БЛЮ СКАЙ КАШЕМИР: СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 80 ХУВИЙГ ЭКСПОРТОЛДОГ
Дотоодын тансаг брэндүүд намар өвлийн хувцасны коллекциудаа танилцуулж эхлээд байна. Салбарын компаниудын мэдээлснээр борлуулалт болон үйлдвэрлэл жил ирэх тусам тасралтгүй нэмэгдэж байгаа аж.
Үүнд монголчууд үндэсний хувцас, үйлдвэрлэлээ илүү дэмжиж өдөр тутамдаа хэрэглэх хандлага нэмэгдсэн нь нөлөөлж байгааг “Goyo”, “Blue Sky Cashmere” зэрэг компаниуд онцолсон юм. Тухайлбал, “Goyo” брэнд дээрх чиг хандлага, хэрэглэгчдийн сонирхолд тулгуурлан бүх насныханд зориулсан өдөр тутамдаа илүү хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг шинэ коллекцдоо оруулжээ. Тус брэндийн намар, өвлийн коллекц нийт 110 төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж байна.
Өнгөрсөн есөн сарын хугацаанд 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа “Гоёо” брэндийн үйлдвэрлэлийн хүчин чадал өнгөрсөн жилээс тав дахин нэмэгдсэн байна. Шинэ салбараа ноолуурын хамгийн том дэлгүүр гэгдэх “Gallery”-д нээгээд байгаа тус брэнд сүүлд мөн Хонгконгт салбар дэлгүүрээ нээжээ.
Сүлжмэл бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолдог “Blue Sky Cashmere” экспортын зах зээлээ илүү тэлэхийг зорьж байгаагаа мэдээллээ. Одоогоор Норвег, Канад, Швед, Япон зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог. Цаашид АНУ, Азийн орнуудад салбар дэлгүүрээ нээхээр судалж байгаа юм байна. Борлуулалтын орлого нь өнгөрсөн жилийн мөн үеэс хоёр дахин нэмэгдээд байгаа тус брэнд намрын коллекцдоо илүү натурал, байгалийн өнгийг түлхүү оруулсан талаараа мэдээллээ. Тус компани 2016 онд ашиглалтад оруулсан нэхэх үйлдвэртээ шааль, даавуу, драп, нэхмэл хөнжил зэргийг үйлдвэрлэж байна.
Үндэсний хувцас үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Mon Couture” брэндийн хувьд байгуулагдсан цагаасаа эхлээд дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэл болон борлуулалт тогтмол 10 орчим хувиар нэмэгдсэн байна. Тус брэнд хурим найрын саруудтай уялдуулж намрын коллекцдоо олон төрлийн чимэглэл ашигласан байна.
Эх сурвалж: BloombergTv.mn