ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.16 - 2022.01.20
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 38,035.66 нэгжид хүрч, 2.6%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Богд банк” /BOGD/ ХК-ийн 2022 оны жилийн эцсийн тайлан гарлаа. “Богд банк” /BOGD/ ХК-ний нийт хөрөнгө 2022 оны эцсийн байдлаар 476.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 46%, цэвэр ашиг 19.13 тэрбум төгрөгт хүрсэн нь 77%-иар тус тус өссөн дүн болжээ. Тус компанийн 2022 оны жилийн эцсийн байдлаарх эзний өмчийн өгөөж нь 17.5% байгаа бол P/B харьцаа нь 1.07 байна.
- Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.4%-иар суларч, 1 ам.доллар 3,475.56 төгрөгтэй тэнцсэн бол БНХАУ-ын юанийн эсрэг 0.5%-иар чангарч, 1 юань 513.04 төгрөгтэй тэнцлээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- DJIA индекс 7 хоногт 2.7%-иар буурсан бол технологийн Nasdaq Composite индекс бага хэмжээний өсөлттэй байлаа. Мартин Лютер Кингийн өдрийг тохиолдуулан Даваа гарагт зах зээл хаалттай байсан. Netflix компанийн 2022 оны 4-р улирлын хэрэглэгчдийн тоо өссөн болон Alphabet компани нийт ажиллах хүчнийхээ 6%-ийг цомхотгож, зардлаа танаж байгаагаа мэдэгдсэн нь зах зээлд эергээр нөлөөллөө.
- АНУ-ын 12-р сарын жижиглэн худалдааны борлуулалтын дүн хүлээлтээс давсан буюу 1.1%-ийн бууралттай гарлаа. Энэ нь 2022 онд Холбооны Нөөцийн Сан (ХНС) 1980 оноос хойших хамгийн хурдацтай бодлогын хүүгээ өсгөсний сөрөг нөлөө юм.
- Эдийн засгийн хямралын дохио болдог 2 жил болон 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргээд 200 өдөр болсон байгаа бол 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны муруй өгөөж эргээд 88 өдөр болсон байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банкны тэргүүн өндөр инфляцыг хяналтдаа авахын тулд боломжит бүх арга хэмжээг авахаа мэдэгдсэн нь Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ.
- Швейцарт болсон дэлхийн эдийн засгийн форумын үеэр Европын төв банкны ерөнхийлөгч "Инфляцын түвшин хэт өндөр байна. Европын төв банкны зорилтот инфляцын түвшин 2% билээ. Тийм учраас бид инфляцыг зорилтот хэмжээнд хүргэхийн тулд бүх арга хэмжээг авна." хэмээн мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөллөө. Европын төв банк 12-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж 2.5%-д хүргэсэн бол дараагийн хурлаараа бодлогын хүүг 0.75%-иар өсгөх магадлал өндөр байна.
- Их Британийн 12-р сарын инфляцын түвшин 10.7%-иас 10.5%-д хүрч буурлаа. Инфляцын түвшин буурахад эрчим хүчний үнэ буурсан нь гол нөлөөг үзүүлжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. БНХАУ-ын 0-Ковид бодлого цуцлагдаж зах зээлд өөдрөг хүлээлт үүсгэсэн болон АНУ-ын төв банк 2 сарын 1-нд болох Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ өндрөөр өсгөх төлөвгүй байгаа нь зах зээл өсөхөд гол нөлөөг үзүүлээ. "NIKKIE 225" индекс 1.7%, "TOPIX" индекс 1.3%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа.
- Япон улсын төв банк 1-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа өмнөх шийдвэртээ өөрчлөлт оруулаагүй буюу бодлогын хүүгээ -0.1%-д хэвээр үлдээлээ. Мөн төв банк нь мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжөө 0.5%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
- Япон улсын 12-р сарын суурь инфляцын түвшин 4%-д хүрсэн нь сүүлийн 41 жилийн дээд түвшин боллоо. Тус улсын зорилтот инфляцын түвшин 2% байдаг билээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын 2022 оны 4-р улирлын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давснаар тус улсын хувьцааны зах зээл 4 дэх 7 хоногоо дараалан өсөлтийг үзүүллээ. "Shanghai Composite" 2.2%, "CSI 300" индекс 2.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын санхүүгийн зах зээл сар шинийн баярыг тохиолдуулан 1 сарын 21-ээс эхлэн хаах бөгөөд 30-нд нээгдэх байна.
- БНХАУ-ын 2022 оны 4-р улирлын эдийн засаг 2.9%-ийн өсөлттэй гарсан бөгөөд 2022 оны бүтэн жилд 3.0%-ийн өсөлттэй гарлаа. Тус улсын эдийн засаг 3.0%-ийн өсөлттэй гарсан нь 1976 оноос хойших хамгийн бага өсөлттэй 2 дах жил болж байна. (Цар тахлын сөрөг нөлөөний улмаас 2020 онд БНХАУ-ын эдийн засаг 2.2%-ийн өсөлттэй байсан.)
- Халдварын тархалт буурч, дотоодын эрэлт хэрэгцээ 2023 онд нэмэгдэх хүлээлт өндөр байгаатай холбоотой БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5%-иар өснө гэж эдийн засагчид таамаглаж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19