{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.13 - 2022.03.17

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.13 - 2022.03.17


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 39,547.82 нэгжид хүрч, 0.84%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Монголбанк нь Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд: Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах; Бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгож буурууллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны бодлого боловсруулагчид инфляцыг зорилтот хэмжээнд хүргэж бууруулахын тулд цаашид бодлогын хүүг нэмж өсгөх шаардлагагүйг онцолсоор байгаа. Үүнээс Монголбанк нь бодлогын хүүг дээд түвшиндээ хүргэснийг харж болохоор байна.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.0%-иар суларч, 1 ам.доллар 3,528.1 төгрөгтэй тэнцлээ. Мөн БНХАУ-ын юанийн эсрэг 1.5%-иар суларч, 1 юань 513.8 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, банкнуудын хөрвөх чадварын эрсдэлтэй холбоотойгоор санхүүгийн салбарын хувьцаанууд өндөр бууралттай байсан бол ХНС-ийн бодлогын хүү өндрөөр өсөх хүлээлт буурсны нөлөөгөөр технологи болон харилцаа холбооны салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа.
  2. ХНС, Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци (FDIC) 3-р сарын 12-ны Ням гарагт SVB-ийн бүх хадгаламж эзэмшигчид Даваа гарагийн өглөө мөнгөө авах бүрэн боломжтой болох, банкны хадгаламжийг хамгаалахын тулд банкуудад нэмэлт санхүүжилт олгохыг тус тус мэдэгдлээ. ХНС Сан Франциско дах салбараараа SVB-ийн зохицуулалтын дотоод хяналтыг эхлүүлж байгаагаа зарлалаа. 
  3. Мягмар гарагт АНУ-ын 2-р сарын инфляцын түвшин 6.0%-д хүрч буурсан нь мэдээлэгдлээ. Уг түвшин нь 2021 оны 9-р сараас хойших хамгийн доод түвшин юм.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл санхүүгийн салбарын эрсдэлтэй холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа. Их Британийн FTSE 100 индекс 7 хоногт 5.33% унасан нь 2020 оны 7 оноос хойших хамгийн өндөр бууралт боллоо.
  2. Европын хувьцааны зах зээлийг салбараар нь ангилбал банкны салбарын хувьцаанууд өндөр бууралттай байсан бөгөөд энэ нь Credit Suisse-ийн бүтэлгүйтэл санхүүгийн системд том эрсдэлийг бий болгож болзошгүй гэх хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотой байлаа. Швейцар төвтэй Credit Suisse нь 2022 оны намар бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө танилцуулсан хэдий ч хөрвөх чадварын эрсдэл ноцтойгоор нэмэгдсэн тул Швейцарын төв банкнаас 50 тэрбум ам.долларын зээл өгөх тухай мэдээ Пүрэв гарагт мэдээлэгдлээ.
  3. Европын төв банк өндөр инфляцыг дарахаар бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж хүүгийн түвшнийг 3.0%-д хүргэлээ. Европын төв банк 2025 онд инфляцыг 2.1%-д барих төсөөлөлтэй байна. Мөн 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.0% болгон шинэчиллээ. Өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлэхэд эрчим хүчний үнэ буурсан болон Евро бүс нь эдийн засгийн сорилтуудад тэсвэртэй байгаа нь голлон нөлөөлжээ. (Европын төв банк 2024 болон 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.6% гэж тооцоолж байна.)

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Олон улсад үүсээд буй санхүүгийн салбарын эрсдэл нь Японы санхүүгийн салбарт бага нөлөөлөлтэй хэдий ч тус улсын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. NIKKEI 225 индекс 2.9%, TOPIX индекс 3.6% тус тус буурлаа. Үүний зэрэгцээ тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 0.39%-иас 0.27%-д хүрч буурсныг харгалзан үзвэл хөрөнгө оруулагчид эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг илүүд үзэж байна. 
  2. Япон улсын Засгийн газар АНУ болон Европын банкнуудын эрсдэлийг харгалзан үзэж цаашид зах зээлийн тогтворгүй байдалд хариу арга хэмжээ авахдаа Японы төв банктай нягт хамтарч хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мөн тус улсын Ерөнхий сайд дотоодын банкнуудын хөрвөх чадвар, өөрийн хөрөнгийн харьцаа үзүүлэлт бүхэлдээ тогтвортой байгааг 7 хоногт мэдээллээ.
  3. 1955 оноос хойш жил бүр зохиогдсоор ирсэн Японы "shunto" уулзалт бизнесийн байгууллага, үйлдвэрлэл болон Засгийн газрын удирдлагууд дунд зохиогдож өндөрлөлөө. Хурлын үр дүнд томоохон бизнес, үйлдвэрлэлийн компаниуд цалингаа сүүлийн 10 жилийн хамгийн өндрөөр нэмэхэд санал нэгджээ. Тэдний хурлын үр дүнгээс дүгнэхэд бизнесийн байгууллагууд цалингаа 2023 онд 3.0%-иас дээш өсгөх төлөвтэй байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх гол индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Shanghai Composite индекс 0.6%-иар өссөн бол CSI 300 индекс 0.2%-ийн бууралттай байлаа.
  2. БНХАУ-ын Ардын банк эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилгоор банкнуудын заавал байлгах нөөцийн харьцааг (RRR) 25 суурь нэгжээр бууруулах болохоо мэдэгдлээ. Хамгийн сүүлд Ардын банк нь 12-р сард банкнуудын заавал байлгах нөөцийн харьцааг (RRR) 25 суурь нэгжээр бууруулсан юм.
  3. БНХАУ-ын банкнуудын зээлийн хэмжээ 2-р сард 1.81 их наяд юаньд хүрсэн нь хүлээгдэж байснаас өндөр дүн боллоо. Зээл олголт нэмэгдэж буй нь банкнуудын заавал байлгах нөөцийн харьцаа буурсан болон төв банкны мөнгөний зөөлөн бодлого баримталж буйн илрэл болж байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news