{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.03 - 2022.04.07

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.03 - 2022.04.07


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,018.89 нэгжид хүрч, 1.92%-ийн бууралттай хаагдлаа. Банкны реформын хүрээнд "Хаан банк" ХХК нь IPO хийж 2023.04.13-04.19-ний хооронд нийт 183.4 тэрбум төгрөгийг зах зээл дээрээс татан төвлөрүүлэхээр болсон ба үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид бусад хувьцаагаа зарж буй нь хувьцааны зах зээл уналттай байхад нөлөөллөө.
  2. "Хаан банк" ХХК нь IPO-ны хүрээнд 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15%-ийг олон нийтэд санал болгож нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж "Орон сууц, Ногоон төсөл, Цахим шилжилт" гэсэн 3 үндсэн төсөлд зарцуулалт хийх төлөвлөгөөтэй байна.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.2%-иар чангарч, 1 ам.доллар 3,510.0 төгрөгтэй тэнцлээ. Мөн БНХАУ-ын юанийн эсрэг 0.3%-иар чангарч, 1 юань 510.5 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 3-р сард бууралттай гарсан болон хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул байгаа нь хувьцааны зах зээл уналттай байхад гол нөлөөг үзүүллээ. Баасан гарагт Good Friday гэх баярын өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл ажиллаагүй. 
  2. 2-р сард АНУ-д шинээр 9.9 сая ажлын байр зарлагдсан нь 2021 оны 5-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо.
  3. Кливланд хотын ХНС-ын Ерөнхийлөгч Лоретта Местер төв банкны бодлогын хүү 5.0%-иас дээш гарч, тодорхой хугацаанд тэрхүү түвшиндээ хадгалагдана гэх хүлээлттэй байна хэмээн мэдэгдлээ. Мөн JPMorgan Chase-ийн Chairman, Гүйцэтгэх захирал Жэйми Даймон хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа банкны салбарын тодорхойгүй байдал дуусаагүй бөгөөд ирэх жилүүдэд ч түүний үр дагавар үргэлжлэх болно хэмээн бичсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Банкны салбарын хямралын айдас намжсанаар Европын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд эерэг өгөөжтэй байлаа. 
  2. Европын Төв банкны (ECB) Ерөнхийлөгч Кристин Лагард, Дэд ерөнхийлөгч Луис де Гуиндос болон ахлах эдийн засагч Филипп Лэйн нар өндөр инфляцыг дарамтыг хянахын тулд бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ.
  3. Европын холбооны орон сууцны үнэ 2022 оны 4-р улиралд бууралттай байсан нь 2015 оноос хойших анхны тохиолдол болсныг Евростат мэдээллээ. Тодруулбал, орон сууцны үнэ 4-р улиралд 1.5%-иар буурсан байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. NIKKEI 225 индекс 1.9%, TOPIX индекс 1.9%-ийн тус тус бууралттай байлаа. Үүнд АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч буй мэдээллүүд болон Япон улсаас хагас дамжуулагчийн экспортдоо хязгаарлалт тавих шийдвэр гаргаад байгаа нь гол нөлөөг үзүүллээ. 
  2. Казүо Уэда нь 4-сарын 9-д Японы төв банкны ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсан ба үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд тус улсын Мөнгөний хэт зөөлөн бодлогод өөрчлөлт орж болзошгүй гэсэн таамаг үргэлжилсээр байна.
  3. Өндөр хөгжилтэй орнууд буюу G7-ийн Худалдааны сайдууд технологийг буруугаар ашиглах боломжийг арилгахын тулд зарим тэргүүлэх технологийн экспортдоо хязгаарлалт тавихаар тохиролцлоо. Мөн G7-ийн бус улсуудтай нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгохын тулд илүү нягт хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын барилгын салбарын идэвхжил нэмэгдэж улмаар PMI үзүүлэлт өсөлттэй гарсан нь тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Shanghai Composite индекс 1.7%, CSI 300 индекс 1.8%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй байлаа. Чинмин баярыг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл Лхагва гарагт хаалттай байсан.
  2. Эдийн засгийн мэдээллээр 3-р сарын Caixin/S&P Global үйлчилгээний PMI 55.0-ээс 57.8-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа.
  3. Reuters-ийн мэдээлснээр БНХАУ-ын 14 хотод хийсэн судалгаагаар 3-р сард орон сууцны борлуулалт 55.7% өссөн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ