{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.25 - 2022.12.29

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.25 - 2022.12.29


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41437.42 нэгжид хүрч 6.63%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 10.31%-ийн өссөн үзүүлэлттэй хаагдлаа.
  2. Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.9 (37.6%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.7 их наяд төгрөгт хүрч, 6.3 (43.6%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны эхний 11 сард 18.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
  3. Татварын нийт орлого 2023 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 (47.4%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.5 (90.9%) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2.2 дахин) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 795.0 (30.1%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 719.5 (20.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 63.7 (8.0%) тэрбум төгрөгөөр буурчээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. S&P 500 индекс 2024 оны арилжааны сүүлийн 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. Тус индекс ийнхүү 8-н 7 хоног дараалж өссөн нь 2004 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн өсөлт болж байна. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох 3-н индекс 2023 онд бүгд өндөр өсөлттэй хаагдлаа. Технологийн Nasdaq Composite индексийн хувьд 1971 он буюу индекс бий болсноос хойших 6 дахь хамгийн өндөр жилийн өсөлтөө 2023 онд үзүүллээ. Шинэ жилийн баярыг тохиолдуулан өнгөрөгч 7 хоногт хөрөнгийн зах зээлийн арилжааны дүн, ханшийн хөдөлгөөн зогсонги байдалтай байлаа.
  2. Өнгөрөгч 7 хоногт ChatGPT-ийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман болон Apple компанийн дизайн хариуцсан захирал асан Жони Айв нар Apple компанид өөр нэг захирал болох Тан Тан-ыг хиймэл оюун ухаантай төхөөрөмж бүтээхээр ажилд авсан тухай мэдээлэгдлээ.
  3. 11-р сард АНУ-ын хүлээгдэж буй орон сууцны борлуулалт тогтвортой гарлаа. Энэ нь тус улсад ипотекийн зээлийн хүү буурч байгаатай холбоотой байлаа. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Санхүүгийн зах зээлийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ 2024 онд бууруулах хүлээлт нэмэгдсэний улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.41%-иар өссөн ба сүүлийн 2 жилийн дээд түвшнээ шинэчлэхэд тун ойрхон байна.
  2. Европын төв банкны бодлого боловсруулагч Мадис Мюллер Блүүмбергт өгсөн ярилцлагадаа Европын төв банк бодлогын хүүг дахин өсгөх магадлал бага хэмээн онцоллоо. Гэсэн хэдий ч тэрээр бодлогын хүүг бууруулж эхлэх талаар ярихад эрт байгааг мөн дурдлаа.
  3. Орон сууцны үнийн индекс 2023 оны 12-р сард жилийн өмнөх мөн үеэс 1.8% буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2008 оноос хойших хамгийн том жилийн бууралт болж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын төв банк Мөнгөний зөөлөн бодлогын байр сууриа цаашид хадгалах төлөвтэй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.89%, TOPIX индекс 1.28%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Япон улсын 11-р сарын ажилгүйдлийн түвшин 2.5%-д хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа. 
  3. Япон улсын төв банк богино хугацаатай зээлийн хүүгээ -0.1%-д хадгалах, өгөөжийн муруйн хяналтын бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хязгаарлах зэрэг бодлогын шийдвэрүүдийг баримталж байна. Тус улсын төв банкны ерөнхийлөгч тогтвортой инфляцын нөхцөл хангагдах хүртэл Мөнгөний хэт зөөлөн бодлогыг баримталсаар байх болно хэмээн мэдэгдээд байгаа юм. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын Засгийн газар онлайн тоглоомын шинэ зөвшөөрлийг зарлаж, тоглоомын салбарт үүсээд байсан тодорхойгүй байдлын эрсдэлийг намжаалаа. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.06%, CSI 300 индекс 2.81%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. 
  2. БНХАУ-ын хамгийн том онлайн тоглоомын компаниудын нэг болох Tencent компанийн хувьцаа 12% уналаа. Тус компанийн хувьцааны ханш унахад БНХАУ-ын Засгийн газар онлайн тоглоомын салбарт тавих хяналтаа сэргээж магадгүй гэсэн болгоомжлолын гол нөлөөг үзүүллээ.
  3. Эдийн засагчид БНХАУ-ын 2024 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.2%-иас 4.6%-руу хүрч буурна гэж таамаглаж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын асуудал болон өсөн нэмэгдэж буй дефляцийн дарамт нь 2024 онд тус улсын эдийн засаг удаашрах үндсэн шалтгаан болж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ