{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.06.12 - 2022.06.16

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.06.12 - 2022.06.16


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,515.81 нэгжид хүрч, 1.47%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний 5 сард 2.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 (3.0 дахин) тэрбум ам.доллароор өсжээ. Харин 2023 оны 5 дугаар сард 418.0 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 180.2 (30.1%) сая ам.доллароор буурсан байна. БНХАУ-тай 2023 оны эхний 5 сард 7.1 тэрбум ам.долларын худалдааг хийсэн ба энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.2%-ийг эзэлж байна.
  3. Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргасан билээ. Монголбанкны зорилтот инфляцын түвшин 6%-ийг (+,-2) харгалзан үзвэл Монголбанк 2023 он дуустал бодлогын хүүгээ бууруулахгүй байх төлөвтэй байна. 5-р сарын байдлаар Монгол улсын инфляцын түвшин 11.3% байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нэмэгдэж буй болон 5-р сарын инфляцын түвшин бууралттай гарсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөж улмаар АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 2.6%, DJIA индекс 1.2%, NASDAQ Composite индекс 3.2% тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ өсгөж эхэлснээс хойш 15 сарын дараа анх удаа бодлогын хүүгээ өсгөсөнгүй. ХНС 6 сарын 15-д болсон Мөнгөний бодлогын шийдвэрээрээ бодлогын хүүг өсгөөгүй хэдий ч инфляцын түвшнийг зорилтот 2.0%-д хүргэхийн тулд цаашид ч хумих бодлого баримтлах болохыг зах зээлд дахин санууллаа. Үүний зэрэгцээ бодлогын боловсруулагчдын эдийн засгийн төсөөлөл 2023 оны 2-р улирлын байдлаар дахин шинэчлэгдлээ. Тодруулбал, бодлого боловсруулагчдын 2023 оны 1-р улирлын бодлогын хүүгийн медиан төсөөлөл 5.1% байсан бол шинэчилсэн төсөөллөөр 5.6% болж өссөн байна. Нийт 18 бодлого боловсруулагч байгаагаас 12 нь бодлогын хүүг 2023 оны эцэс гэхэд 5.5%-5.75% болгохыг дэмжиж, медиан төсөөлөл 5.6% дээр тогтсон байна.Тиймээс ХНС 2023 онд дахин 2 удаа бодлогын хүүг 0.25%-иар өсгөх төлөвтэй байна.
  3. АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин 4.9%-иас 4.0%-д хүрч буурлаа. Харин суурь инфляцын түвшин 5-р сард 5.5%-иас 5.3%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Үндсэн инфляцын түвшин бууралттай гарахад хүнс болон эрчим хүчний үнэ ихээр буурсан нь гол нөлөөлсөн байна. Хоол хүнсний үнэ буурахад өндөгний үнэ жилийн өмнөх мөн үеэс 14% буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. 5-р сарын суурь инфляцын түвшин 5.3% байгаа нь 2021 оны 11-р сараас хойших хамгийн доод түвшин юм.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын төв банк өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ өсгөөгүй нь Европын хувьцааны зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.1%, STOXX Europe 600 индекс 1.5%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Европын төв банк суурь хадгаламжийн хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлж 3.5%-д хүргэлээ. Уг хүүгийн түвшин нь сүүлийн 22 жилийн хамгийн өндөр түвшин болж байна. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард инфляцын дарамт буурахгүй бол 7-р сард дахин хүүгийн түвшнийг өсгөнө хэмээн зах зээлд дохио өглөө.
  3. Евро бүсийн аж үйлдвэрийн бүтээмж (Industrial production) 4-р сард төсөөлж байснаас өндөр буюу 1.0%-иар сэргэсэн үзүүлэлттэй гарлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ. Тодруулбал, NIKKEI 225 индекс 4.5%, TOPIX индекс 3.4%-ийн тус тус өсөлтийг үзүүллээ. Япон улсын төв банк хүлээлтийн дагуу хэт сул Мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргасан нь зах зээлийн өсөлтөд гол нөлөөг үзүүллээ. 
  2. АНУ-ын төв банк болон Японы төв банкны Мөнгөний бодлогын зөрүүтэй байдал үргэлжилсээр байгаатай холбоотойгоор иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 7 сарын доод түвшиндээ хүрч суларлаа.1 ам.доллар 141.82 иентэй тэнцэж 7 хоногт хаагдлаа. 
  3. Япон улсын төв банк 6-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа хэт сул зөөлөн мөнгөний бодлогоо хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Тодруулбал, бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийг 0.0%-д барих шийдвэрийг хэвээр хадгаллаа. Мөн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруйн хяналтын хүрээнд дээд хязгаарыг 0.5%-д хэвээр үлдээлээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор тус улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.3%, CSI 300 индекс 3.3%-ийн тус тус өсөлттэй байлаа.
  2. Пүрэв гарагт БНХАУ-ын Ардын Банк дунд хугацааны зээлийн хүүгээ 10 суурь нэгжээр бууруулж, 2.65% болголоо. Энэ нь 2022 оны 8-р сараас хойших анхны хүүгийн түвшний бууралт боллоо.
  3. БНХАУ-ын залуучуудын ажилгүйдлийн түвшин 5-р сард 20.8% болж дээд амжилт тогтоожээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ