{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.07.31 - 2022.08.04

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.07.31 - 2022.08.04


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ


МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,475.1 нэгжид хүрч, 0.3%-ийн буюу бага хэмжээний бууралттай хаагдлаа. 
  2. МХБ дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулсаар байна. Хувьцаат компаниудыг салбараар нь ангилбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар болон санхүүгийн салбарын компаниудын тайлан сайн гүйцэтгэлтэй байна. Жишээлбэл, Сүү ХК /SUU/ 2023 оны эхний хагас жилд 73.52 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 37.8%, 8.86 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 180.1% тус тус өссөн үзүүлэлт боллоо. Мөн Монос хүнс ХК /MFC/ 2023 оны эхний хагас жилд 16.50 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 18.8%, 2.09 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 38.5% тус тус өссөн үзүүлэлт болоод байна.
  3. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнгээ танилцууллаа. Хар Морь талбайд дөт гүний өрөмдлөг болон геофизикийн хайгуулын хөтөлбөрийг гүйцэтгэж хөтөлбөрийн хүрээнд нийт 1,040 тууш метрийн 18 хайгуулын цооног өрөмдсөн ба Хар Морь талбайн цөмд 9 км2 талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж гүйцэтгэжээ. “Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км2-г хамарсан Хар Морь талбай бөгөөд өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа” гэж корпорацийн зүгээс онцолсон байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл 7-р сард өндөр өсөлттэй байсан бол 8-р сарын эхний 7 хоногийг уналттайгаар эхлүүллээ. Зах зээл уналттай байхад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж өссөн болон АНУ-ын зээлжих зэрэглэл буурсан нь гол нөлөөг үзүүллээ. Голлох индексүүд дундаас технологийн NASDAQ Composite индекс хамгийн ихээр буюу 2.8%-иар буурлаа. Мөн өнгөрөгч 7 хоногт томоохон компаниудын 2-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татлаа. Пүрэв гарагт Amazon болон Apple компаниудын тайлан нийтлэгдсэн ба Amazon компанийн ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг давж улмаар хувьцааны ханш нь 7 хоногт 6% орчим өссөн бол эсрэгээрээ Apple компанийн хувьд Iphone утасны борлуулалт, үйлчилгээний орлого тус тус буурсан нь ашигт ажиллагааг нь бууруулж улмаар хувьцааны ханш нь 7% орчим буурлаа.
  2. Мягмар гарагт Fitch үнэлгээний агентлаг АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг AAA-аас AA+ болгож бууруулсан нь Цагаан ордны дургүйцлийг хүргэж, хөрөнгө оруулагчдыг гайхширууллаа. АНУ-ын санхүүгийн байдал ирэх 3 жилд муудах төлөвтэй гэж Fitch үзжээ. Энэ нь АНУ-ын "Өрийн таазны" хэлэлцээр дахин сунжирч, тус улсын өрийн дарамт нэмэгдэх эрсдэл бодитой гэж үзсэнтэй холбоотой байна. Мөн тус үнэлгээний агентлаг “АНУ-ын засаглалын стандарт нь төсвийн болон өрийн тал дээр сүүлийн 20 жилийн хугацаанд тогтмол муудаж байна" гэж мэдэгдлээ. Уг шийдвэрийг тус улсын Сангийн сайд Жанет Йеллен “Дур зоргоороо, хуучирсан мэдээлэлд үндэслэсэн байна” гэж шүүмжлээд байна. Хамгийн өндөр нөлөөтэй зээлжих зэрэглэлийн 3 үнэлгээний агентлагууд дундаас хамгийн сүүлд “Standard & Poor's” АНУ-ын зээлжих зэрэглэлийг 2011 онд AA+ түвшин рүү бууруулж байсан юм.
  3. АНУ-ын эдийн засагт 7-р сард 187,000 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Энэ нь 6-р сард нэмэгдсэн 185,000 ажлын байртай ойролцоо үзүүлэлт болж байна. Мөн ажилгүйдлийн түвшин 7-р сард 3.6%-иас 3.5%-д хүрч буураад байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Зах зээл бууралттай байхад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж ихэссэн болон Европын томоохон компаниудын 2-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй нь гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.7%, STOXX Europe 600 индекс 2.4%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Пүрэв гарагт Английн төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж 5.25%-д хүргэлээ. Энэ нь Английн төв банкны 14 дэх дараалсан бодлогын хүүг өсгөсөн тохиолдол болж байгаа ба сүүлийн 15 жилийн дээд түвшин болж байна. Өнгөрсөн 6 сард инфляцын түвшин сүүлийн 15 сарын доод түвшин буюу 7.9% хүрсэн ч Англи улсын Мөнгөний Бодлогын Хороо "Эдийн засгийг мэдэгдэхүйц эргэлтийн цэг дээр байна гэж дүгнэхэд эрт байна" гэж анхааруулсан билээ. Мөн Английн төв банкны захирагч Эндрю Бэйли инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд бодлогын хүүг өндөр түвшинд байлгах шаардлагатайг онцлоод байгаа юм.
  3. Евро бүсийн 7-р сарын инфляцын түвшин 5.5%-иас 5.3%-д хүрч буурлаа. Гэсэн хэдий ч уг үзүүлэлт нь Европын төв банкны зорилтот 2.0%-иас өндөр түвшин хэвээр байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын зээлжих зэрэглэл буурсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.7%,TOPIX индекс 0.7%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Японы төв банк Мөнгөний зөөлөн бодлогын тогтвортой байр сууриа хэвээр хадгалж, Япон улс нь АНУ-тай Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлыг үргэлжлүүлсэн хэвээр байна. Иений ханш 141.2 орчим ам.доллартой тэнцэж байсан бол 7 хоногт иений ам.доллартой харьцах ханш 141.8 орчим болж иений ханш суларлаа. Япон улсын Сангийн яам иений ханшийг чангаруулахын тулд валютын зах зээлд интервенц хийж магадгүй гэсэн таамаг үргэлжилсээр байна.
  3. 7-р сард Япон улсын үйлчилгээний салбарын идэвхжил удааширлаа. Тодруулбал, 7-р сарын үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт 54.0-ээс 53.8 болж буурлаа. Мөн нөгөөтээгүүр үйлдвэрлэлийн салбарын PMI 49.8-аас 49.6 болж буурлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бээжин хот эдийн засгаа дэмжихийн тулд бодлогын арга авна гэдгээ зарлаад байгаа билээ. Үүний нөлөөгөөр БНХАУ-ын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.4%, CSI 300 индекс 0.7%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. БНХАУ-ын төв банкны шинэ ерөнхийлөгч Пан Гоншэнг БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого баримталж ажиллахаа амлалаа. Орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийн харьцааг бууруулж ажиллахад цаашид чиглүүлж бодлогын арга хэмжээ авах юм байна.
  3. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын PMI үзүүлэлт 7-р сард 49.0-ээс 49.3 болж өслөө. Гэсэн хэдий ч уг үзүүлэлт 50.0-ээс доогуур байгаа нь үйлдвэрлэлийн салбар агшилттай байгааг илэрхийлж байна. Мөн үйлдвэрлэлийн бус PMI үзүүлэлтийн хувьд  53.2-оос 51.5-т хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ