ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.30 - 2022.11.03
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 36,128.87 нэгжид хүрч 1.52%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол Улсын Хөгжлийн Банк 2023 оны 10 сарын 23-ны өдөр олон улсын бондын зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн 500 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө бүрэн төлж дуусгасан билээ. Тус бондын эргэн төлөлттэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрөө 100% өөрийн эх үүсвэрээр төлж барагдууллаа. Монгол Улс бондын өр төлбөрөө төлөвлөгөөт хугацаандаа төлж барагдуулсан нь олон улсад санхүүгийн сахилга баттай байдлыг харуулах, гаднын хөрөнгө оруулагчдад итгэл хүлээлгэх, зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалахад сайн нөлөө үзүүлнэ." хэмээн онцоллоо.
- Өнгөрөгч 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа 871,077,165 төгрөг, АПУ ХК-ийн хувьцаа 555,445,997 төгрөг, ХААН БАНК ХК-ийн хувьцаа 115,321,091 төгрөгөөр тус тус арилжаалагдсан нь арилжааны дүнгээр хувьцаат компаниуд дотроо тэргүүлсэн үзүүлэлт боллоо.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт 5.85%-ийн өсөлттэй буюу сүүлийн 1 жил дэх хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Хувьцааны зах зээл өсөлттэй байхад Холбооны нөөцийн сан зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ өсгөөгүй буюу хүүгийн түвшний интервалыг 5.25%-5.50%-д хэвээр хадгалсан нь голлон нөлөөллөө. Мөн АНУ-ын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж байгааг илтгэх статистикууд өнгөрөгч 7 хоногт нийтлэгдсэн нь бодлогын хүүг цаашид өсгөх шаардлагагүй гэх хүлээлтийг хөрөнгө оруулагчдад үүсгэсэн юм. Уг хүлээлт нь зах зээл өсөлттэй байхад мөн эергээр нөлөөллөө.
- Хөрөнгө оруулагчид Баасан гарагт мэдээлэгдсэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистикт өндөр анхаарал хандуулаа. Тодруулбал, Баасан гарагт АНУ-ын ажил олгогчид 10-р сард 150,000 ажлын байр бий болгосон үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийн хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. Мөн АНУ-ын 10-р сарын ажилгүйдлийн түвшин 3.9%-д хүрч өссөн үзүүлэлт нийтлэгдлээ. Уг хоёр үзүүлэлт нь тус улсын хөдөлмөрийн зах зээлийн нягт байдал намжиж байгаагийн дохио болж байна.
- АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн нэг цагийн дундаж орлого 10-р сард сарын өмнөх үеэс 0.2%, жилийн өмнөх мөн үеэс 4.1% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Уг үзүүлэлт нь шинжээчдийн хүлээлттэй харьцуулахад доогуур байна. Нэг цагийн дундаж орлогын өсөлт удааширч байгаа нь цалингийн үнийн өсөлтөөр дамжсан инфляцын дарамтыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Зээлийн хүү дээд түвшиндээ хүрсэн байж магадгүй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн Европын хувьцааны зах зээлийн гол индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.73%, STOXX Europe 600 индекс 3.41%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Английн төв банк зээлийн хүүгийн түвшнийгээ өсгөлгүй 5.25%-д хэвээр хадгаллаа. Уг түвшин нь сүүлийн 15 жилийн дээд түвшин юм. Зээлийн хүүг хэдийгээр өсгөөгүй боловч хүүгийн түвшнийг бууруулах хараахан болоохгүй болохыг бодлого боловсруулагчид онцолсоор байна. Английн төв банк нь 2025 оны сүүл үеэр инфляцын түвшнийг 2.0%-д хүргэнэ гэх төсөөлөлтэй Мөнгөний бодлого боловсруулан ажиллаж байна.
- Евро бүсийн 10-р сарын инфляцын түвшин 4.3%-аас 2.9%-д хүрч буурлаа. Инфляц эрчимтэй буурахад эрчим хүч болон хоол хүнсний үнэ буурсан нь голлон нөлөөлжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон Улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 3.09%,TOPIX индекс 3.00%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Японы төв банк иений ханшийн сулралыг үл харгалзан эдийн засгийн өсөлтөө дэмжихээр Мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргасан нь зах зээлийн өсөлтөд голлон нөлөөллөө.
- Мягмар гарагт Японы төв банк Мөнгөний хэт зөөлөн бодлогын шийдвэрээ хэвээр хадгалах болсныгоо танилцууллаа. Тодруулбал, Японы төв банк бодлогын хүүгээ -0.1%-д хэвээр хадгалах, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д тогтоох шийдвэрийг танилцууллаа.
- Япон Улс болон Холбооны нөөцийн сан хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн Японы иений ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тодруулбал, 1 ам.доллар өнгөрөгч 7 хоногт 151 иентэй тэнцэж арилжаалагдсан буюу иений ханш дахин суларлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрсэн болон БНХАУ-ын эдийн засаг тогтворжиж өсөлт үргэлжилнэ гэх хөрөнгө оруулагчдын өөдрөг төсөөлөлтэй холбоотойгоор БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.43%, CSI 300 индекс 0.61%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- БНХАУ-ын үйлдвэрийн салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI индекс 10-р сард 49.2, үйлдвэрийн бус салбарын идэвхжилийг илэрхийлэл PMI индекс 50.6-т хүрч тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа. (PMI үзүүлэлт 50.0 доош байх нь идэвхжил удаашралтай байгааг илтгэдэг.)
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна. Тус улсын шилдэг 100 барилгын компанийн шинэ орон сууцны борлуулалт 10-р сард өмнөх оны мөн үеэс 27.5%, сарын өмнөх үеэс 29.2%-ийн тус тус бууралттай гарлаа. Тус улсаас бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжсээр байгаа боловч тухайн салбарын уналт үргэлжилсээр байгаа нь тус улсын эдийн засаг 2023 онд 5%-иар өснө гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бууруулж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19