ХХААХҮЯ: 2018 ОНД ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД 503 МЯНГАН ТОНН МАХ ШААРДАГДАХ ТООЦОО ГАРСАН
2018 онд хүн амын дотоодын хэрэгцээнд 15.1 сая толгой мал буюу 503 мянган тонн мах шаардагдах тооцоо гарсан талаар ХХААХҮЯ мэдээллээ.
Үүнээс 10 орчим хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна. Жил бүр үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээ нэмэгдэж байгаа ч томоохон өөрчлөлт гарахгүй байгааг ХХААХҮЯ онцоллоо.
"Мах Маркет” компани бог малын дотор гэдсийг хагас боловсруулан БНХАУ-д экспортолж байгаа юм. Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар органик мах ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэж үйлдвэрлэгчид онцолж байна. Тиймээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн экспортлох нь давуу талтай гэж “Мөнхийн болор” компани онцоллоо. “Мөнхийн болор” компани БНХАУ-д хоёр төрлийн хиам экспортолж байгаагаа мэдээлсэн юм.
Мөн хиам консервын шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулаад удаагүй байгаа “Очирдагинас” компани БНСУ-д экспорт хийдэг. Мөн БНХАУ-д “Талын домог” брэнд бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан юм.
Үүнээс гадна “Хатансүйх импекс” компани БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, харин БНСУ-д ясны шөл экспортолж байна. Монгол Улс 2018 оны эхний есөн сард 11 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортолсон талаар ХХААХҮЯ мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.8 дахин өссөн үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: BloombergTv.mn