АПУ ХК 24.87 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ НЭГЖ ХУВЬЦААНДАА 23.4 ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй АПУ компанийн цэвэр ашиг 2017 онд 24.87 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 8.7 дахин өслөө. Харин борлуулалтын орлого нь 12.8 хувиар өссөн гэж санхүүгийн тайландаа тусгажээ. Тайланг харвал 2016 онд гадаад валютын ханшийн зөрүүнээс 26.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол 2017 онд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин ерөнхий ба удирдлагын зардал жилийн дүнгээр зургаан тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тус компани цэвэр ашгийнхаа 42.8 хувийг буюу нийт 10.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болсноо энэ оны хоёрдугаар сард зарласан байна. Энэ нь тус компанийн хувьцаа эзэмшигчдэдээ олгож байгаа хамгийн их хэмжээний ногдол ашиг болж байгаа юм.
АПУ компанийн хувьцааны ханш “Heineken International”-тэй нэгдэн, нийлэх хэлцэл батлагдсанаас хойш өнөөг хүртэл 28.5 хувиар унаад байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Ингэснээр нэгж хувьцаа нь хамгийн сүүлийн байдлаар 648 төгрөг болсон байна. Нэгдэн нийлэх үйл ажиллагааны бэлтгэл хоёр жил үргэлжилжээ. Улмаар 2017 оны наймдугаар сард АПУ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас дэмжиж, аравдугаар сард Монголын Хөрөнгийн бирж зөвшөөрөл гаргаж, 11 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрснөөр АПУ ХК-ийн үнэт цаасанд өөрчлөлт орсон байна.
Дэлхийн 70 гаруй оронд 165 үйлдвэртэй “Heineken” компани АПУ компанийн хувьцааны 25 хувийг эзэмшиж байгаа юм. Энэхүү хэлцлийн дүнд АПУ компани экспортоо тэлж, олон улсын зах зээлд гарах боломж бүрдэнэ гэж таамаглаж байгаагаа мэдэгдэж байсан юм. Мөн энэ нь "Шингэн хүнс үйлдвэрлэлийн шилдэг ноу-хауг нэвтрүүлж, үйл ажиллагааны ашигт байдлыг сайжруулна" гэж АПУ компани мэдэгдэлдээ дурдаж байв.
Эх сурвалж: BloombergTv.mn