{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.07 - 2022.11.11

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.07 - 2022.11.11


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,069.23 нэгжид хүрч, 0.6%-ийн бууралттай хаагдлаа.
  2. Баасан гарагт Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсөв УИХ-ын чуулганаар батлагдлаа. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9%, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6%-тай тэнцүү байхаар тооцож баталлаа.
  3. 9-р сарын байдлаар Монгол улсын инфляцын түвшин 13.8%-д хүрч буурсан ч зорилтот 6%-ийн түвшинээс хэт өндөр хэвээр байгаа тул Монголбанкнаас мөнгөний хумих бодлого баримталж бодлогын хүүг 12.0%-д хүргээд байгаа билээ. Энэ үед Засгийн газраас 2023 оны төсвийн нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6%-д хүргэж баталсан нь бодлогын зөрүүтэй байдал үүсгэж, өндөр инфляцад дарамт болох хүлээлттэй байна. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 10-р сарын АНУ-ын инфляц хүлээлтээс давж буурсантай холбоотойгоор АНУ-ын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа. Инфляцын тайлан мэдээлэгдсэн Пүрэв гарагт "S&P 500" индекс 5.5% гаруй өссөн нь 2020 оны 4-р сараас хойших өдрийн хамгийн өндөр өсөлт боллоо. Технологийн "NASDAQ Composite" индекс 8.1%, S&P 500 индекс 5.9% тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Хөдөлмөрийн яамнаас Пүрэв гарагт 10-р сарын АНУ-ын инфляцын түвшнийг нийтэлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан гол үйл явдал байлаа. 10-р сарын инфляцын түвшин 7.7%, хүнс болон эрчим хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляц 6.6%-иас 6.3%-д хүрч тус тус бууралттай гарлаа. 10-р сарын инфляцын түвшин бууралттай гарахад хуучин автомашины үнэ 2.4%, эрүүл мэндийн үйлчилгээний үнэ 0.6%-иар буурсан нь гол нөлөөг үзүүлжээ. 
  3. Мягмар гарагт АНУ-ын Конгрессын завсрын шатны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам Сенатын танхимд олонхын суудал дахин эзлэх нь тодорхой боллоо. Үүнтэй холбоотойгоор Лхагва гарагт АНУ-ын хувьцааны зах зээлийн хэлбэлзэл ихтэй бөгөөд уналттай байлаа. Мөн тухайн өдөр криптовалютын бирж уналтад орсноо мэдэгдсэн нь крипто зах зээл болон хувьцааны зах зээлд өргөн хүрээнд хэлбэлзэл үүсгэлээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10-р сарын инфляц хүлээлтээс давж буурсан нь Европын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж улмаар хувьцааны зах зээлийг илэрхийлэх голлох индексүүд эерэг өгөөжтэй байлаа. Гэсэн хэдий ч Евро бүсийн эдийн засгийн хэтийн төлөв таагүй хэвээр байна.
  2. Их Британийн 3-р улирлын эдийн засаг 0.2%-ийн бууралттай гарлаа. Энэ нь 2021 оны эхний улирлын цар тахлын хөл хорионы улмаас үүссэн агшилтаас хойших анхны эдийн засгийн агшилт боллоо. Их Британийн сангийн сайд Жереми Хант уг мэдээллийн дараагаар татвар болон төсвийн зарлага дээр хатуу шийдвэр гаргах шаардлагатай болохыг мэдэгдлээ. Албан бус мэдээллээр сангийн сайд төсвийн зарлагыг дараагийн 3 жил царцаах төлөвлөгөөтэй байна.
  3. Европын комисс 2022 оны 4-р улиралд Евро бүсийг -0.5%-ийн эдийн засгийн агшилттай байж эдийн засгийн хямралд өртөнө гэж таамаглаад байна. Эдийн засгийн өсөлтийг бууруулсан гол шалтгаан нь ОХУ болон Украины дайны сөрөг нөлөөнөөс үүссэн эрчим хүчний үнийн өсөлт байна. Мөн 2023 оны эдийн засгийн өсөлтийг 3.2%-иас 0.3% болгож буурууллаа. Инфляцын түвшний хувьд 2022 оны инфляц 8.5%, 2023 оны инфляц 6.1%, 2024 оны инфляц 2.6% хэмээн таамаглаад байна. (ДНБ-ний өсөлт 2 улирал дараалж агших нь эдийн засгийн хямрал болсныг илэрхийлдэг.)

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 3.9%, "TOPIX" индекс 3,3%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа. АНУ-ын 10-р сарын инфляц хүлээлтээс давж буурсан болон БНХАУ-ын цар тахлын дэглэм суларч болзошгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. Японы иен ам.долларын эсрэг 7 хоногт 146.6-аас 138.8-д хүрч чангарлаа. Японы төв банкны интервенц болон АНУ-ын банкнаас бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт буурсан нь иений ханш чангарахад гол нөлөөг үзүүллээ.
  2. Японы төв банкны бодлого боловсруулагч төв банк мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримталж цалингийн өсөлтөөр дамжсан тогтвортой инфляцыг бий болгох ёстой хэмээн мэдэгдлээ. 
  3. Япон улсын засгийн газраас хагас дамжуулагчид шинээр хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна. Үүний үр дүнд тус улс компьютерын чип болон бусад гол бүрэлдэхүүн хэсгүүдийн бусад орнуудаас хараат байдал арилах сайн талтай бөгөөд дараагийн үе болох хиймэл оюун ухаан, автомат жолоодлогын системийг хөгжүүлэх байна. Япон улс энэ тал дээр АНУ-тай хамтарч ажиллах төлөвтэй байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 10-р сарын АНУ-ын инфляц хүлээлтээс давж буурсан болон төрийн өмчит банкнууд орон сууцны зах зээлд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн нь БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. 
  2. Хямралтай байгаа орон сууцны зах зээлийг дэмжихээр төрийн өмчит банкнууд 56 тэрбум ам.долларын зээл олгох төлөвтэй байгааг Bloomberg мэдээллээ. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. 
  3. Өндөр инфляцын дарамттай холбоотойгоор төв банкнууд мөнгөний хумих бодлого баримталж улмаар эрэлт буурч байгаа нь БНХАУ-ын 10-р сарын гадаад худалдааны тэнцлээс харагдлаа. Тодруулбал, 10-р сарын экспорт 0.3%, импорт 0.7%-ийн тус тус бууралттай гарлаа. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news