{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.07 - 2022.08.11

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.07 - 2022.08.11


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,861.7 нэгжид хүрч, 1.7%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Монгол улсын 7-р сарын инфляцын түвшин 9.2% гарлаа. Инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 9.2%-иар өсөх дараах бүтээгдэхүүнүүд голлон нөлөөлжээ.
    * Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4%,
    * Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3%,
    * Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1%,
    * Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5%,
    * Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5%,
    * Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6%,
    * Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.3%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
  3. "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 8-р сарын 9-ний өдөр хуралдаж нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. Тус компани нь ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоож, 2024 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн дотор ногдол ашгийг хуваарилахаа мэдэгдлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, өсөлттэй ангиллын хувьцаануудыг илтгэх NASDAQ Composite индекс 1.9%-ийн уналттай хаагдсан бол үнэ цэнтэй ангиллын хувьцаануудыг төлөөлөх DJIA индекс 0.6%-ийн өсөлттэй хаагдлаа. АНУ-ын 7-р сарын инфляцын түвшний мэдээ мэдээлэгдсэн ба уг мэдээ нь 7 хоногт хөрөнгө оруулагчдын санааг их зовниолоо. Учир нь инфляцын түвшнээс хамаарч Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн ирээдүйн төсөөлөл өөрчлөгдөх өндөр магадлалтай байгаа юм.
  2. АНУ-ын хувьцаануудыг салбараар нь ангилбал эрүүл мэндийн салбарын хувьцаанууд өндөр өсөлтийг 7 хоногт үзүүллээ. Харин зээлийн хүү дахин өсөх хүлээлт өндөр байгаа нь мэдээллийн технологийн салбарын хувьцаануудын ханш уналттай байхад гол нөлөөг үзүүллээ. 
  3. АНУ-ын 7-р сарын инфляцын түвшин 3.2% гарлаа. Энэ нь сарын өмнөх түвшнээс 0.2%-иар өссөн үзүүлэлт юм. АНУ-ын зорилтот инфляцын түвшин 2.0% болохыг харгалзан үзвэл 3.2% нь өндөр түвшин болж байна. Нью-Йоркийн Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Жон Уильямс "Бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх тун дөхөж байна. 2024 оноос бодлогын хүүг бууруулах төлөвтэй байна." гэж 7 хоногт мэдээллээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний уналттай байлаа. Италийн Засгийн газар арилжааны банкнуудаасаа нэмэлт татвар авах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. FTSE 100 индекс 0.5%-иар буурсан бол STOXX Europe 600 индекс өөрчлөлтгүй байлаа.
  2. Италийн Засгийн газар арилжааны банкнуудын хүүгийн орлогын 40%-д татвар ногдуулна хэмээн 7 хоног зарлалаа. Үүнтэй холбоотойгоор 3-р сард болсон Credit Suisse банкны бүтэлгүйтлээс хойш банкны салбарын хувьцаануудын ханш ихээр буурлаа.
  3. Их Британийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 2-р улиралд өмнөх улирлаасаа 0.2%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй гарсанд хувийн хэрэглээний зардал болон бизнесийн хөрөнгө оруулалтын дүн ихэссэн нь гол нөлөөг үзүүлжээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.9%,TOPIX индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Зах зээл өсөлттэй байхад Япон улсын томоохон компаниудын орлогын төсөөлөлд шинжээчид өндөр хүлээлттэй байгаа нь эерэг нөлөө үзүүллээ. Мөн БНХАУ-аас Пүрэв гарагт 2020 оны 1-р сараас эхэлсэн COVID-19 тахлын хязгаарлалтаа цуцалж, Япон улс  руу чиглэсэн аялал жуулчлалын салбарыг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн нь зах зээл өсөлттэй байхад дэмжлэг үзүүллээ.
  2. Япон улсын 7-р сарын өргөн хэрэглээний барааны үнийн индекс жилийн өмнөх мөн үеэс 3.6% өссөн үзүүлэлттэй гарлаа. 
  3. Япон улсын хөдөлмөрийн зах зээлд цалингийн үнийн өсөлт 6-р сард 2.3%-ийн өсөлттэй гарлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн цаашдын өсөлтөд санаа зовниж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 3.0%, CSI 300 индекс 3.4%-ийн тус тус уналттай байлаа.
  2. БНХАУ-ын 7-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 0.3%-ийн бууралттай гарлаа. Энэ нь 2021 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшин болж байгаа бөгөөд тус улсын эдийн засагт эрэлт суларч байгаагийн дохио болж байна. 
  3. БНХАУ-ын экспорт 7-р сард жилийн өмнөх мөн үеэс 14.5%-ийн бууралттай гарлаа. Энэ нь 2020 оны цар тахлаас хойших хамгийн муу үзүүлэлт болоод байна. Мөн импорт 12.4%-ийн бууралттай гарлаа. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ