{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.28 - 2022.12.02

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.28 - 2022.12.02


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,409.89 нэгжид хүрч 3.25%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. "Бичил Глобус ХБҮЦ" Монголын хөрөнгийн бирж дээр 12 сарын 9-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал захиалга авна. Тус ХБҮЦ нь Монголын хөрөнгийн бирж дээрх нээлттэй бүтээгдэхүүн бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан, эрсдэл багатайгаар бүтэцлэгдсэн, өндөр өгөөж бүхий хөрөнгө оруулалтын боломж юм. ХБҮЦ нь жилийн 17.5%-ийн хүүтэй, үнэт цаасны хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй бөгөөд нийт 10.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм.
  3. Монгол төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.17%-иар суларч 1 ам.доллар 3,422.4 төгрөгтэй тэнцсэн бол юанийн эсрэг 1.83%-иар суларч 1 юань 485.92 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Төв банкны бодлогын хүү өндрөөр өсөх хүлээлт буурсны улмаас АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал өсөлттэй (Growth) ангиллын хувьцаанууд болон технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол эрчим хүчний салбарын хувьцаанууд бууралттай байлаа. "Dow Jones Industrial Average" индекс өсөлттэй байснаар 2022 оны 9-р сарын доод түвшнээсээ 20%-иар өссөн үзүүлэлттэй болж бухын зах зээлд шилжээд байна.
  2. ХНС-ийн тэргүүн Брукингсийн хүрээлэн дээр болсон илтгэлийн үеэр "төв банк бодлогын хүүгийн өсөлтөө удаашруулах төлөвтэй байна" гэх дохио өгснөөр хувьцаанууд өндөр өсөлтийг үзүүллээ. Бодлогын хүүгийн өсөлт эдийн засагт хоцрогдолтойгоор нөлөө үзүүлдэг нь ХНС-ийн бодлогын хүүгийн өсөлтөө удаашруулах гол шалтгаан болоод байна. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдад 12 сарын 13, 14-нд болох бодлогын хурлаар төв банк 50 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөнө гэх хүлээлт үүсээд байна.
  3. Брукингсийн хүрээлэн дээр ХНС-ийн тэргүүн өндөр инфляцыг хяналтдаа байлгахын тулд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг бууруулах шаардлагатай хэмээн онцоллоо. Гэвч 11-р сарын байдлаар АНУ-ын эдийн засагт 263,000 ажлын байр нэмэгдэж хүлээлтээс давсан болон ажилгүйдлийн түвшин 3.7% байгаа зэрэг нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг илэрхийлж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин бууралттай байсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Ийнхүү өсөлттэй байснаар Европын хувьцаанууд долоон 7 хоног дараалан өссөн үзүүлэлттэй болж байна. БНХАУ-ын коронавирусын хязгаарлалт суларч буй мэдээ нь хувьцааны зах зээлд эергээр нөлөөлсөн.
  2. Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин 10.6%-иас 10.0%-д хүрч буурсан нь сүүлийн 1 жил 5 сарын анхны бууралттай үзүүлэлт боллоо. Евро бүсийн нийт 19 орноос 14 орны инфляцын түвшин бууралттай гарсан бөгөөд эрчим хүч болон үйлчилгээний үнэ буурсан нь инфляц буурахад гол нөлөөг үзүүллээ. 
  3. Евро бүсийн хэрэглэгч болон бизнесийн итгэлийн индекс 11-р сард өсөлттэй байсан нь 2-р сараас хойших буюу ОХУ, Украины мөргөлдөөнөөс хойших анхны өсөлттэй үзүүлэлт боллоо. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт сөрөг өгөөжтэй байлаа. Тодруулбал, "NIKKIE 225" индекс 1.8%, "TOPIX" индекс 3.2%-иар тус тус 7 хоногт буурж хаагдлаа. Иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт дахин чангарч 1 ам.доллар 134.3 иентэй тэнцсэн нь экспортын дүнг бууруулж, экспортлогч компаниудад сөрөг нөлөө үзүүлж байна. 
  2. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад БНХАУ-ын цар тахлын хязгаарлалт зөөлөрч байгаа шинж тэмдгүүд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Учир нь БНХАУ нь Япон улсын нийт экспортын 23% орчмыг эзэлдэг бөгөөд цар тахлын журам суларч нийлүүлэлтийн сүлжээний доголдол арилах нь тус улсын хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүлэх юм.
  3. Японы төв банкны бодлого боловсруулагч төв банк ойрын хугацаанд мөнгөний хумих бодлого баримтлах төлөвгүй байгааг онцоллоо. Төв банкны зүгээс тогтвортой цалингийн өсөлт болон үйлчилгээний өсөлтийн нөлөөгөөр зорилтот инфляцын түвшнийг тогтмол 2.0%-д барих нөхцөл үүссэн тохиолдолд мөнгөний хумих бодлого баримтлах төлөвтэй байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.8%, "CSI 300" индекс 2.5%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хувьцааны зах зээл өсөлттэй байхад БНХАУ-ын цар тахлын хөл хорионы дэглэм сулрах дохио гол нөлөөг үзүүллээ.
  2. Үндэсний эрүүл мэндийн хороо 7 хоногт ахмад настнуудын вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн сэргэлтэд чухал алхам хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн БНХАУ-ын бодлого боловсруулагчийн омикроны хувилбарын тархалт суларч илүү олон хүн вакцинд хамрагдаж байна гэх мэдээлэл олон нийтэд нийтлэгдсэн нь хувьцааны зах зээлд эергээр нөлөөлсөн.
  3. БНХАУ-ын 11-р сарын үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус PMI агшилттай гарлаа. Энэ нь цар тахлын дэглэм үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг илэрхийлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ