ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.18 - 12.22 | МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ 2023 ОНЫ 11 САРЫН БАЙДЛААР 13.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 38,861.36 нэгжид хүрч 0.23%-ийн уналттай хаагдлаа. ТОП-20 индекс 2023 оны 12-р сарын байдлаар оны эхэн үеэс хойш бага хэмжээгээр өссөн буюу 3.45%-иар өссөн үзүүлэлттэй байна.
- Монгол улсын экспорт 2023 оны 11 сарын байдлаар 13.8 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь жилийн өмнөх үеэс 23.9% өссөн үзүүлэлт болж байна. Импорт эхний 11 сарын байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөх үеэс 6.4% өссөн үзүүлэлттэй байна. Экспортын хэмжээ өсөхөд нүүрсний экспорт жилийн өмнөх үеэс 38% өсөж 7.9 тэрбум ам.долларт хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. Нийт экспортын 12.6 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 91.5% нь БНХАУ-руу экспортлогджээ.
- Mongolian Mining Corp (975:HK) компанийн хувьцааны ханш 2023 онд 268.29% өсөж 7.55HKD-д хүрлээ. Энэ нь 2014 оны 10-р сараас хойших хамгийн дээд ханшийн үзүүлэлт болж байна.Тус компанийн хувьцааны арилжааны дүн 2023 оны 4-р улиралд өмнөх улирлуудтай харьцуулахад өндөр байгаа юм. "Hang Seng" индекс 2023 онд 16.18%-ийн уналттай байхад Mongolian Mining Corp (975:HK) компанийн хувьцааны ханш 268.29% өсөөд буй нь зах зээлийн дундаж гүйцэтгэлийг өндрөөр давсан үзүүлэлт болж байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээл 2017 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн өсөлтөө үзүүлж байна. Зах зээлийн өсөлтөд Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчдын 2023 оны 4-р улирлын эдийн засаг, Мөнгөний бодлогын төсөөлөлд бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг 0.75%-иар бууруулах хүлээлттэй байна хэмээн тайландаа мэдээлсэн нь өнгөрөгч 7 хоногт гол нөлөөг үзүүллээ. Nasdaq 100 индекс болон DJIA индекс бүх цагийн дээд түвшнээ шинэчиллээ. Улаан тэнгис дэх усан онгоцны халдлагын улмаас нефтийн үнэ өссөн бөгөөд түүнийг дагаж эрчим хүчний салбарын хувьцаануудын ханш 7 хоногт өсөлттэй байлаа.
- ХНС болон Европын төв банкны ерөнхийлөгчид 12-р сарын хурлаараа 2024 оны эхний хагас жилдээ багтаад бодлогын хүүгээ бууруулж эхлэх төсөөлөлтэй байгаа дохиогоо зах зээлд өгсөн. Бодлогын хүүг өндөр түвшинд барьсаар байх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй учир төв банкнууд үүнийг харгалзан үзэж 2024 оны эхний хагас жилээс эхлэн бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байна.
- ХНС-ийн үндсэн 2 зорилго нь инфляцын түвшнийг 2.0%-д хадгалах болон ажилгүйдлийн түвшнийг бага хэмжээнд хадгалахад оршдог билээ. Тэгвэл сүүлийн үеийн эдийн засгийн мэдээллээс авч үзвэл ХНС-ийн үндсэн 2 зорилго нь биелэгдэх замдаа орсон байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Санхүүгийн зах зээлийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ 2024 онд бууруулах хүлээлт нэмэгдсэний улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.21%-иар өссөн ба тус индекс нь сүүлийн 1 жилийн дээд түвшнээ шинэчлэхэд тун ойрхон байна.
- Их Британийн 11-р сарын инфляцын түвшин 4.6%-иас 3.9%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшний хувьд 5.7%-иас буурч 5.1%-д хүрч буурлаа. Инфляцын түвшин буурахад бензин түлш, амралт, болон хоол хүнсний үнэ буурсан нь голлон нөлөөлжээ. Инфляцын түвшин 11-р сард буурсан боловч Английн төв банкны зорилтот 2.0%-ийн түвшнээс өндөр хэвээр байна.
- Их Британийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 3-р улиралд 0.1%-иар агшжээ. ДНБ агшилттай гарсан боловч тус улсын төв банкны ерөнхийлөгч Бен Броадбент зээлийн хүүг бууруулах талаар бодоход арай эрт байна хэмээн мэдэгдлээ. Учир нь цалингийн өсөлт болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал инфляц цаашид буурах болохыг батлахгүй байгаа аж.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.60%, TOPIX индекс 0.18%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын төв банк зах зээлийн таамаглалын дагуу 12-р сарын хурлаараа Мөнгөний зөөлөн бодлогын байр сууриа цаашид хадгалахаа мэдэгдсэн нь хувьцааны зах зээлийн өсөлтөд голлон нөлөөллөө.
- Япон улсын төв банк богино хугацаатай зээлийн хүүгээ -0.1%-д хэвээр үлдээх, өгөөжийн муруйн хяналтын бодлогоо үргэлжлүүлэх ба 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хязгаарлах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр тогтвортой инфляцын нөхцөл хангагдаагүй байгаа тул Мөнгөний хэт зөөлөн бодлогыг хадгалахаар болсон хэмээн онцоллоо.
- Эдийн засаг нь сүүлийн 30 жилд өсөлт үзүүлээгүй байгаа Япон улсын хувьд цалингийн үнээр дамжсан инфляц үүсэх нь тус улсын төв банкны Мөнгөний хэт зөөлөн бодлогыг өөрчлөх үндэс болох юм.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.94%, CSI 300 индекс 0.13%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. CSI 300 индекс 6-н 7 хоног дараалж уналт үзүүлээд байна. Энэ нь 2012 оны 1-р сараас хойших хамгийн урт үргэлжилсэн уналт болж байна.
- БНХАУ-ын бодлого боловсруулагчид онлайн видео тоглоомын зардал, урамшууллыг хязгаарлахад чиглэсэн шинэ дүрмийн төслийг зарлалаа. Энэхүү журам нь БНХАУ-ын томоохон тоглоомын компаниудын ашигт ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
- Мөнгөний бодлогын хүрээнд БНХАУ-ын Ардын банк (PBOC) 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн хүүгээ хэвээр үлдээлээ.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19