{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.29 - 2022.06.02

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.29 - 2022.06.02


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,974.26 нэгжид хүрч, 2.3%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа 2022 оны 4-р улирлаас эхлэн дэлхий нийтэд инфляц буурах хандлага ажиглагдаж байгаа ч их хөшүүн байгааг онцоллоо. Мөн тэрээр уг орчинд төв банкнууд инфляцыг тогтворжуулахыг тулд Мөнгөний бодлогоо хатуу төлөв байдалтай үргэлжлүүлэхээс өөр аргагүй хэмээг онцлов.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.1%-иар чангарч, 1 ам.доллар 3,447.1 төгрөгтэй тэнцлээ. БНХАУ-ын юанийн эсрэг 0.5%-иар чангарсан буюу 1 юань 487.2 төгрөгтэй тэнцэж хаагдлаа.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. 2023 онд зах зээл өндөр өсөлт үзүүлж байгаатай холбоотойгоор S&P 500 индекс 2022 оны 8-р сараас хойших хамгийн өндөр нэгждээ хүрээд байгаа бол технологийн NASDAQ Composite индекс мөн 6 дахь 7 хоногоо дараалсан өсөлтийг үзүүлж, 2022 оны 4-р сараас хойших хамгийн дээд нэгждээ хүрээд байна. 5-р сарын 29 буюу Даваа гарагт Дурсамжийн өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл амарсан.
  2. Цагаан ордон болон Бүгд найрамдах намын конгрессын удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд өрийн таазыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ. Уг тохиролцоо нь зах зээлд бага нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь хөрөнгийн зах зээл уг хэлэлцээрийн нөлөөг түрүүлж шингээсэнтэй холбоотой байлаа. Тохиролцоог дэлгэрүүлбэл, Лхагва гарагт төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг баталсан. Түүний дараа Пүрэв гарагт Сенат тохиролцоог баталж дараа нь уг хуулийн төсөл Баасан гарагт Ерөнхийлөгч Жо Байден эрхмээр батлагдахаар илгээгдсэн байна.
  3. 4-р сард нээлттэй ажлын байр хүлээгдэж байснаас өндөр буюу 10.1 саяд хүрсэн нь мэдээлэгдсэнээр Лхагва гарагт хувьцааны ханш уналттай байлаа. Энэ нь 2023 оны 1-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Мөн 5-р сард ажил олгогчид 339,000 ажлын байр нэмсэн нь хүлээлт болох 190,000 орчим ажлын байрнаас өндөр үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн зах зээл нягт байгаа нь Холбооны нөөцийн санг 6-р сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх дарамтад оруулаад байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн инфляц удааширч буй болон АНУ-ын өрийн таазтай холбоотой хуулийн төсөл батлагдсан нь Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өөрчлөлт багатай байхад нөлөөллөө. STOXX Europe 600 индекс 0.2%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Евро бүсийн инфляцын түвшин 4-р сард 7.0% байсан бол 5-р сард жилийн 6.1% болж удааширлаа. Шинжээчдийн хүлээлт 6.3% байсан юм. Харин хүнс, эрчим хүчний төлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин жилийн 5.3%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа.
  3. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард "Инфляц хэт өндөр хэвээр байгаа бөгөөд хэтэрхий удаан үргэлжлэх төлөвтэй байна" хэмээн дахин онцоллоо. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсээр байгаа нь тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. NIKKEI 225 индекс 2.0%, TOPIX индекс 1.7%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хувьцааны зах зээл өндөр өсөлттэй байгаад гадаад хөрөнгө оруулагчийн тоо нэмэгдэж байгаа болон иений ханшийн сулрал гол нөлөөг үзүүлж байна.
  2. Японы төв банкны ерөнхийлөгч Казуо Уэда төв банк хэт зөөлөн мөнгөний бодлогоосоо татгалзах талаар дэлгэрэнгүй ярилцах нь эрт байна, инфляцын түвшнийг зорилтыг 2%-д хүргэх тодорхой хугацаа байхгүй байна хэмээн онцоллоо. 
  3. АНУ-ын төв банк болон Японы төв банкны Мөнгөний бодлогын зөрүүтэй байдал үргэлжилсээр байгаатай холбоотойгоор иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 6 сарын дээд түвшиндээ хүрч сулраад байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын дефолт болох эрсдэл арилсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.5%, CSI 300 индекс 0.3%-ийн тус тус өсөлттэй байлаа.
  2. БНХАУ-ын үйлдвэрлэлийн Худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 4-р сард 49.2 байсан бол 5-р сард 48.8 болж бууралттай гарлаа. Энэ нь 2 сар дараалан буурч байгаа тохиолдол болоод байна. PMI үзүүлэлт 50-иас доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
  3. БНХАУ-ын шилдэг 100 орон сууцны барилгын компанийн ажил 5-р сард өмнөх оны мөн үеийнхээс 6.7%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Гэсэн хэдий ч өмнөх 2 сарын хугацаанд өссөн үзүүлэлтээс уг өсөлт нь бага үзүүлэлт юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news