ажилтны сургалтыг компанийн дотоод сургалтын хөтөлбөрт оруулж зохион байгуулах ба шаардлагатай тохиолдолд гуравдагч байгууллагын мэргэшсэн сургалтанд хамруулах байдлаар зохион байгуулна. 
  3. Харилцагчийг таньж мэдэх ажиллагаатай холбоотой цуглуулсан баримт, материал, мэдээ, тайлан зэргийг хууль, журамд нийцүүлэн 5 жилээс доошгүй хугацаанд хадгална.
  4. Ажилтан холбогдох хууль, журмын дагуу, сэжигтэй гүйлгээ, харилцагчийн талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлсэн талаар харилцагчид өөрт нь болон эрх бүхий албан тушаалтнаас бусад гуравдагч этгээдэд мэдээллэхийг хориглох ба энэ тухай мэдээллэсэн нь мэдээллийн нууц задруулсан гэж үзэхгүй болно. 
Хуваалцах