БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ИМПОРТ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА ГЭЖ "WOOD MACKENZIE" ТААМАГЛАЛАА
БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт 2019 онд өнгөрсөн жилийнхээс зургаан сая тонноор буурч, 186 сая тонн болж магадгүй гэж “Wood Mackenzie” таамаглаж байна. Тус улсын Засгийн газар нүүрсний олборлолт, импортод тавих хяналтаа үргэлжлүүлэн чангатгах төлөвтэй гэдгийг онцолсон байна. Тодорхойгүй нөхцөл байдлын улмаас 2019 онд эрчим хүчний нүүрсний ханш нэлээд савлана гэж таамаглажээ. Мөн нүүрсний уурхайд дахин осол гарсантай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид уурхайнуудад тавих аюулгүй ажиллагааны стандартаа чангатгаснаар зарим уурхайг хааж, нийт гарцад нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа аж. Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн орнуудын эрэлтээс хамаарч далайгаар тээвэрлэж байгаа нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байна. Хэдий тийм боловч энэ нь БНХАУ, Европын зах зээл саарсан, мөн Япон, БНСУ, Тайванийн эрэлт төдийлөн нэмэгдэхээргүй байгаа энэ орон зайг нөхөхүйц байж чадахгүй гэж “Wood Mackenzie” таамаглалаа.
Мөн гангийн үйлдвэрүүдийн ашиг буурах төлөвтэй байгаагаас шалтгаалаад металлургийн нүүрсний ханш төдийлөн хэлбэлзэхгүй гэж харж байна. Ханш харьцангуй тогтвортой байх нь БНХАУ-ын нүүрсний компаниуд хүчин чадлаа хязгаарлаж байгаа энэ үед тэдэнд ашигтайгаар тусна гэж тооцоолж байгаа аж. Нийлүүлэгчдийн зүгээс 2019 онд далайгаар тээвэрлэх нүүрсний экспортоо 20 сая тонноор нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэдгийг дурджээ.
Эх сурвалж: BloombergTv.mn