{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.15 - 2022.08.19

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.15 - 2022.08.19


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 36,033.30 нэгжид хүрч, 4.66%-иар өссөн. 7 хоногт нийт 5.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн. Үүнээс хувьцааны арилжаа 3.7 тэрбум төгрөг, сангийн нэгж эрхийн арилжаа 60 сая төгрөгөөр тус тус хийгдсэн.
  2. 7 хоногт МХБ-ийн нийт 10 компани 2022 оны эхний хагас жилийн тайлангаа МХБ дээр хувьцаа эзэмшигчдэдээ танилцууллаа. “Талх чихэр” ХК-ийн хувьд 2022 оны эхний хагас жилд нийт 44.46 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 27.3 хувиар өссөн үзүүлэлт болов.  Мөн компанийн нийт ашиг 11.40 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 36.2 хувиар өссөн үзүүлэлт болоод байна. “Монос хүнс” ХК-ийн борлуулалтын орлого 13.88 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь тус тус маш сайн гүйцэтгэл болсон байна.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.24%-иар суларч, 1 ам.доллар 3,191.22 төгрөгтэй тэнцсэн. Харин БНХАУ-ын юанийн эсрэг 0.89%-иар чангарч, 1 юань 468.47 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны Нөөцийн Банкны бодлого боловсруулагч (ХНБ) инфляц дээд түвшиндээ хүрээгүй байх магадлалтай гэж мэдэгдсэн нь АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад сөрөг нөлөөг үзүүллээ. Учир нь хөрөнгө оруулагчид инфляцын түвшин цаашид аажмаар буурна гэх хүлээлттэй байсан. 
  2. Технологи болон харилцаа холбооны хувьцаанууд (өсөлтийн төлөвтэй хувьцаанууд) "S&P 500" индексээс хамгийн их бууралттай байсан. Жишээлбэл, Фейсбүүкийн Мета Платформ хувьцаа 7 хоногт 6.95%-иар буурч, нэгж хувьцааны үнэ нь 167.96 ам.доллартой тэнцээд байна.
  3. АНУ-ын 7-р сарын инфляцаас хүнс болон эрчим хүчний үнийн нөлөөг хасаж тооцвол, сард 0.3%-иар өссөн нь анхаарал татаж байна. 7 хоногийн ажилгүйдлийн тэтгэмжийн тоо буурсан байна. Шинжээчид 265,000-д хүрч өснө гэх хүлээлттэй байсан бол 7 хоногт 250,000-д хүрч буурсан.  

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бодлогын хүү эрчимтэй өсөх хүлээлт дахин ихэссэн нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ.  "STOXX Europe 600" индекс 0.80%, "Germany’s DAX" индекс 1.82%, "France’s CAC 40" индекс 0.89%, "Italy’s FTSE MIB" индекс 1.90% тус тус буурсан. Харин "UK’s FTSE 100" индекс 0.66%-иар өссөн. Тус индекс өсөхөд Фунт стерлинг ам.долларын эсрэг 1.21-ээс (GBP/USD) 1.18-д хүрч суларсан нь нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь ИБНВУ-ын дийлэнх томоохон компаниуд олон улсын компаниуд байдаг билээ.
  2. ИБНВУ-ын 7-р сарын инфляцын түвшин 10.1%-д хүрлээ. Энэ нь 1982 оны 2-р сараас хойших анх удаа инфляц 2 оронтой болж байгаа тохиолдол болоод байна. Инфляцын түвшин өссөнд хүнсний үнэ огцом нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлжээ. Хүнс, эрчим хүчний үнийн нөлөөг тооцоогүй инфляц мөн хүлээлтээс өндөр буюу 6.2%-д хүрч өссөн байна.
  3. ИБНВУ-ын үндсэн цалингийн өсөлт (урамшууллыг тооцохгүйгээр) 2-р улиралд жилийн байдлаар 4.7%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч инфляцын нөлөөллийг тооцвол 3.0%-иар буурсан үзүүлэлттэй байна. Уг бууралт нь 2001 оноос хойших хамгийн их бууралт болоод байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 9-р сарын бодлогын хурлаар ХНБ дахин бодлогын хүүг өндрөөр өсгөхгүй байх гэх өөдрөг хүлээлт Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. "Nikkei 225" индекс 1.3%, "TOPIX" индекс 1.1%-ийн тус тус өсөлттэй хаагдсан. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг удаашруулж байна гэх айдастай байна.
  2. Япон улсын Хэрэг эрхлэх газрын урьдчилсан хэлэлцүүлгийн мэдээллээр дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны 2-р улиралд 2.2 хувиар өссөн байна. Энэ нь шинжээчдийн 2.5%-иар өснө гэх хүлээлтээс доогуур үзүүлэлт юм. 
  3. Япон улсын инфляцын түвшин зорилтот 2%-иас дээш хэвээр байна. 7-р сарын инфляц өнгөрөгч сарын 2.4%-иас өсөж, 2.6%-д хүрлээ. Хүнсний үнийг оруулаагүй суурь инфляц7-р сард 2.2%-иас 2.4%-д хүрч өсжээ. Инфляцын түвшний өсөлтөд шатахууны үнийн өсөлт, иений ханшийн сулрал гол нөлөөг үзүүлээд байна. Иений ам.доллартой харьцах ханш 7 хоногт 136.8-д хүрч суларсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон цар тахлын тохиолдол тус улсад ихсэж байгаа нь БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. "Shanghai Composite" индекс 0.6% "CSI 300" индекс 1.0%-иар тус тус буурсан.
  2. БНХАУ-ын үл хөдлөхийн салбар уналттай хэвээр байна. 7-р сард тус улсын шинэ орон сууцны үнэ 11 дэх сар дараалж буурсан буюу өнгөрөгч сараас 0.11%-иар буурсныг үндэсний статистикийн товчоо мэдээллээ.
  3. БНХАУ-д 7 хоногт Ковид цар тахлын 18,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг "Bloomberg" мэдээлсэн. Мөн тус улсад агаарын температур маш өндөр байгаа тул газар тариалан болон аж үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Тус улсын засгийн газар ган гачгийн сэрэмжлүүлэг ард иргэддээ хүргэсэн.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ