{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.04 - 2022.12.08

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.04 - 2022.12.08


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 38,424.28 нэгжид хүрч 4.62%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Монгол улсын 11-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 8.6%, сарын өмнөх мөн үеэс 0.8% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин 2022 оны 11-р сард 14.5% гарсан бол 2023 оны 11-р сард 8.6% болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.9%-иар буурсан байна.
  3. Монгол улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100) 2023 оны 10-р сард 151.6% болж, өмнөх оны мөн үеэс 0.8%, өмнөх сараас 1.4%-иар буурсан. Харин өмнөх оны эцсээс 1.5%-иар өссөн байна. Экспортын үнийн индекс (2015=100) 2023 оны 10-р сард 174.3% болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 3.0%, өмнөх оны эцсээс 5.2%-иар тус тус буурсан байна. Харин өмнөх сараас 2.1%-иар өссөн байна. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.0%-иар буурахад эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 5.7%-иар (төмрийн хүдэр, чулуун нүүрс, түүхий нефть, цайрын баяжмал) буурсан нь голлон нөлөөлсөн байна. Импортын үнийн индекс (2015=100) 2023 оны 10-р сард 115.0 болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 2.8%, өмнөх оны эцсээс 6.6%-иар буурсан. Харин өмнөх сараас 3.6-иар өссөн байна. Импортын үнийн индекс өмнөх сараас 3.6-иар өсөхөд тээврийн хэрэгслийн бүлгийн үнэ 4.0-иар (суудлын машин) өссөн нь голлон нөлөөлсөн байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл үргэлжилсэн өсөлтөө хадгалж 6-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй боллоо. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол эрчим хүчний салбаруудын хувьцаанууд уналттай байлаа. Эрчим хүчний салбарын хувьцаануудын ханш уналттай байхад газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллароос доош орсон нь голлон нөлөөллөө. Газрын тосны ханш 2023 оны 7-р сараас хойших хамгийн доод ханшиндаа хүрсэн юм. Мэргэжилийн хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны (AI) салбарын ирээдүйд өөдрөг хүлээлттэй байгаа билээ. Үүний дагуу өнгөрөгч 7 хоногт хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэлийн 2 компанийн хувьцааны ханш өндөр өсөлт үзүүллээ. Google-ийн толгой компани "Alphabet" текст, код, аудио, зураг, видеог боловсруулах чадвартай "Gemini" хэмээх хиймэл оюун ухааны шинэ загвараа өнгөрөгч 7 хоногт танилцуулсны дараа хувьцааны ханш нь 5%-иар өслөө. Мөн "Advanced Micro Devices компани" шинэ үеийн "AI" чипийг худалдаанд гаргаснаа зарласан бөгөөд тухайн өдөр хувьцааны ханш 10%-иар өслөө.
  2. АНУ-ын эдийн засагт ажил олгогчид 11-р сард 199,000 ажлын байр шинээр бий болгосон байна. Шинжээчид тус сард 180,000 ажлын байр бий болно гэх хүлээлттэй байсан бөгөөд 199,000 нь хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Мөн АНУ-ын ажилгүйдлийн түвшин 11-р сард 3.9%-иас буурч 3.7%-д хүрсэн үзүүлэлттэй гарлаа. 
  3. АНУ-ын үргэлжлэн буурч буй инфляцын түвшин болон тус улсын хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буйг харгалзан үзвэл Холбооны нөөцийн сан 2024 оны 3-р сард болох Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бууруулах боломжтой болж эхэллээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Инфляцын түвшний бууралт болон бондын өгөөжүүд буурч байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Ийнхүү зах зээл 4 дэх 7 хоногоо дараалсан өсөлтийг үзүүлж байна. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.33%, STOXX Europe 600 индекс 1.30%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Европын төв банкны удирдах зөвлөлийн гишүүн Изабель Шнабель Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа сүүлийн байдлаар инфляцын түвшний хандлагыг харгалзан үзвэл бодлогын хүүг зайлшгүй өсгөх шаардлага үүсээгүй байна хэмээн онцоллоо. Евро бүсийн инфляцын түвшин сүүлийн 3 сард огцом буураад байгаа юм.
  3. Аж үйлдвэрийн гарц 10-р сард 0.4%-иар буурснаар 5-н сар дараалан буурсан үзүүлэлттэй боллоо.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkie 225 индекс 3.36%, TOPIX индекс 2.44%-ийн тус тус уналттай хаагдлаа. Зах зээл уналттай байхад Япон улсын эдийн засаг 2023 оны 3-р улиралд жилийн өмнөх мөн үеэс 2.9% агшсан үзүүлэлттэй гарсан нь гол нөлөөг үзүүллээ. 
  2. Япон улсын иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 149 иентэй тэнцэж арилжаалдагдаж байсан бол өнгөрөгч 7 хоногт 144 иентэй тэнцэж иен ам.долларын эсрэг чангарлаа. Японы төв банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо өөрчлөх төлөвтэй байна гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтээс нөлөө авч иений ханш ам.долларын эсрэг чангарлаа. 1 ам.доллар 144 иентэй тэнцэж арилжаалагдсан нь сүүлийн 4 сарын хамгийн доод түвшин юм.
  3. Япон улсын эдийн засаг 2023 оны 3-р улиралд жилийн өмнөх мөн үеэс 2.9%, улирлын өмнөх мөн үеэс 0.7% тус тус агшсан үзүүлэлттэй гарлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог Moody's агентлаг БНХАУ-ын эдийн засгийг хэтийн төлөвийг харгалзаж тус улсын гадаад өрийн зээлжих зэрэглэлийг өнгөрөгч 7 хоногт "тогтвортой" төлөвөөс "сөрөг" болгож буурууллаа. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөгч Shanghai Composite индекс 2.05%, CSI 300 индекс 2.40%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа.
  2. Мягмар гарагт Moody's агентлаг БНХАУ-ын гадаад өрийн зээлжих зэрэглэлийг "тогтвортой" төлөвөөс "сөрөг" болгож буурууллаа. БНХАУ нь дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй зэрэг үйл явдалтай тэмцэж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын гадаад өрийн зээлжих зэрэглэл буурсан нь тус улсын санхүүгийн салбарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах сөрөг талтай байна.
  3. БНХАУ-ын экспорт 11-р сард өмнөх оны мөн үеэс 0.5%-иар өссөн үзүүлэлттэй гарсан бол сарын өмнөх үеэс 6.4% буурсан үзүүлэлттэй гарлаа. 11-р сарын экспорт жилийн өмнөх үеэс өссөн нь сүүлийн 6 сарын анхны тохиолдол болж байна. Тус улсын импорт 11-р сард гэнэтийн байдлаар жилийн өмнөх мөн үеэс 0.6%-иар буурсан байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news