"ДАРХАН НЭХИЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 38 ХУВИАР ӨСЖЭЭ
МХБ-д бүртгэлтэй "Дархан нэхий" ХК-ийн борлуулалтын орлого 2017 онд 38 хувиар өсөж, 19.1 тэрбум төгрөг боллоо. Компани 2017 онд үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн боловч зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үнээ бууруулсан учраас ашиг нь буурсан гэдгийг Гүйцэтгэх захирал Э.Батсайхан онцолсон. 2017 оны эцэс гэхэд компанийн цэвэр ашиг өмнөх оныхоос 42 хувиар буурч, 1.08 тэрбум төгрөг болсон байна. Компанийн санхүүгийн тайланг харвал 2017 онд ерөнхий ба удирдлагын зардал хоёр дахин өсөж, 1.29 тэрбум төгрөг болсон нь онцлох өөрчлөлт байлаа. Өмнөх жилүүдэд "Дархан нэхий" ХК-ийн борлуулалтын 50-60 хувийг экспорт бүрдүүлж байсан бол 2017 онд энэ нь 30 гаруй хувь болж буурсан гэдгийг компани мэдээлсэн. Одоогоор компани Тайланд, Итали, Нидерланд руу бүтээгдэхүүнээ экспортолж буй. Харин 2018 онд экспортын зах зээлээ тэлж Европын орнууд мөн БНХАУ, ОХУ руу экспорт хийхээр зорьж байна. Үүнийгээ дагаад борлуулалт дахь экспортын хувь хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж тооцож байна. МХБ-д "Дархан нэхий" ХК-ийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10 гаруй хувиар өссөн. Өнөөдрийн байдлаар нэгж хувьцаа нь 21 мянга 500 төгрөгөөр арилжигдаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард оргил цэгтээ буюу 26 мянган төгрөгт хүрч байсан. Одоогоор зах зээлийн үнэлгээ нь 23.7 тэрбум төгрөг байна.
Эх сурвалж: BloombergTv.mn