ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.07.24 - 2022.07.28
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,577.1 нэгжид хүрч, 0.9%-ийн уналттай хаагдлаа. Үндэсний их баяр наадмын амралттай холбогдуулан Монгол улсын хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх 2023 оны дундаж хэмжээтэйгээ харьцуулахад өнгөрөгч 7 хоногт бага байлаа.
- "ХАС БАНК" ХК нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хувьцааныхаа 5.0% буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. Тус компани нь 2023 оны 6-р сарын 30-ны өдрийн байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгөө дараах байдлаар зарцуулсан байна. Иргэдийн зээлийн багц: 17.8 тэрбум төгрөг; Байгууллагын зээлийн багц: 410.9 сая төгрөг; Санхүүгийн түрээсийн багц: 2.7 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ. Одоогоор цэвэр санхүүжилтээс зарцуулагдаагүй үлдэгдэл 13,463,776,627 төгрөг байна.
- 2023 оны 7 сарын 24-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 2.8%, өмнөх 7 хоногоос 1.9%-иар тус тус буурсан байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. DJIA индексийн хувьд 13 дахь өдрөө дараалан өссөн нь тус индексийн 1987 оноос хойших хамгийн удаан хугацаанд дараалан өсөлттэй байгаа тохиолдол болж байна. Топ компаниудын 2-р улирлын тайлан, Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын шийдвэр, чухал эдийн засгийн мэдээнүүд өнгөрөгч 7 хоногт мэдээлэгдсэн боловч зуны амралттай холбогдуулан АНУ-ын хувьцааны зах зээлд арилжааны идэвх бага байлаа.
- Лхагва гарагт АНУ-ын эдийн засаг 2-р улиралд жилийн өмнөх мөн үеэс 2.4%-иар өссөн үзүүлэлтэй гарсан нь мэдээлэгдлээ. Энэ нь өмнөх улирлын 2.0%-ийн өсөлтөөс өндөр болж эдийн засаг зөөлөн газардах магадлалыг нэмэгдүүлээд байна.
- Холбооны нөөцийн сан Лхагва гарагт хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүллээ. Төв банкны тэргүүн Жером Пауэлл хэвлэлийн бага хурал дээр мөнгөний бодлого нь "Эдийн засгийн өсөлт болон инфляцыг бууруулах дарамт болж байна." гэдгийг хүлээн зөвшөөрсөн яриа өглөө. Тэрээр цаашид хүүгийн хэмжээг өөрчлөхөд тухайн үеийн эдийн засгийн мэдээлэлд тулгуурлана хэмээн онцоллоо.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын зах зээл өнгөрөгч 7 хоногт эдийн засгийн мэдээ мэдээллээр дүүрэн байлаа. Холбооны нөөцийн сан болон Европын төв банк нар бодлогын хүүгээ өнгөрөгч 7 хоногт хоёул өсгөсөн хэдий ч хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл өндөр байгаатай холбогдуулан Европын зах зээлийн хувьцаанууд өсөлттэй байлаа. FTSE 100 индекс 0.4%, STOXX Europe 600 индекс 1.2%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын идэвхжилийн PMI индекс 6-р сард 49.9 байсан бол 7-р сард 48.9 болж сүүлийн 8 сарын доод түвшинд хүрч буурлаа. Франц болон Герман улсын PMI индекс энэ сард хоёулаа өндөр бууралттай байлаа.
- Европын төв банк бодлогын хүүгээ өнгөрөгч 7 хоногт 0.25%-иар өсгөж, 3.75%-д хүргэлээ.
- Евро бүсийн 6-р сарын инфляцын түвшин 6.1%-иас буурч 5.5%-д хүрлээ. Евро бүсийн зорилтот инфляцын түвшин 2.0% болохыг харгалзан үзвэл энэ нь зорилтот түвшнээс өндөр үзүүлэлт хэвээр байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.4%,TOPIX индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Японы төв банкны Мөнгөний бодлогын хурал 7 сарын 27-28-д боллоо. Төв банк бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийг 0.0% орчимд барих шийдвэрээ хэвээр хадгаллаа. Японы төв банк мөн Мөнгөний зөөлөн бодлогын тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд өгөөжийн муруйн хяналтыг илүү уян хатан байдлаар явуулна гэдгээ зарлалаа.
- Японы төв банк 2023 оны Япон улсын эдийн засгийн өсөлтийг 1.3% хэмээн таамаглаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Бээжин хот эдийн засгаа дэмжихийн тулд илүү их бодлогын арга авна гэдгээ зарласан нь БНХАУ-ын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 3.4%, CSI 300 индекс 4.5%-ийн тус тус өсөлттэй байлаа.
- Ши Жиньпин тэргүүнтэй БНХАУ-ын шийдвэр гаргагчид буюу Коммунист намын Улс төрийн товчоо 2022 оны 12-р сард 0-Ковид бодлого цуцлагдаж эдийн засаг сэргэж байгаа энэ үед дотоодын хэрэглээг илүү нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн амлалаа. Тэд үл хөдлөх хөрөнгийн салбарт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээ мөн амлаад байгаа юм.
- Блүүмбэргийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид БНХАУ-ын эдийн засгийг 2023 онд 5.2%-иар тэлнэ хэмээн таамаглаж байна. Өмнөх судалгаагаар дийлэнх эдийн засагчид тус улсын эдийн засгийг 5.5%-иар тэлнэ хэмээн таамаглаад байсан юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19