{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.14 - 2022.11.18

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.14 - 2022.11.18


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,266.9 нэгжид хүрч, 2.3%-ийн бууралттай хаагдлаа.
  2. 10-р сарын Монгол улсын инфляцын түвшин 13.8%-иас өсөж 14.5%-д хүрлээ. Инфляцын түвшин өсөхөд хүнсний бараа, орон сууц түлш, гэр ахуйн тавилга болон эм эмнэлгийн үйлчилгээний үнэ өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.
  3. 2022 оны эхний 10 сарын байдлаар экспорт 10,009 ам.доллар байгаа нь жилийн өмнөх үеэс 33%, импорт 7,146 ам.доллар байгаа нь жилийн өмнөх мөн үеэс 27% тус тус өсөлттэй үзүүлэлт болоод байна. Нийт экспортын 51% орчмыг нүүрс эзэлж байгаа бол нийт импортын 19% орчмыг газрын тосон бүтээгдэхүүн эзэлж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх гол индексүүд бага хэмжээнд бууралттай хаагдлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар өндөр өсөлттэй байсан бол эрчим хүчний салбарын хувьцаанууд өндөр бууралттай байлаа. Эрчим хүчний салбарын хувьцаанууд бууралттай байхад Европын Холбооны байгалийн хийн нөөц сүүлийн үеийн дээд хэмжээндээ хүрсэн нь гол нөлөөг үзүүлжээ.
  2. Томоохон худалдааны компаниудын 3-р улирлын орлого шинжээчдийн хүлээлтийг давсан нь 7 хоногт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Тодруулбал, Wal-Mart, Foot Locker, Ross Stores гэх мэт худалдааны компаниудын 3-р улирлын тайлан сайн гарсан нь эдийн засгийн төлөв сайн байна гэх сэтгэгдлийг хөрөнгө оруулагчдад төрүүллээ. АНУ-ын Худалдааны тэнхим Лхагва гарагт худалдааны борлуулалт 10-р сард 1.3%-иар (автомашины салбарын нөлөөг хасаж тооцсон) өссөн болохыг мэдээллээ. Энэ нь 5-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 
  3. Томоохон компаниудын ажилтнуудаа цомхотгосоор байна. Тодруулбал, 7 хоногт Amazon.com 10,000 гаруй ажилтнаа цомхотгохоо зарлалаа. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 220,000 орчимд тогтвортой байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Их Британийн шинэ Сангийн сайд Жереми Хант татвар нэмэх, засгийн газрын зардлыг бууруулах болон төсвийн шинэ дүрэм, журмуудыг 7 хоногт танилцууллаа. Тодруулбал, 2027 оноос 2028 оны хооронд татварын орлогыг 27 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлэх, зардлыг 30 тэрбум фунт стерлингээр бууруулна гэх мэдэгдэл хийлээ. Харин төсвийн шинэ журам нь олон улсын зах зээлд Их Британтид итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой байна.
  2. Төсвийн хариуцлагын алба (OBR) Их Британийг аль хэдийн эдийн засгийн хямралд орсныг онцолж 2023 онд эдийн засаг 1.4%-иар агших төлөвтэй байгааг мэдээллээ. Түүнчлэн, татварын дарамттай холбоотойгоор 2027 оноос 2028 оны хооронд иргэдийн амьжиргааны түвшин нь Дэлхийн II-р дайнаас хойших хамгийн доод түвшинд очих төлөвтэй байна хэмээн тооцоолоод байна.
  3. Их Британийн 10 сарын инфляцын түвшин 10.1%-иас өсөж 11.1%-д хүрсэн нь сүүлийн 41 жилийн дээд түвшин боллоо. Инфляцын түвшин өсөхөд эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт гол нөлөөг үзүүлжээ. Тус улс өндөр инфляцын дарамттай байгаа хэдий ч хөдөлмөрийн зах зээл нь тогтвортой буюу 3-р улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.6% байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. "NIKKIE 225" индекс 1.3%, "TOPIX" индекс 0.5%-иар тус тус 7 хоногт буурч хаагдлаа. Япон улсын инфляцын түвшин  40 жилийн дээд түвшиндээ хүрээд байгаа боловч Японы төв банк мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах төлөвтэй байна. 
  2. 10-р сарын Япон улсын суурь инфляц 3.6%-д хүрч өслөө. Энэ нь тус улсын зорилтот 2.0%-ийн инфляцын түвшнээс өндөр түвшин болоод байна. Инфляц өссөнд эрчим хүч болон хоол хүнсний үнийн өсөлт гол нөлөөг үзүүлжээ. Инфляц өндөр гарсан хэдий ч төв банкны бодлого боловсруулагчид мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо мэдэгдээд байна. Төв банкны бодлого боловсруулагчид инфляц цаашид өсөхийг үгүйсгэхгүй байна.
  3. Японы Ерөнхий сайд БНХАУ-ын ерөнхийлөгчтэй Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр уулзлаа. Уулзалтаар удирдагчид улс хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, байгаль орчны хамгаалалт, эрүүл мэнд, соёлын солилцоо зэргийг дэмжих талаар харилцан тохиролцлоо. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. "CSI 300" индекс 0.3%, "Shanghai Composite" индекс 0.3% тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хороо халдварын эрсдэл багатай дүүргүүдэд олон нийтийн шинжилгээ хийхийг зогсоох болсноо мэдэгдлээ. Тус улсаас 0-Ковид бодлогоо сулруулж буй мэт шийдвэрүүдийг гаргаж байгаа боловч 7 хоногийн дунджаар халдвар авагчдын тоо 17,000 даваад байгаа нь 4-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. 
  3. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Бали арал дээр 3 цаг орчим хуралдлаа. Хуралдаан амжилттай болсон нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн төлөвтэй байна. Ерөнхийлөгч Жо Байден Хүйтэн дайн болох нь огт хэрэгцээгүй гэдэгт бүрэнт итгэлтэй байна хэмээн мэдэгдлээ. Мөн 2 талаас цар уур болон бусад асуудлаар дахин хамтарч хэлэлцээр хийх болохоо мэдэгдлээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news