{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ГЕОПОЛИТИКИЙН АСУУДАЛ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

ГЕОПОЛИТИКИЙН АСУУДАЛ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?


ГЕОПОЛИТИКИЙН АСУУДАЛ БА ХУДАЛДААНЫ ЭДИЙН ЗАСАГ

Хятадын зүгээс цэргийн сургуулилтийг өндөрлүүлснээр түр зуурын нам жим нөхцөл байдал бий болсон ч Хятад, Тайваны асуудал олон жилийн турш үргэлжилж буй  “ярвигтай” асуудал тул тийм ч амар шийдэгдэхгүй болов уу.  Тийм ч учраас тохиолдох магадлалтай олон таамаглалуудыг судлан, аливаа үйл явдалд тодорхой хариу үйлдэл үзүүлэх стратегитай байх нь хөрөнгө оруулагчийн хувьд ч тэр, улс орны хувьд ч тэр зүйн хэрэг билээ.

Хятад улс болон Тайваны эрх ашгийг хамгаалж буй АНУ хоёр нь угаас дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсууд юм. Тэгвэл чухам хэр том бэ? Хэр их нөлөөллийг бусад улсын эдийн засагт үзүүлэх вэ? Үүний  нөлөөллийг баримжаалахын   тулд дэлхийн худалдааны эдийн засгийг харж үзье.

2021 онд АНУ дэлхийн зах зээлд 2.5 триллион долларын экспорт хийж, 3.4 триллион долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг импортолжээ. Үүнээс Хятад улсруу экспортлосон нийт дүн нь 7.6% буюу 190 тэрбум доллартай тэнцэж байна. Харин хятадаас импортлосон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дүн 15.3%-тай тэнцэж байна. Нэг улсын экспорт нөгөө улсынхаа импорт болдог.

Үүнээс харахад энэ 2 том гүрэн маань олон улсын худалдааны тавцанд бие биеэсээ нэлээдгүй хэмжээгээр хамааралтай, бүр тодруулбал 7-15%-ийн хамааралтай болж таарах нь. Хориг арга хэмжээ даамжирвал Хятад экспортын зах зээлийнхээ 15%-ийг алдах эрсдэлтэй бол АНУ энэ хэмжээний бараа үйлчилгээг өөр улсаас худалдан авах, хайх хэрэгцээ үүснэ гэсэн үг юм.

Тэгэхээр АНУ-ын хувьд Хятад-с хамгийн ихээр худалдан авч буй зүйл нь үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн болон спорт хэрэглэлүүд орж байна. Иймд Хятадад эдийн засгийн хориг тавигдахаас үүдэн эдгээр бараануудын нийлүүлэлт АНУ болон дэлхийн зах зээлд огцом буурч, эрэлт өссөнөөр үнэ өсөх суурь шалтгаан болох магадлалтай. Харин Хятадын хувьд АНУ-с худалдан авч байгаа бараа үйлчилгээнээс хамгийн өндөр хувийг нисэх онгоц, автомашин, буурцаг, микрочип эзэлж байна. Иймд эдгээр бараа үйлчилгээг худалдан авдаг хамгийн том зах зээл нь үгүй болсноор богино хугацаанд нийлүүлэлтийн илүүдэл үүссэнээр, үнэ буурах магадлалтай гэж харж байна.

ТАЙВАН ЯАГААД ХЯТАДЫН БАЙ БОЛЖ БАЙГАА ВЭ?

Тайвань улсын “Taiwan semiconducter Manufacturing Company” буюу TSMC нь дэлхийн хагас дамжуулагч, чипний зах зээлийн 53%-ийг дангаар хангадаг дэлхийн томоохон үйлдвэрлэгч билээ. Өөрөөр хэлбэл бидний ашигладаг гар утас, нөүтбүүк, автомашин, цаашлаад хиймэл оюун ухааны технологид чип, хагас дамжуулагч нь гол хэрэгсэл болон ашиглагддаг учраас стратегийн салбар гэж хэлэгддэг гэж ойлгож болно. Тийм ч учраас Хятад, АНУ зэрэг томоохон гүрнүүд энэ салбартаа асар их хөрөнгө оруулалт хийж байна. Учир нь чипний хамаарал Тайван улсаас дэндүү их хамаарч байгаад Европын улс орнуудаас эхлээд дэлхийн хөгжингүй орнууд бүгд санаагаа чилээдэг билээ.

Хятад улс нь Тайванийг өөрийн эзэмшилд, эрхшээлд байлгах сонирхолтой байгаагийн хамгийн гол шалтгаалан бол хагас дамжуулагчийн салбарыг нь хяналтандаа авах, технологи, ноу хау-г өөрсдийн болгох зорилготой хэмээн шинжээчид үзэж байгаа билээ.  Хятад хэрэв Тайваныг эзэлвэл хагас дамжуулагчийн салбарт маш том өөрчлөлт ирэх бөгөөд сүүлийн жилүүдэд технологи болон борлуулалт талаасаа толгой цохиж байгаа Өмнөд Солонгос улсруу үйлдвэрлэлийн дийлэнх хувь шилжих боломжтой харагдаж байна. Мэдээж Хятад болон АНУ-ын зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдэх ч Солонгос улсынх илүү хурдтай байхаар таамаглалууд гарч байна. Үүнийг Солонгосын “Samsung” корпорац АНУ-ын хамгийн том чип үйлдвэрлэгч “Intel” корпорацыг борлуулалтын орлогоороо 2022 оны эхний хагаст гүйцэж түрүүлснээс харж болох юм. Энэхүү үйл явдлаас боломжит харж болох тодорхой зүйл нь угаас хомсдолтой байгаа чипний зах зээл богино хугацаанд улам хомсдолд орно гэдэг ойлгомжтой. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлд Тайванаас бусад улсуудын чип үйлдвэрлэгч компаниудын хувьцаа болон орлого, ашигт эерэг нөлөөлөл авчрах боломжтой.

ГЕОПОЛИТИКИЙН АСУУДАЛ ДААМЖИРВАЛ:

Хятадруу тээвэр хийдэг шуудангийн болон логистикийн компаниудад хүндрэл үүсч болзошгүй тул USPS, UPS, FedEx DHL зэрэг шуудан тээврийн компаниудад хүндээр тусах эрсдэлтэй. Мөн дайны хөлд нэрвэгдэх байшин барилга, дайнд ашиглагдаж буй онгоц, техникүүд цөм даатгалтай байдаг. Иймээс даатгалын компаниуд, бүхэл салбарт нь хүндээр тусах нь дамжиггүй. Орос Украйны дайн эхлээд 3 сар өнгөрч байхад S&P агентлагаас дайны улмаас Украйн улсын даатгалын компаниуд болон давхар даатгагчид 36 тэрбум ам долларын алдагдал хүлээхээр байна гэсэн тооцоо гарч байсан билээ.

Газрын тосны хувьд хэрэв дайн эхэлбэл богино хугацаанд шок үүсч газрын тосны ханш өсөх хандлагатай боловч дунд, урт хугацаандаа эдийн засгийн хоригийн улмаас газрын тос нийлүүлэгч орнууд Хятадруу газрын тос нийлүүлэхээ зогсооно. Иймд барууны орнуудад газрын тосны нийлүүлэлт өссөнөөр, илүүдэл үүсч, үнэ буурах магадлалтай байна.

Нүүрсний зах зээлийн хувьд Хятад өөрөө нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 56%-ийг нүүрснээс гаргаж авдаг бөгөөд үүнийхээ 93%-ийг дотоодын зах зээлээс хангадаг тул дэлхийн зах зээлээс харьцангуй хамаарал багатай боловч ерөнхийдөө эрэлт өсөх талдаа байх тул үнэ өсөх хандлагатай байна.

Олон улсын бондын зах зээлийн хувьд нийт бондын зах зээлийн 15% орчим хувийг  хятадын бондын зах зээл эзэлж байна. Тиймээс олон улсын санхүүгийн зах зээл Хятадын бондын зах зээлээс хамаарал өндөр байгаа, 2022 он гарснаар Хятадын үл хөдлөхийн салбарт хямралын бодит эрсдэл үүсч, үл хөдлөхийн хамгийн том групп компани болох Эверграндийн бонд дефолт зарласнаар маш өндөр эрсдэл үүсээд байгаа билээ. Мөн зээлдэгчид зээлээ төлөхгүй “боёкат” хөдөлгөөн өрнүүлж байгаа нь улам эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймээс ийм хүнд нөхцөл байдал дээр нэмээд дайны нөхцөл байдал үүссэн нь бондын зах зээлийн эрсдлийг дэлхий дахинаа нэмэгдүүлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ