ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.06.05 - 2022.06.09
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,985.66 нэгжид хүрч, 0.03%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол улсын 5-р сарын инфляцын түвшин 11.3%-тай гарсан нь өмнөх сараас өөрчлөлтгүй үзүүлэлт боллоо. Уг үзүүлэлт нь 2021 оны 12-р сараас хойших хамгийн бага инфляцын түвшин болж байна. Монгол улсын инфляцын түвшин 2022 оны 6-р сард оргил үедээ хүрсэн буюу 16.1% хүрч үүнээс цааш бууралттай байна.
- Өнгөрөгч 4-р сард Монголиан майнинг корпорэйшн (MMC) 2024 онд дуусах 9.25%-ийн купонтой ам.долларын бонд дээрээ тавьсан тендер саналаа цуцалсан билээ. Уг тендер санал нь хөрөнгө оруулагчдад одоогийн бондыг нэгжийн үнийг нь 1,000 ам.доллароор (par value $100) худалдан авах санал, одоогийн бондыг дуусах хугацаа хүртэл эзэмших санал болон одоогийн эзэмшиж буй бондыг шинэ бонд руу хөрвүүлэх саналыг дэвшүүлээд байсан юм. Тендер санал цуцлагдсанаар шинэ бондын санхүүжилт босгох хугацаа хойшлогдсон юм. Үүнтэй холбоотойгоор Moody's агентлаг 2024 онд дуусах бондын дуусах хугацаа ойртож байгаа тул тус компанийн хөрвөх чадварт эргэлзэж зээлжих зэрэглэлийг бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, Moody's агентлаг хөрвөх чадвар, ирэх улирлуудын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ, бэлэн мөнгөний үлдэгдэл, нөөц зэрэг сул байгааг тооцоолж зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны нөөцийн сангийн 6 сарын 14-д болох Мөнгөний бодлогын хурал болон АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин тун удахгүй мэдээлэгдэх гэж буйтай холбоотойгоор АНУ-ын хувьцааны арилжааны дүн 7 хоногт бага байлаа. Арилжааны хэмжээ бага байсан хэдий ч хувьцаанууд 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.4%, DJIA индекс 0.3%, NASDAQ Composite индекс 0.1% тус тус өсөлттэй хаагдлаа. S&P 500 индекс 2022 оны 10-р сарын дунд үеийн доод нэгжээс 20% өссөнөөр бухын зах зээлд шилжлээ.
- Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй олон нийтийн компани болох Apple Inc жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгчдийн бага хурал дээрээ сүүлийн жилүүдийн хамгийн том шинэ бүтээгдэхүүн болох $3,500 үнэтэй "Apple Vision Pro"-г танилцууллаа. Хөрөнгө оруулагчид уг төхөөрөмжийг хэт үнэтэй хэмээн үзэж тус компанийн хувьцааны ханш танилцуулгын дараа унасан боловч 7 хоногийн сүүл үеэр алдагдлаа нөхсөн юм.
- Пүрэв гарагт мэдээлэгдсэн 7 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 261,000-д хүрсэн нь 2021 оны 10-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Бодлогын хүү дахин өсөх хүлээлт өндөр байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт уналттай байлаа. FTSE 100 индекс 0.6%, STOXX Europe 600 индекс 0.5%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
- Европын төв банкны бодлого боловсруулагчид бодлогын хүүг дараагийн саруудад өсгөх тал дээр санал нэгдэхгүй байгаа ч 6-р сард болох хурлаар дахин бодлогыг хүүг өсөх хандлагатай байна.
- Шинэчилсэн тоон мэдээллээс авч үзвэл Евро бүсийн эдийн засаг 2023 оны 1-р улирал болон 2022 оны 4-р улиралд хоёуланд нь дараалан 0.1% буурснаар, техникийн хувьд эдийн засгийн хямралд орлоо.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд болох NIKKEI 225 индекс 2.4%, TOPIX индекс 1.9%-ийн тус тус 7 хоногт өсөж 33 жилийн дээд түвшнээ шинэчиллээ. Үүнд, Япон улсын 1 улирлын эдийн засгийн өсөлтийн мэдээ, бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буй болон аялал жуулчлалын салбарын идэвхжил нэмэгдэж байгаа нь гол нөлөөг тус тус үзүүллээ.
- АНУ-ын төв банк болон Японы төв банкны Мөнгөний бодлогын зөрүүтэй байдал үргэлжилсээр байгаатай холбоотойгоор иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 6 сарын доод түвшиндээ хүрч сулраад байна.1 ам.доллар 139.22 иентэй тэнцэж 7 хоногт хаагдлаа. Иений ханш сул байгаа нь Японы экспортлогч компаниудад давуу тал үүсгэж буйгаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж байна.
- Япон улсын эдийн засаг 2023 оны 1-р улиралд шинжээчдийн таамаглаж байснаас илүү өндрөөр өслөө. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 1-р улиралд 2.7%-иар өссөн нь шинжээчдийн таамаг болох 1.6%-ийг давсан үзүүлэлт боллоо. Бизнесийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн нь ДНБ өндрөөр өсөхөд гол нөлөөг үзүүлсэн байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтөд хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаатай холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.0%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.7%-ийн уналттай байлаа.
- БНХАУ-ын 5-р сарын инфляцын тоо баримтууд нь дотоод болон гадаад зах зээлийн эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул, залуучуудын ажилгүйдэл өндөр байгааг харууллаа. БНХАУ-ын эдийн засагт дефляцийн эрсдэл нэмэгдэж байна. БНХАУ-ын инфляцын түвшин 5-р сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2%-иар өслөө.
- Caixin/S&P Global үйлчилгээний идэвхжилийн БНХАУ-ын судалгаа 5-р сард 57.1 болж өслөө.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19