{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЭРДСИЙН ЭКСПОРТ 3 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЭРДСИЙН ЭКСПОРТ 3 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ


Related imageЭнэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.6 тэрбум доллар, импорт 2.7 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт бараа эргэлтийн үзүүлэлттэй харьцуулахад 26%, экспорт 15.3%, импорт 43.4%-иар тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гадаад худалдаа эхний хагаст 822.2 сая ам.долларын ашигтай гарсан ч уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 30.4%-иар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 472.1 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 34.1 сая ам.доллараар нэмэгдсэн нь улсын нийт экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 834.6 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 152.9 сая ам.доллар, энэ дотроо дизелийн түлш 59.4 сая ам.доллар, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 176.8 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 189.5 сая ам.доллар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 127.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Оны эхний хагас жилийн байдлаар эрдсийн экспорт мөнгөн дүнгээр 3 тэрбум 27 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18.5%-иар өссөн дүнтэй гарлаа. Энэ дундаа нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 10%-ийн өсөлтийг харуулж байгаа юм. Нүүрсний экспортын биет хэмжээ мөн хугацаанд 18.27 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс  4.6%-иар буурсан дүнтэй гарсан байна. Сарын дүнгээр өнгөрсөн зургаадугаар сард 3.96 орчим сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх тавдугаар сарынхтай харьцуулахад ялимгүй буурсан дүн юм.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний хагаст 733.7 мянган тонныг гадагш нийлүүлж 1 тэрбум 14 сая ам.долларын мөнгөн орлого олсон байна. Энэ нь зэсийн баяжмалын экспорт биет жингээр өмнөх оны мөн үеийнхтэй бараг адил түвшинд, харин орлогын түвшин 32.6%-иар дээшилсэн гэсэн үг. Харин боловсруулсан цэвэр зэсийн экспортын хувьд мөн хугацаанд жингээр 6964.3 тонн, мөнгөн дүнгээр 46.75 сая ам.долларт хүрсэн нь биет жингийн хувьд 16.8%-иар буурсан бол орлогын дүн 0.5%-иар өссөн дүнтэй гарав.

Боловсруулаагүй газрын тосны салбарын хувьд 3.3 сая орчим баррелийг экспортолж, 212.4 сая ам.долларын орлоготой ажилласан дүнтэйгээр оны эхний хагасыг үдэж байна. Энэхүү үр дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 11.3%-иар буурсан боловч орлогын дүн нь 16.7%-иар өссөн гэсэн үг.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны тухайд 3.4 тонныг экспортолж 144.5 сая ам.долларын орлогын дүнгийн биелэлттэй гарлаа. Энэ нь жингийн хувьд 23.2%-иар, орлого нь 19.8%-иар тус тус буурсан үзүүлэлт юм. Гэхдээ Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ оны эхний хагас жилийн байдлаар 7.1 тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 6%-иар өссөн дүнг харуулж байна.

Төмрийн хүдрийн экспортын тухайд оны эхний хагаст 3.37 сая тоннд хүрч, 156.1 сая ам.долларт хүрсэн нь биет жингээр 23.1%-иар өссөн ч орлогын дүн нь 3.6%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 61.6 мянган тоннд хүрч, орлогын дүн нь 108 мянга орчим сая долларт хүрчээ. Цайрын экспорт ийнхүү жингээр 6.7%-иар, орлогын дүн нь 24.9%-иар тус тус өсөв.

Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд оны эхний хагас жилийн байдлаар 196 мянган тонныг гадагш нийлүүлж, 64.3 сая ам.доллар олсон нь биет жингээр 37.4%, орлогын дүнгээр 87.2%-иар тус тус өссөн дүнтэй гарлаа.

Молибденийн баяжмалын экспорт хагас жилийн байдлаар 2.8 мянган тоннд хүрч, 22.5 сая ам.доллартай тэнцсэн нь биет жингээр 5.5%-иар буурсан ч, үнийн дүнгийн хувьд 36.9%-иар нэмэгдсэн дүнг илтгэлээ.

Хар тугалганы худалдааны хувьд 10.2 мянган тоннд хүрч, 26.4 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 36.4%-иар, орлогын хувьд 35%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа.

Гянтболдын экспорт  оны эхний хагаст 198.3 тоннд хүрч, 2.2 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 10.9%, орлогын дүн 43.8%-иар дээшилсэн дүн болж байна.


Эх сурвалж: MongolianMiningJournal.com 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news