ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ДНБ-ИЙ 9 ХУВЬТАЙ ТЭНЦЛЭЭ
Дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2018 оны эцэст хоёр их наяд 510 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 2.9 хувиар өсөөд байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувьтай тэнцэх болсныг Санхүүгийн зохицуулах хороо онцоллоо. Үүнд “Топ 20” индекс 2.7 хувиар өсөхөөс гадна дотоодын хөрөнгийн захад олон шинэ бүтээгдэхүүн гарсан нь голлох нөлөө үзүүлжээ.
2017 онд “Топ 20” индекс 70 орчим хувиар өссөнтэй харьцуулахад 2018 онд гол индекс үл ялиг дээшилсэн байна. Харин 2018 онд дөрвөн компани IPO гаргаж, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг компанийг дотооддоо давхар бүртгэж, нэг компани нэмж хувьцаа гаргасан юм. Эдгээр компаниуд дотоодын хөрөнгийн захаас нийт 30 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр зах зээлийн үнэлгээг өргөжээ. Мөн зах зээлд шинээр гарсан эдгээр зургаан бүтээгдэхүүний дөрвийнх нь ханш 2018 оны эцсийн байдлаар нэрлэсэн үнээсээ өсөөд байсан юм.
Монголын Хөрөнгийн бирж 2018 онд дотоодын компанийг бүртгэлээс хассан бол эдгээр компаниудын дийлэнх нь арилжааны идэвх сул, үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниуд байжээ. 2018 онд хөрөнгийн зах зээлд олон шинэ амжилт тогтоосны нэг нь хувьцааны арилжааны идэвх нэмэгдсэн явдал байлаа. Тоогоор илэрхийлбэл 210 тэрбум төгрөгт хүрч өссөн нь урд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь хувьцааны хөрвөх чадварын үзүүлэлтэд огцом өөрчлөлт авчирсан байна. Өөрөөр хэлбэл 2018 онд хөрвөх чадвар 8.4 хувьд хүрч, 2017 оныхоос 5.2 пунктээр өсчээ.
Эх сурвалж: BloombergTv.mn