{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.14 - 2022.08.18

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.14 - 2022.08.18


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,948.57 нэгжид хүрч, 0.2%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны эхний хагас жилд 6.4%-иар өслөө. 2023 оны эхний хагас жилд Монгол улсын ДНБ 6.4%-иар өссөний -1.7%-ийг хөдөө аж ахуйн салбар, 3.9%-ийг уул уурхай,олборлолтын салбар, 0.3%-ийг аж үйлдвэр, барилгын  салбар, 3.5%-ийг үйлчилгээний салбар, 0.4%-ийг бүтээгдэхүүний цэвэр татвар тус тус бүрдүүлсэн байна.
  3. Гадаад валютын улсын нөөц 2022 оны 7-р сард 2.9 тэрбум ам.доллар байсан бол 2023 оны 8-р сард 3.8 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 32.9%-иар нэмэгдлээ. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж өссөн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч буй нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлөө. Зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2.1%, DJIA индекс 2.2%, NASDAQ Composite индекс 2.6% тус тус 7 хоногт бууралттай байлаа. NASDAQ Composite индекс 7 хоногт хамгийн ихээр буурсан ба энэ нь тус индекс дэх дийлэнх компаниудыг хүүгийн түвшинд мэдрэг өсөлттэй ангиллын компаниуд бүрдүүлдэгтэй холбоотой байна.
  2. АНУ-ын 7-р сарын жижиглэнгийн борлуулалт сарын өмнөх мөн үеэс 0.7%, аж үйлдвэрийн үйлдвэрлэл (Industrial Production) сарын өмнөх мөн үеэс 1.0%-ийн тус тус өсөлттэй гарлаа. Эдгээр үзүүлэлтүүд болон эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг нийтэд нь дүгнэхэд АНУ-ын эдийн засаг 2023 онд хямралд өртөхгүй байх магадлал нэмэгдээд байна. 
  3. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь эрэлт өндөр байгааг илэрхийлж байгаа билээ. Гэтэл төв банк бодлогын хүүгээ өсгөх аргаар эрэлтийг бууруулж улмаар инфляцыг хянахаар зорьж байгаа юм. Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын дараагийн хурал 7-р сарын 25-26-нд болох ба эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа энэ үед төв банк ямар шийдвэр гаргах нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зах зээл уналттай байхад БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон цаашид өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа Европын зээлийн хүү гол сөрөг нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 3.5%, STOXX Europe 600 индекс 2.3%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Их Британийн ажилгүйдлийн түвшин 7-р сард 4.2% болж өслөө. Их Британийн хөдөлмөрийн зах зээлийн 7 хоногийн дундаж орлого бонус цалинг хасаж тооцсоноор жилийн өмнөх мөн үеэсээ 7.8% өссөн байна. Энэ нь цалингийн үнээр дамжсан инфляцын дарамтыг үүсгэж байна. Тус улсын 7-р сарын инфляцын түвшин 7.9%-иас 6.8%-д хүрч буурлаа.
  3. Норвегийн төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж, 4.0%-д хүргэлээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй эрсдэл нь тус улсын эдийн засгийн хэтийн төлөвт сөрөг нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа билээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар NIKKEI 225 индекс 3.1%,TOPIX индекс 2.9%-ийн тус тус бууралттай хаагдлаа. 
  2. Япон улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 2-р улиралд жилийн өмнөх мөн үеэсээ 6.0%-ийн өсөлттэй гарлаа. Цэвэр экспорт ихээр нэмэгдсэн нь ДНБ өндөр өсөлттэй гарахад гол нөлөөг үзүүлжээ. Харин цэвэр экспорт ихээр нэмэгдэхэд эрэлт өндөр байгаа болон иений ханшийн сулрал гол нөлөөг үзүүлсэн байна. 
  3. Япон улсын 7-р сарын суурь инфляцын түвшин 3.1% гарлаа. Энэ нь 2.0%-ийн зорилтот инфляцын түвшнээс өндөр үзүүлэлт юм. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн цаашдын өсөлтөд санаа зовниж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.8%, CSI 300 индекс 2.6%-ийн тус тус уналттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын статистикийн хороо 7-р сард ажилгүйдлийн түвшин 5.3%-д хүрч өссөнийг мэдээллээ. Харин залуучуудын ажилгүйдлийн түвшин хэрхэн өөрчлөгдсөнийг мэдээлсэнгүй. Тус улсын залуучуудын ажилгүйдлийн түвшин 2023 онд сар бүр өсөж 6-р сард түүхэн дээд буюу 21.3% түвшинд хүрсэн юм. Залуучуудын ажилгүйдлийн түвшин хэрхэн өөрчлөгдсөнийг мэдээлээгүйг улс төрийн хувьд эмзэг байдал үүсгэнэ гэж үзэж бодлогын хүрээнд мэдээлсэнгүй гэж дүгнэж болохоор байна.
  3. БНХАУ-ын хамгийн том 70 хотод 7-р сард шинэ орон сууцны үнэ  дунджаар 0.23%-иар буурсан байна. Ийнхүү үнэ буурсан нь 2023 оны анхны тохиолдол болж байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ