ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.17 - 2022.10.21
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,552.77 нэгжид хүрч, 1.16%-ийн бууралттай хаагдлаа.
- 2020 онд бууралттай байсан Монгол улсын эдийн засаг 2021 онд хурдацтай сэргэсэн билээ. Гэсэн хэдий ч 2022 онд эдийн засгийн сэргэлтэд зогсонги байдал ажиглагдаж байгааг Дэлхийн банк тайландаа мэдээлэв.
- 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.19%-иар суларч, 1 ам.доллар 3,376.51 төгрөгтэй тэнцсэн бол БНХАУ-ын юанийн эсрэг 0.73%-иар чангарч, 1 юань 465.90 төгрөгтэй тэнцэж хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өндөр өсөлттэй байлаа. Зарим компаниудын 2022 оны 3-р улирлын тайлан сайн гарсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж, улмаар хувьцаанууд 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ. "S&P 500" индекс дэх компаниудын салбараар нь ангилбал эрчим хүчний салбарын хувьцаанууд хамгийн өндөр өсөлттэй байлаа.
- Миннеаполисын Холбооны нөөцийн банкны тэргүүн "Хэрэв бид инфляц болон суурь инфляцад бууралт ажиглагдах үйл явцыг харахгүй бол бодлогын хүүг 4.5%, 4.75%-д хүргэж зогсоохыг яагаад дэмжинэ гэж" хэмээн хэлсний дараа хувьцаанууд 7 хоногийн дунд үед унасан.
- Орон сууцны зээлийн хүү өсөж буйтай холбоотойгоор АНУ-ын орон сууцны зах зээл уналттай байна. 8-р сарын байдлаар 500,000 ам.доллароос доош үнэтэй орон сууцны борлуулалт бууралттай байсан бол 500,000 дээш үнэтэй орон сууцны борлуулалт тогтвортой байсан билээ. Харин 9-р сарын байдлаар 500,000 ам.доллароос дээш үнийн дүнтэй орон сууцны борлуулалт 10% гаруйгаар буурчээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс 2 сар хүрэхгүй хугацаанд ажилласны эцэст огцорч, түүний санхүүгийн бодлого нь цуцлагдсан тул Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа.
- Ерөнхий сайд Лиз Трасс эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор татвар бууруулах, эрчим хүчний татаас олгох, их хэмжээний зээл олгохоо мэдэгдсэн билээ. Гэвч энэхүү шийдвэр нь санхүүгийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгээд байсан юм. Тэрээр ийнхүү огцрох болсноор түүний хэрэгжүүлж эхлээд буй санхүүгийн бодлого давхар цуцлагдаж, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад 7 хоногт эергээр нөлөөлсөн.
- Их Британийн 9-р сарын инфляцын түвшин 10.1%-д хүрсэн нь сүүлийн 40 жилийн дээд хэмжээтэйгээ тэнцүү хэмжээнд очсон үзүүлэлт боллоо. Инфляцын түвшин 8-р сарын 9.9%-иас өссөнд хүнсний үнийн өсөлт гол нөлөөг үзүүлжээ. Хүнс, эрчим хүчний үнийн нөлөөг оруулаагүй суурь инфляц 6.5%-д хүрсэн нь мөн 30 жилийн дээд түвшин боллоо.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл иений ханшийн сулралтай холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа. "NIKKIE 225" индекс 0.74%, "TOPIX" индекс 0.85%-иар тус тус 7 хоногт буурлаа.
- Иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт дахин суларч дээд хэмжээндээ 1 ам.доллар 150.15-т хүрч өссөн. Энэ нь сүүлийн 32 жилийн доод түвшин юм. Япон улсын сангийн сайд ханшийн сулралын эсрэг шийдэмгий арга хэмжээ авна гэдгээ 7 хоногт дахин мэдэгдсэн.
- Япон улсын суурь инфляц 3%-д хүрсэн нь сүүлийн 30 гаруй жилийн дээд түвшин боллоо.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байсанд Бээжин хотын эдийн засгийн үзүүлэлтүүд товлосон хугацаандаа нийтлэгдээгүй нь гол нөлөөг үзүүллээ.
- Эдийн засгийн мэдээллүүд хугацаандаа нийтлэгдээгүй нь Коммунист намын Үндэсний их хурлаас бодлогын хүрээнд сөрөг мэдээллийг нууцалсан гэх төсөөлөл зах зээлд үүсэж улмаар хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа.
- БНХАУ-ын юань ам.долларын эсрэг 7 хоногт дахин суларч, 1 ам.доллар 7.2306 юаньтай тэнцэж хаагдлаа. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн их ханшийн сулрал болоод байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19