{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.21 - 2022.08.25

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.21 - 2022.08.25


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ


МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,586.67 нэгжид хүрч, 1.0%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. 2023 оны 2-р улиралд Монгол улсын хөрөнгийн зах зээлд нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өссөн үзүүлэлт болж байна. Нийт арилжааны 80.5%-ийг хувьцааны, 4.6%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 7.0%-ийг компанийн бондын, 7.9%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзэлж байна.
  3. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсөж 10,998.6 тэрбум төгрөгт хүрсэн бол хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.0% байна. Биржийн бус зах зээлд 29 үнэт цаас гаргагчийн 677.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 85 транч өрийн хэрэгслийг бүртгэж, 474.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн ба 200.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл гарахаар хүлээгдэж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын эдийн засгийн мэдээлэл болон Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын цаашдын төлөв хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад холимог байдлаар 7 хоногт нөлөөллөө. Өсөлттэй ангиллын хувьцаанууд үнэ цэнтэй ангиллын хувьцаануудаас илүү өндөр өсөлтэй байсан ба хиймэл оюун ухаан төвтэй чип үйлдвэрлэгч NVIDIA компанийн ээлжит тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан гүйцэтгэлтэй гарсан нь гол нөлөөг үзүүллээ. Нөгөөтээгүүр үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд ханш уналттай байхад зээлжих зэрэглэл тогтоогч S&P Global агентлаг банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулж буй нь гол нөлөөтэй байлаа.
  2. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлдэг S&P Global PMI үзүүлэлт 8-р сард бууралттай байлаа. Тодруулбал, 8-р сарын үйлдвэрлэлийн салбарын S&P Global PMI 49.3-аас 47.0 болж буурсан бол үйлчилгээний салбарын S&P Global PMI мөн адил 52.3-аас 51.0 болж буурлаа.
  3. Жексон Хоул симпозиумын өмнө Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Жером Пауэлл "Бодлогын хүү өндөр байгаа нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл болон цалингийн өсөлтийг удаашруулж байна. Санхүүгийн системийн хувьд зээлийн хүүг өсгөж эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна." хэмээн онцоллоо. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Европын зах зээлд байгалийн хийн ханш буурсан болон Европын зээлийн хүү тун удахгүй дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа нь гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.0%, STOXX Europe 600 индекс 0.7%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Евро бүсийн эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх HCOB Flash Eurozone Composite PMI Output индекс 8-р сард 48.6-аас 47.0 болж буурлаа. Энэ нь сүүлийн 33 сарын хамгийн доод үзүүлэлт болж байна.   
  3. Их Британийн бизнесийн идэвхжилийг илэрхийлэх Flash UK PMI Composite Output индекс 50.8-аас 47.8 болж буурлаа. Энэ нь 2021 оны 1-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.6%,TOPIX индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг нийлүүлсэн Япон улсын 8-р сарын PMI үзүүлэлт 52.2-оос 52.6 болж өслөө.
  3. Иений ханш 2023 оны 3-р сараас хойш ам.долларын эсрэг сулраад байгаа билээ. Уг трендийнхээ дагуу өнгөрөгч 7 хоногт иений ханш ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар 146 иентэй тэнцлээ. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрвөх чадварын эрсдэл, дефляцийн шинж тэмдэг болон залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгаад хөрөнгө оруулагчид санаа зовниж байна. Үүний нөлөөгөөр тус улсын голлох хоёр индекс 7 хоногт уналттай байлаа. Shanghai Composite индекс 2.2%, CSI 300 индекс 2.0%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. БНХАУ-ын голлох хоёр индекс ийнхүү 7 хоногт бууралттай байснаар 2023 онд сөрөг өгөөжтэй болж эхэллээ. 
  2. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт муудаж буй шинж тэмдэг ажиглагдаж байхын зэрэгцээ тус улсын Засгийн газраас бууралтыг зогсоох бодлогын арга хэмжээ авах боломж бага байгаа нь тус улсын хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна.
  3. Шинжээчид БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтыг тус улсад системийн нөлөө бүхий эрсдэл үүсгэх магадлал бага гэдэгтэй санал нэгдэж байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news