{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.11 - 2022.12.15

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.11 - 2022.12.15


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 38,950.91 нэгжид хүрч 1.37%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 оны 12-р сарын байдлаар оны эхэн үеэс хойш бага хэмжээний өссөн буюу 3.69%-иар өссөн үзүүлэлттэй байна.
  2. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2023 оны 12 сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанк нь цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх болохыг онцоллоо.
  3. Монгол улсын 2023 оны 11-р сарын гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь сарын өмнөх үеэс 8.10%, оны эхэн үеэс хойш 26.47% тус тус өссөн үзүүлэлт юм. Ковидын хязгаарлалт болон БНХАУ дахь хөл хориогийн улмаас Монгол улсын гадаад валютын нөөц 2022 оны 8-р сард 2.70 тэрбум ам.долларт хүрч буурч байсан юм. Тухайн үед төгрөгийн худалдан авах чадвар ам.долларын эсрэг эрчимтэй суларсан билээ. Харин ийнхүү улсын гадаад валютын нөөц нэмэгдэж буй нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал болон улсын гадаад өрийн зээлжих зэрэглэлд шууд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой байна. 2023 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтвортой арилжаалагдаж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд болох S&P 500, DJIA болон технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс нар үргэлжилсэн өсөлтөө өнгөрөгч 7 хоногт үзүүллээ. S&P 500 индексийн хувьд 7-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй болсон ба энэ нь 2017 оноос хойших анхны тохиолдол болж байна. S&P 500 индекс болон NASDAQ Composite индекс нар сүүлийн 1 жилийн дээд түвшнийгээ шинэчлээд байгаа бол DJIA индекс бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилж тогтоогоод байна.
  2. АНУ-ын 11-р сарын инфляцын түвшин 3.2%-иас 3.1%-д хүрч буурлаа. 11-р сарын суурь инфляцын түвшин буюу хүнс эрчим, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон инфляцын түвшин 4.0%-д хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин зорилтот 2.0%-руу ойртож буурсаар байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж байна.
  3. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчдын 2023 оны 4-р улирлын эдийн засаг, Мөнгөний бодлогын төсөөлөл Лхагва гарагт нийтлэгдлээ. Бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг 0.50%-иар бууруулах төсөөлөлтэй байгаагаа 3-р улиралд мэдээлж байсан бол 4-р улирлын төсөөллөөр 0.75%-иар бууруулах хүлээлттэй байна хэмээн тайландаа тусгажээ. Хүүгийн түвшин эрчимтэй буурах төсөөлөл мэдээлэгдсэн нь өнгөрөгч 7 хоногт хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Санхүүгийн зах зээлийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ 2024 онд бууруулах хүлээлт нэмэгдсэний улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.29%, STOXX Europe 600 индекс 0.92%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Европын төв банк хүүгийн түвшнээ бүх цаг үеийн дээд түвшин болох 4.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Европын төв банк нь 2023 оны эдийн засгийн өсөлтөө 0.6%, 2024 оны эдийн засгийн өсөлтөө 0.8% гэж таамаглаж байна.
  3. Английн төв банк бодлогын хүүгээ 5.25%-д хэвээр хадгаллаа. Английн төв банк нь 8-р сарын Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ 5.25%-д хүргэсэн ба түүнээс хойш 3 дахь удаагаа бодлогын хүүг 5.25%-д хадгалах шийдвэр гаргаад байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.05%, TOPIX индекс 0.34%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тогтвортой байлгаж, 2024 онд бодлогын хүүг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь Япон улсын зах зээл өсөлттэй байхад голлон нөлөөллөө.
  2. Японы төв банк Мөнгөний хэт зөөлөн бодлогоо хүлээлтээс хурдан өөрчлөх төлөвтэй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлт болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тогтвортой байлгаж, 2024 онд бодлогын хүүг хурдацтай бууруулахаар төлөвлөж буй төсөөллөөс үүдэн иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт эрчимтэй чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 144 иентэй тэнцэж арилжаалагдсан нь сүүлийн 4 сарын хамгийн доод түвшин болоод байсан бол иений ханш үргэлжлэн чангарч 1 ам.доллар 141 иентэй тэнцэж арилжаалагдлаа. АНУ болон Япон улсын хүүгийн зөрүү багасах хүлээлт нь ханшийн өөрчлөлтөд гол нөлөөг үзүүллээ.
  3. Япон улсын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 12-р сард өсөлттэй гарлаа. Энэ нь компаниудыг цалингаа нэмэхэд дэмжлэг үзүүлж улмаар цалингийн үнээр дамжиж инфляцын түвшин нэмэгдэх боломжтой байна. Эдийн засгийн өсөлт үзүүлэхгүй байгаа тус улсын хувьд цалингийн үнээр дамжсан инфляц үүсэх нь тус улсын төв банкны Мөнгөний хэт зөөлөн бодлогыг өөрчлөх үндэс болох юм. Япон улсын төв банкны дараагийн Мөнгөний бодлогын хурал 12 сарын 18-19-ний өдрүүдэд болно.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.91%, CSI 300 индекс 1.70%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын 11-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.6%, жижиглэнгийн борлуулалт 10.1%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Мөн эдийн засгийн мэдээллээс дурдвал тус улсын 11-р сарын ажилгүйдлийн түвшин 5.0%-д хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа.
  3. Мөнгөний бодлогын хүрээнд БНХАУ-ын Ардын банк (PBOC) дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан эдийн засгийн өсөлтөө дэмжихээр банкны системдээ 1,450 тэрбум юань нийлүүллээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news