{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.15 - 2022.05.19

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.15 - 2022.05.19


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,067.92 нэгжид хүрч, 3.52%-ийн бууралттай хаагдлаа. ХХБанкны IPO захиалгатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж ХХБанкны анхдагч зах зээлийн хувьцааны арилжаанд орж буй нь зах зээл уналттай байхад гол нөлөөг үзүүллээ.
  2. Худалдаа, хөгжлийн банкны IPO-ны анхдагч зах зээлийн захиалга хоёрдох өдрийн байдлаар татан төвлөрүүлэх зорилтот дүн болох 83.5 тэрбум төгрөгийн захиалгаас давж 102.42%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа. Захиалга авах хугацаа 5 сарыг 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
  3. 2023 оны 1-р улирлын байдлаар Монголын Хөрөнгийн Биржийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.4%-иар өсөж 6.5 их наяд төгрөгт хүрсэн бол хөрвөх чадвар 0.6%-д хүрч буурсан байна. Нийт 61 удаагийн арилжаагаар 127 ХК-ийн 254.7 сая ширхэг хувьцааг 52.5 тэрбум төгрөгөөр арилжсан ба 22.7% буюу 11.9 тэрбум төгрөгийн гүйлгээг анхдагч зах зээлийн арилжаа, 77.3% буюу 40.6 тэрбум төгрөгийн гүйлгээг хоёрдогч зах зээлийн арилжаа эзэлж байна.
  4. 2023 оны 1-р улирлын байдлаар ҮЦК-уудын нийт хөрөнгө 171.0 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 43.4%-иар өссөн үзүүлэлт юм. Мөн ҮЦК-иудын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 тэрбум төгрөгөөр буурсан бол зарлага 1.2 тэрбум төгрөгөөр өсөж 0.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Сүүлийн 1 сарын хугацаанд чиглэлгүй байсан S&P 500 индекс 7 хоногт 4,200 нэгжийг давлаа. Энэ нь тус индексийн хувьд 2022 оны 8-р сараас хойш анх удаа 4,200 нэгжээс дээш гарсан тохиолдол болж байна. Зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байхад зах зээлийн үнэлгээ өндөр технологийн компаниудын хувьцааны ханш өссөн нь гол нөлөөг үзүүллээ. Эдгээр компаниудад Alphabet, Meta болон NVIDIA зэрэг компаниуд орно.
  2. Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өрийн таазтай холбоотой асуултад АНУ дефолтод орохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээн мэдэгдлээ. Өрийн тааз дээд хэмжээнд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлөөд байсан бол тус улсын ерөнхийлөгчийн уг мэдэгдэл нь зах зээл өсөлттэй байхад дэмжлэг үзүүллээ. 
  3. Эдийн засгийн мэдээнүүд 7 хоногт шинжээчдийн хүлээлттэй нийцэж гарлаа. Жижиглэнгийн борлуулалт 4-р сард 0.7%-ийн өсөлттэй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл 0.5%-иар өссөн зэрэг нь шинжээчдийн хүлээлттэй тус тус нийцсэн юм. Харин ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 242,000 гарсан нь шинжээчдийн хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бодлогын хүү дээд цэгтээ хүрэх нь дөхсөн болон АНУ өрийн дефолтод өртөхгүй гэх өөдрөг үзэлтэй холбоотойгоор Европын зах зээлд хувьцааны ханш өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 7 хоногт 0.7%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл (industrial production) 2-р сард 1.5%-иар өсөөд байсан бол 3-р сард 4.1%-ийн бууралттай гарлаа. Ийнхүү аж үйлдвэрийн үйлдвэрлэл бууралттай гарсан нь зах зээлд эдийн засгийн хямралын айдсыг төрүүлээд байна.
  3. Европын Комисс 2023 он болон 2024 оны Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа дээшлүүллээ. Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ) энэ онд 0.9% ирэх онд 1.5%-иар өснө хэмээн таамаглаад байсан бол сүүлийн таамаглалаараа 2023 онд 1.1%, 2024 онд 1.6% болгож өсгөлөө.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 6 дах 7 хоногоо дараалсан өсөлтөө үзүүллээ. Өнгөрөгч 7 хоногт NIKKEI 225 индекс 4.8%, TOPIX индекс 3.1%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Ийнхүү тус 2 индекс сар гаруй хугацаанд тогтвортой өсөлтөө үргэлжлүүлснээр сүүлийн 33 жилийн дээд түвшнээ шинэчлээд байна. Зах зээл өсөлттэй байхад дотоодын хувьцаат компаниудын орлогын тогтвортой байдал, иений ханшийн сулрал болон Японы хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгаа нь гол нөлөөг үзүүлж байна.
  2. Япон улсын эдийн засаг 2023 оны 1-р улиралд 1.6%-ийн (YoY) өсөлттэй гарсан нь шинжээчдийн таамгийг давлаа. Эдийн засаг өсөлттэй гарахад тус улс цар тахлын хязгаарлалтаа цуцалсан нь гол нөлөөг үзүүлсэн байна.
  3. Япон улсын 4-р сарын суурь инфляцын жилийн өмнөх мөн үеэс 3.4%-иар өссөн нь хүнсний үнэ жилийн өмнөх мөн үеэс 9.0%-иар өссөнтэй холбоотой байна. Япон улсын зорилтот инфляцын түвшин болох 2.0% билээ. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтөд хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаа хэдий ч тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.3%, CSI 300 индекс 0.2%-ийн тус тус өсөлттэй байлаа.
  2. БНХАУ-ын 4-р сарын ажилгүйдлийн түвшин 5.3%-иас 5.2% болж буурлаа. 
  3. Ардын банк 1 жилийн хугацаатай дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр банкны системд 125 тэрбум юань нийлүүллээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ