ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.13 - 2022.11.17
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 37,127.10 нэгжид хүрч 0.06%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 (16.9%) тэрбум ам.доллароор, экспорт 2.4 (24.3%) тэрбум ам.доллароор, импорт 458.5 (6.5%) сая ам.доллароор, тэнцэл 2.0 (67.6%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ. 2023 оны эхний 10 сард экспорт өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.0 тэрбум ам.доллар, газрын тос 136.9 сая ам.доллар, жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая ам.доллар, адууны мах 96.1 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 30.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Импорт өмнөх оны мөн үеэс 458.5 сая ам.доллаоор өсөхөд дизелийн түлш 106.8 сая ам.доллар, суудлын автомашин 86.7 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 79.5 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.8 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 36.6 сая ам.доллар, шинэ дугуй 32.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
- Монгол улсын Засгийн Газар олон улсын зах зээл дээр бонд гаргаж эх үүсвэр татах “investor call” өнөөдрөөс эхэлж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд шинэ бондын андеррайтеруур болох “HSBC”, “JP Morgan” зэрэг банкнууд 2024 оны 3-р сард хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлэх эсвэл хугацаанаас нь өмнө төлөх зэрэг боломжит тендер саналуудын талаар арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Шинэ бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B” байх хүлээлттэй байгаа бөгөөд одоогоор бондын татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ болон купон тодорхой биш байна. Үүнийг зах зээлийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулагчдын эрэлт хэр өндөр байгаагаас хамааруулан тогтоох юм. Хэрэв та уг бондын анхдагч зах зээлийн арилжаанд оролцохыг хүсвэл Ти Ди Би Секьюритис ҮЦК-иар дамжуулан арилжаанд оролцоорой.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж эхэлснээр тус улсын 2023 оны 10-р сарын суурь инфляцын түвшин сүүлийн 2 жилийн хамгийн доод түвшин буюу 4.0%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшин тогтвортой буурч буй нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлж байна. Тодруулбал, S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгалж 4,500-ийн босгыг давлаа. Инфляцын түвшний бууралтыг үндэслэн үзэхэд Холбооны нөөцийн сан 2023 оны 2-р хагас жилээс эхлэн бодлогын хүүгээ бууруулж эхлэх магадлал өндөр байна. (АНУ-ын зорилтот инфляцын түвшин 2.0% юм.)
- АНУ-ын эдийн засгийн мэдээнээс онцолбол 10-р сарын жижиглэн худалдааны борлуулалтын дүн 0.1%-ийн бууралттай гарлаа. Үүнд, бензиний үнэ болон автомашины борлуулалтын дүн буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 8-р сараас хойших хамгийн дээд түвшин буюу 231K-д хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь тус улсын хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж байгааг илэрхийлж байна.
- Сүүлийн 2 сарын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн суурь шалтгаан нь АНУ-ын инфляцын түвшний үргэлжилсэн бууралт, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буй болон Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх дөхсөн зэрэгтэй шууд холбоотой байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Зээлийн хүү дээд түвшиндээ хүрсэн байж магадгүй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.95%, STOXX Europe 600 индекс 2.82%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Европын төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард Financial Times-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр "Төв банкны бодлого боловсруулагчид инфляцын түвшнийг 2024 оны эхэн үеэс хойш цаашид тогтвортой буурна гэж таамаглаж байна. Бидний хувьд инфляцыг зорилтот түвшинд хүргэж бууруулахад дахин бодлогын хүүг заавал өсгөх шаардлагагүй байж болох юм хэмээн ажиглаж байна." гэж онцоллоо. Мөн тэрээр Европын төв банк Мөнгөний бодлогын дараагийн хоёр уулзалтад ямар ч өөрчлөлт гаргахгүй байх магадлалтай гэж нэмж хэллээ.
- Их Британийн 2023 оны 10-р сарын инфляцын түвшин 9-р сарын 6.7%-иас буурч 4.6%-д хүрлээ. Инфляцын түвшин хурдтай буурснаар хөрөнгө оруулагчид зээлийн хүү дээд түвшиндээ хүрсэн байх өндөр магадлалтай гэх таамгийн дэвшүүлж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын Засгийн газраас амласан эдийн засгаа эрчимжүүлэх бодлогын амлалт болон компаниудын 3-р улирлын тайлан сайн гарсан нь өнгөрөгч 7 хоногт тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, NIKKEI 225 индекс 3.12%,TOPIX индекс 2.33%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын зах зээлийн дотоод эрэлт буурснаар тус улсын 2023 оны 3-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх улирлаас 0.5%-ийн агшсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь жилийн өмнөх мөн үеэс 2.1% агшсан үзүүлэлт болж байна. Хувийн бараа материалын нөөц буурсан, иений ханшийн сулралаас үүдэж хувийн хэрэглээний зардал буурсан мөн дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь тус улсын экспорт буурахад нөлөөлж улмаар ДНБ агшилттай гарчээ.
- Япон улс болон Холбооны нөөцийн сан хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн Японы иений ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тодруулбал, 1 ам.доллар 149-151 иентэй тэнцэж арилжаалагдаж буй нь сүүлийн 33 жилийн хамгийн дээд ханшийн сулралын үзүүлэлт болж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.51%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.51%-ийн бууралттай байлаа.
- БНХАУ-ын 10-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон жижиглэнгийн борлуулалтын дүн тус тус өсөлттэй гарлаа. Гэсэн хэдий ч дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ бууралттай байгаа нь тус улсад хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагчдын хэмжээ буурч байгааг баталж байна.
- БНХАУ-ын Ардын Банк эдийн засгийн өсөлтөө дэмжихээр дунд хугацааны зээлийн эх үүсвэрээрээ банкны системдээ 1.45 их наяд юанийг нийлүүллээ. Энэ нь 2016 оны 12-р сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19