{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.06.26 - 2022.06.30

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.06.26 - 2022.06.30


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,899.16 нэгжид хүрч, 1.2%-ийн уналттай хаагдлаа.
  2. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам 7-р сараас эхлэн төрийн албан хаагчдын цалинг 26%-иас 50%-иар нэмэгдүүлэх болохыг мэдээллээ. Монгол улсын зорилтот инфляцын түвшин 6.0% хэдий ч 2021 оны 10-р сараас хойш инфляцын түвшин 10%-иас дээш байна. 2023 оны 5-р сарын байдлаар Монгол улсын инфляцын түвшин 11.3% байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх нь цалингийн үнийн өсөлтөөр дамжсан инфляцын дарамтыг бий болгох хүлээлттэй байна. 
  3. Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 2023 онд 1.8%-ийн уналттай байна. Зах зээл уналттай байгаад Монголбанк Мөнгөний хумих бодлогоо үргэлжлүүлэн баримталж буй нь гол нөлөөг үзүүлж байна. Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 5 дугаар сарын 31 болон 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргаад байгаа билээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт 2.3% өссөн нь 3-р сарын сүүл үеэс хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Инфляцын мэдээ болон АНУ-ын 2023 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн мэдээ хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж улмаар хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Технологийн NASDAQ Composite индекс 2023 оны эхний хагас жилд ойролцоогоор 32% өссөн ба энэ нь 1983 оноос хойших тус индексийн хамгийн өндөр өсөлттэй эхний хагас жил боллоо. Мөн Apple компанийн зах зээлийн үнэлгээ Баасан гарагт 3 их наяд ам.долларыг давсан ба энэ нь олон нийтэд арилжаалагддаг компаниудын хувьд анхны компани болж байна.
  2. Хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 5-р сард сарын өмнөх үеэс 0.1%-иар өссөн нь хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. Мөн 5-р сарын уг үзүүлэлтийг жилийн өмнөх мөн үетэй нь харьцуулбал 3.8% өссөн байгаа нь инфляцын түвшин бууралттай байгаа гэх дохиог өгч байна. 
  3. АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 1-р улиралд 2.0%-ийн өссөн үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийн хүлээлтээс өндөр үзүүлэлт боллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Инфляцын мэдээ таамаглаж байснаас доогуур гарсан нь зах зээлд эергээр нөлөөлж улмаар Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.9%, STOXX Europe 600 индекс 1.9%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Евро бүсийн инфляцын түвшин 5-р сард 6.1%-иас 5.5%-д хүрч буурлаа. Харин суурь инфляцын түвшин 5.3%-иас 5.4%-д хүрч өссөн үзүүлэлттэй байна.
  3. Европын төв банкнаас жил бүр зохион байгуулдаг Төв банкны тухай форумын мэдээнээс дүгнэвэл бодлого боловсруулагчид 7-р сард болох хурлаар бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх төлөвтэй байгаа нь ажиглагдаж байна. Европын төв банкны ерөнхийлөгч "Төв банк хүүгийн түвшнийг дээд цэгт хүрсэн гэж бүрэн итгэлтэйгээр хэлэх боломжгүй байна." хэмээн мэдэгдсэн.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.2%, TOPIX индекс 1.1%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 2023 оны эхний хагас жилийн байдлаар Япон улсын хувьцаанууд дэлхийн улс орнууд дунд хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Гэсэн хэдий ч иений ханшийн сулрал нь хувьцаануудын ам.доллароор илэрхийлэгдэх өгөөжийг бууруулсан сул талтай байна.
  2. Японы иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 7-н сарын хамгийн доод түвшиндээ хүрч суларлаа. Тодруулбал, 1 ам.доллар 144.3 иентэй тэнцэж 7 хоногт хаагдлаа. Хөрөнгө оруулагчид Японы төв банкийг интервенц хийнэ гэх хүлээлттэй байна.
  3. Токио хотын 6-р сарын суурь инфляцын түвшин оны мөн үеэс 3.2%-иар өссөн үзүүлэлттэй байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж улмаар тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.1% өссөн бол CSI 300 индекс 0.6%-ийн бууралттай байлаа. 
  2. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 6-р сард 48.8-аас 49.0-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Сарын өмнөх мөн үеэсээ өссөн хэдий ч 50-аас бага байгаа нь үйлдвэрлэлийн салбарын идэвхжил буурч байгааг харуулж байна. Үйлдвэрийн бус салбарын PMI индекс 5-р сард 54.5 байсан бол 6-р сард 53.2 болж буурчээ.
  3. Ерөнхий сайд Ли Цян нь БНХАУ 2023 онд эдийн засгийн өсөлтөө 5%-д хүргэх зорилтынхоо замд явж байна хэмээн онцоллоо.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ