{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.25 - 2022.07.29

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.25 - 2022.07.29


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрөгч 7 хоногт Монгол улсын хувьцааны зах зээл өсөлттэй байсанд Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) хувьцаат компаниудын 2022 оны хагас жилийн ашигт ажиллагаа сайн гарсан нь голлох нөлөөг үзүүллээ. ТОП-20 индекс 34,722.80 нэгжид хүрч, 2.92%-ийн өсөлтийг үзүүлсэн.
  2. Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) 2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгт хүрсэн нь 2020 оны үеэс 95.4%-аар өссөн үзүүлэлт болсон бөгөөд ТОП-20 индекс 44,411 нэгжийг давсан нь 2020 оны үеэс 133%-аар өссөн үзүүлэлт болов. ТОП-20 индексийн өсөлт дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулахад дунджаар 5 дахин өндөр өсөлтийн гүйцэтгэлийг үзүүлсэн сайн гүйцэтгэлтэйгээр 2021 оныг дуусгасан байна. 
  3. 7 хоногийн эцсээр Монгол төгрөг ам.долларын эсрэг 0.33%-аар суларч 1 ам.доллар 3,168.09 төгрөгтэй тэнцсэн бол БНХАУ-ын юанийн эсрэг 0.94%-аар суларч 1 юань 470.80 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны Нөөцийн Банкнаас (ХНБ) бодлогын хүүг дахин 75 суурь нэгжээр өсгөсөн болон АНУ-ын эдийн засаг 2022 оны 2-р улиралд 0.9%-аар агшсан тухай мэдээнүүд гарсан хэдий ч АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт тогтвортой өсөлтийг үзүүллээ. АНУ-ын эдийн засаг агшсан тухай мэдээ гарсны дараагаар хөрөнгө оруулагчдад ХНБ-аас дахин бодлогын хүүг өндрөөр өсгөхгүй гэх хүлээлт үүссэн бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлж улмаар хувьцааны зах зээл өсөлттэй байсан.
  2. 7 хоногт өсөлтийн хувьцаанууд (growth stocks) үнэ цэний хувьцаануудаас (value stocks) илүү сайн гүйцэтгэлийг үзүүлсэн. Учир нь инфляцын өндөр түвшинтэй холбоотойгоор иргэд үндсэн хэрэглээний зардлаас бусад зүйлсэд зардал гаргах нь багасаж, улмаар худалдааны компаниуд хангалтгүй гүйцэтгэлийг 2-р улиралд үзүүлсэн нь үнэ цэний хувьцаануудын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн.
  3. Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хурлын (FOMC) үеэр холбооны нөөцийн бодлого боловсруулагчид бодлогын хүүг 0.75%-аар дахин өсгөх болсныг зарласан. Бодлогын хүүг дахин өсгөж байгаа нь зорилтот хүүгийн түвшнийг 2.25%-аас 2.5%-ийн хооронд барьж байгаа шийдвэр болоод байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн 2022 оны 2-р улирлын эдийн засгийн өсөлт таамаглалаас өндөр буюу 0.7%-д хүрсэн нь Европын хувьцааны зах зээлийг өсөлттэй байхад нөлөөллөө. "STOXX Europe 600" индекс 2.96%, "Germany’s Xetra DAX" индекс 1.74%, "France’s CAC 40" индекс 3.73%, "FTSE MIB" индекс 5.63%, "UK’s FTSE 100" индекс 2.02%-ийн тус тусын өсөлттэй хаагдсан.
  2. Евро бүсийн 7-р сарын инфляцын түвшин урьдчилсан тооцооллоор 8.9%-д (Евро бүсийн 6-р сарын инфляц 8.6% байсан) хүрсэн байна. Инфляцын түвшний өсөлтөд хүнс болон эрчим хүчний үнийн өсөлт гол нөлөөг үзүүлжээ. 
  3. Олон улсын валютын сан Евро бүсийн 2022 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 4-р сард 2.8% хэмээн таамаглаж байсан бол 2.6% болгон буурууллаа. Мөн 2023 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 2.3%-аас 1.2% болгон бууруулаад байна. Эдийн засгийн өсөлтийг бууруулахад ОХУ болон Украин улс хоорондын дайны сөрөг нөлөө, эрчим хүчний үнийн өсөлт болон Европын төв банкны мөнгөний хумих бодлого баримталж буй нь гол нөлөөг үзүүлжээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээнд бууралттай байлаа. "Nikkei 225" индекс 0.4%, "TOPIX" индекс 0.8%-ийн тус тусын бууралттай хаагдсан. 
  2. Иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 24 жилийн доод түвшинд байсан бол өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарч 133 боллоо. Иений ханш чангарахад АНУ-ын эдийн засаг 2022 оны 2-р улиралд агшсан нь шууд нөлөөлсөн. Учир нь АНУ-ын эдийн засаг агшсанаар ХНБ-аас дахин бодлогын хүүг өндрөөр өсгөхгүй гэх хүлээлт зах зээлд үүссэн юм.
  3. Япон улсын инфляцын түвшин импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалан богино хугацаанд өсөх хүлээлттэй байгаа хэдий ч урт хугацааны инфляц тогтвортой байх төлөвтэй байгааг Япон улсын төв банк онцолж, мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо дахин мэдэгдээд байна. (Япон улсын 6-р сарын инфляцын түвшин 2.2% байсан. Тус улсын зорилтот инфляцын түвшин 2.0% юм.)

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite" индекс 0.5%, "CSI 300" индекс 1.6%-ийн тус тус бууралттай хаагдсан. 
  2. Олон улсын валютын сан БНХАУ-ын 2022 оны эдийн засгийн өсөлтийг 4-р сард 4.4% хэмээн таамаглаад байсан бол өнгөрөгч Пүрэв гарагт 3.3% болгон буурууллаа. 2023 оны эдийн засгийн өсөлтийг мөн 4.6% болгон бууруулсан.
  3. "The Wall Street Journal"-ийн мэдээлснээр Алибаба группийн үүсгэн байгуулагч Жэк Ма эрхэм санхүүгийн технологийн групп болох "Ant Group"-ийн менежментэд оролцохгүй байх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн нь БНХАУ-ын технологийн компаниудын хувьцааны уналтад нөлөөллөө. "Ant" нь дэлхий хамгийн том гар утасны төлбөрийн хэрэгсэл бөгөөд 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй компани юм. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ