ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.16 - 2022.10.20
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол Улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт тогтвортой үзүүлэлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,005.3 нэгжид хадгалагдаж өмнө долоо хоногийн мөн үеэс өөрчлөлтгүй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 6.8% буурсан үзүүлэлттэй байна.
- 7 хоногт "Инвескор ББСБ" ХК-ийн нийт 817.8 сая төгрөгийн хувьцаа арилжаалагдаж хамгийн идэвхтэй үнэт цаасаар тодорсон бол хамгийн их өсөлттэй үнэт цаасаар "Глобал Монголиа Холдинг" ХК 52.0 хувийн өсөлт үзүүлснээр, хамгийн их бууралттай үнэт цаасаар "Дархан гурил тэжээл" ХК 27.5 хувийн уналт үзүүлснээр тус тус тодорлоо.
- Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 7 хоногийн эцэст 10.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
- Нээлттэй хувьцаат компаниудын III-р улирлын тайлан МХБ дээр нийтлэгдэж эхэлсэн ба өнгөрсөн долоо хоногт "Говь" ХК, "Хас Банк" ХК-иудын тайлан нийтлэгдсэн байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал S&P 500 индекс 2.4% буюу сүүлийн нэг сарын хамгийн том долоо хоногийн уналтыг үзүүллээ. DIJA индекс 1.6% унасан бол Nasdaq Composite индекс бусад голлох индексүүдээс хамгийн их уналтыг үзүүлсэн бөгөөд бараг л баавгайн зах зээл буюу уналт руу шилжих дөхөж, 2022 оны эхэн үеийн өдрийн дээд үзүүлэлтээсээ 19.91%-аар доогуур түвшинд хаагдлаа. Геополитикийн асуудал, Холбооны Нөөцийн Сангийн албан тушаалтнуудын удаа дараа сүүлд хийсэн бодлогын хүүгийн түвшнийг удаан хугацаанд өндөр түвшинд барих төлөвтэй, шаардлагатай бол нэмж өсгөх дохиог зах зээлд өгсөн мэдэгдэл, тус мэдэгдэлтэй холбоотой урт хугацааны бондын өгөөж сүүлийн 16 жилийн шинэ дээд цэгт хүрсэн зэрэг нь зах зээлд сөргөөр нөлөөлсөн байна.
- Долоо хоногийн сүүлчээр Ойрх Дорнодод болж буй үйл явдалтай холбоотой сөрөг мэдээлэл бага байсан нь S&P 500 индекс 15 дахь долоо хоногтоо даваа гарагийг өсөлттэй эхлүүлсэн ч долоо хоногийн сүүлээр дайны байдал улам хурцадсан нь хувьцаануудыг уналттай хаагдахад голлон нөлөө үзүүллээ. Тодруулбал, Пүрэв гарагийн үдээс хойш АНУ-ын Тэнгисийн цэргийн арми Израилын зүг чиглэж байсан далавчит пуужинг харвасан тухай мэдээлсний дараа хувьцааны ханш огцом унасан юм.
- ХНС-ын дарга Жером Пауэлл пүрэв гарагт Нью-Йорк хотноо хийсэн тайлбартаа "санхүүгийн нөхцөл байдал тодорхой чангарч байгааг" хүлээн зөвшөөрсөн бөгөөд илтгэлийн дундуур хувьцаануудын ханш өсөж байв. Гэвч илтгэлийн дараа сэтгүүлчийн асуусан “Хүүгийн түвшин хэт өндөр байна уу? гэх асуултад би үгүй гэж хэлэх ёстой хэдий ч өндөр хүү хүн бүрд хэцүү” гэх утгатай хариулт хэлсний дараа хувьцаануудын ханш огцом унасан байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын STOXX Europe 600 индекс хүүгийн түвшний талаарх тодорхойгүй байдал, Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн улам хурцдаж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолын улмаас 3.44%-аар буурчээ. Мөн дээрх эрсдэлүүдээс гадна 3-р улирлын санхүүгийн тайлангууд хүлээгдэж буй үр дүнд хүрэхгүй байгаатай холбоотой хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэл итгэлийг 7 хоногт улам дордуулсан байна.
- Бусад томоохон хөрөнгийн зах зээлийн индексүүд мөн улаанаар хаагдлаа. Италийн FTSE MIB 3.12%, Германы DAX 2.56%, Францын CAC 40 индекс 2.67% буурсан үзүүлэлттэй байна. Их Британийн FTSE 100 индекс мөн 2.60 хуваар буурсан байна.
- Eвропын төв банк нефтийн үнийг хянаж байгаа бөгөөд бодлого боловсруулагчид ханшийг хэсэг хугацаанд барина хэмээн мэдэгдсэн. Ойрх Дорнод дахь дайнаас үүдэлтэй нефтийн үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын эрсдэлийг онцоллоо. Үүний зэрэгцээ төв банкны ахлах эдийн засагч Филипп Лэйн Нидерландын сонинд ярилцлага өгөхдөө Төв банк инфляц 2%-ийн зорилтот түвшинд хүрч буурахыг хавар хүртэл хүлээх шаардлагатай байж магадгүй гэж мэдэгджээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Японы хөрөнгийн зах зээл долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.3%, TOPIX индекс 2.3% буурсан байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн сүүлд өгсөн мэдээллээр хүүгийн түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байх болно гэж мэдэгдсэн нь бондын өгөөжийн өсөлтийг бий болгосон. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.76%-аас 0.83%-д хүрч, сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
- Иен ам.долларын эсрэг 149 иений дээд цэгт арилжаалагдаж, 150 иений босгод дөхөж очсон нь Японы эрх баригчдыг иений ханшийн уналтыг зогсоох оролдлого хийх болно гэж олон хүн таамаглаж байна. Засгийн газар валютын ханшийн хэт савлагаа байна гэж үзвэл валютын захад интервенц хийхэд бэлэн гэдгээ дахин мэдэгдсэн. Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол ийм хэт савлагаа нь энгийн иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч, бодит эдийн засагт хохирол учруулж болзошгүй байгаа юм.
- Инфляц удааширч байгаа ч төв банкны зорилтот төвшнөөс дээгүүр хэвээр байгаа тул цалингийн өсөлтөд анхаарлаа хандуулсан хэвээр байна. Японы инфляцын түвшин 9-р сард буурч, хэрэглээний үнийн үндсэн индекс өнгөрсөн оны мөн үеэс 2.8%-аар өсөж, 8-р сарын 3.1% төвшнөөс буурсан байна. Гэсэн хэдий ч үнийн өсөлт 18 дахь сардаа зорилтот 2%-аас давсан хэвээр байгаа бөгөөд төв банк 10-р сарын хурлаар инфляцын таамаглалаа эргэн харах төлөвтэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын асуудал даамжирч байгаатай холбоотой Хятад улсын хувьцааны ханш 7 хоногт огцом уналаа. Shanghai Composite Index 3.4%-аар, CSI 300 4.17%-аар тус тус буурлаа. Хонг Конгод Hang Seng индекс 3.6%-аар буурсан байна.
- Эдийн засгийн өсөлт 3-р улиралд таамаглаж байснаас илүү буюу 4.9 хуваар өссөн байна. Тус улсын эдийн засаг 2-р улиралд 6.3 хувийн өсөлтийг үзүүлсэн ба өмнөх улирлаас буурсан үзүүлэлтийг харуулсан байна. Таамаглаж байснаас өндөр өсөлт үзүүлсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай байгаа нь илүү хөрөнгө оруулагчдын санааг зовоож байсан учир уналтыг үзүүлсэн байна.
- Бусад мэдээллүүд нь Хятадын эдийн засгийн зарим хэсэг тогтворжиж байгааг харуулж байна. Жижиглэнгийн борлуулалт 9-р сард өмнөх оны мөн үеийнхээс 5.5%-аар, 8-р сард 4.6%-аар өссөн байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт наймдугаар сараас өөрчлөгдөөгүй, харин хот суурин газрын ажилгүйдлийн түвшин бага зэрэг буурсан байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19