ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.02 - 2022.10.06
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,811.8 нэгжид хүрч 1.8%-ийн уналттай хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 7.3% буурсан үзүүлэлттэй байна.
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу "УЛААНБААТАР БОНД"-ын үнэт цаас гаргагчаас нэмэлт мэдээлэл авах шаардлага үүссэн тул Санхүүгийн Зохицуулах Хороо 10 сарын 2-ны өдөр анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулахаар шийдвэрлэлээ. Тус бондын дэд андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэхүү өрийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг харилцагчдадаа цаг тухайд нь шуурхай хүргэх болно.
- 2023 оны 10 сарын 4-ний өдөр зээлжих зэрэглэл тогтоодог "Moody's" агентлаг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Компанийн хөрвөх чадварын сул менежмент болон 2024 оны 2 сард төлөх 223 сая ам.долларын бонд дахин санхүүжих боломжтой эсэхийг харгалзан үзэж зээлжих зэрэглэлийг бууруулахаар ажиглаж байгаа байна. Монгол Улсын төв банкны хувьд сүүлийн 2 жил өндөр инфляцыг зорилтот 6%-д хүргэхээр бодлогын хүүгээ өсгөсөөр 13%-д хүргээд байгаа билээ. Энэ нь зах зээл дээр хүүгийн түвшнийг өсгөж компани бондоо дахин санхүүжүүлэхэд сөрөг тал үүсгэж болохыг мөн тооцоолсон байна. “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг Moody's B3, S&P B-, Fitch B- гэж сүүлийн байдлаар тус тус үнэлсэн байгаа юм.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийн төлөөлөх S&P 500 индекс 7 хоногт 0.5%-ийн өсөлттэй байлаа. Хувьцааны зах зээл өсөлттэй байхад том зах зээлийн үнэлгээтэй технологийн компаниудын хувьцааны ханш бусад салбарын хувьцаануудаас илүү ихээр өссөн нь гол нөлөөг үзүүллээ. Хувьцаануудын арилжааны идэвх 7 хоногийн турш 2023 оны дундаж хэмжээгээсээ бага байсан бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчид Баасан гарагт мэдээлэгдэх ажил эрхлэлтийн мэдээг хүлээж байсантай холбоотой байлаа. Учир нь ажил эрхлэлтийн үзүүлэлтээс хамаарч Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын дараагийн шийдвэр хэрхэн гарч болохыг хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа юм.
- АНУ-ын Хөдөлмөрийн яам 9-р сард тус улсын хөдөлмөрийн зах зээлд 336,000 хөдөө аж ахуйн бус ажлын байр нэмэгдсэн болохыг мэдээллээ. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс 2 дахин өндөр дүн болж хөдөлмөрийн зах зээл нягт байгааг дахин баталлаа. Мөн уг мэдээ нийтлэгдсэний дараа хувьцаануудын ханш өсөж эхэлсэн.
- АНУ-ын нэг цагийн дундаж орлого 9-р сард сарын өмнөх мөн үеэс 0.2%, жилийн өмнөх мөн үеэс 4.2% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2021 оны 6 сараас хойших хамгийн доод түвшин болж байна. Ажиллах хүчний оролцооны түвшний хувьд 62.8%-д хүрээд байгаа нь Ковид цар тахал эхэлснээс хойш буюу 2020 оны 2-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Ажилчдын эрэлт ихсэх бус нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь инфляц буурах таатай орчныг бүрдүүлж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. Зах зээлийн уналт нь зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлт болон эдийн засгийн хэтийн төлөвт санаа зовниж буй хөрөнгө оруулагчдын гутранги хүлээлтээс үүдэлтэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.5%, STOXX Europe 600 индекс 1.2%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
- Евро бүсийн эдийн засгийн өсөлт 2023 оны 3-р улиралд саарсан байх магадлалтай байна.Тодруулбал, эдийн засгийн идэвхжилийг илэрхийлдэг S&P Global Худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 9-р сард 47.2 болж, 4 дэх сараа дараалан буурлаа. (PMI үзүүлэлт 50-аас бага байх нь эдийн засгийн идэвхжил суларч байгааг илэрхийлдэг.)
- Евро бүсийн жижиглэнгийн борлуулалтын дүн 8-р сард сарын өмнөх үеэсээ 1.2%-ийн бууралттай гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Томоохон төв банкнуудын зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлттэй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Япон Улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 2.7%, TOPIX индекс 2.6%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
- Япон Улс болон АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн зөрүүтэй байдал үргэлжилсэн хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор иений ханш үргэлжлэн суларч 1 ам.доллар 150 орчим иентэй тэнцэх үед Японы Сангийн яам валютын захад интервенц хийж иений ханшийн уналтыг зогсоосон гэсэн таамаг 7 хоногт тархлаа. Японы Сангийн яамны албан тушаалтнууд иений ханш сүүлийн 11 сарын хамгийн доод түвшинд хүрсний дараа интервенц хийсэн эсэхээ батлахгүй байгаа хэдий ч үгүйсгэхгүй байна. 7 хоногт 1 ам.доллар 149 иентэй тэнцэж хаагдсан.
- Япон Улсын үйлчилгээний салбарын 9-р сарын PMI үзүүлэлт 54.3-аас 53.8-д хүрч буурлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Намрын дунд сарын баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын санхүүгийн зах зээл өнгөрсөн долоо 7 хаалттай байлаа. Тус улсын хөрөнгийн зах зээл 10 сарын 9-д нээгдэнэ.
- БНХАУ-ын үйлдвэрлэлийн PMI 8-р сард 49.7 байсан бол 9-р сард 50.2-д хүрлээ. Үйлдвэрлэлийн бус салбарын PMI 8-р сард 51.0 байсан бол 51.7 болж өслөө.
- БНХАУ нь дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй зэрэг томоохон эдийн засгийн сорилтуудтай тэмцэж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19