ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.08 - 2024.01.12
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,256.21 нэгжид хүрч 0.77%-ийн бууралттай хаагдлаа.
- Монгол улсын 2023 оны 12-р сарын инфляцын түвшин 7.9% гарлаа. Улсын инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.2% (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.1%), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.3%, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.4%, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5%, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.0%, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ1 6.8%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
- 2023 оны 12-р сарын байдлаар, Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 1.21 гарсан ба орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1%, өмнөх сараас 0.3%-иар тус тус өссөн байна. 2023 оны 12-р сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байна. 2023 оны 12-р сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.59 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.
- Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “MGMTGE 8.85% 02/08/2024” бондын хөрөнгө оруулагчдадаа 2024 оны 1-р сарын 4-ний өдөр “Exchange offer” санал хүргүүлсэн билээ. Тэгвэл бонд эзэмшигчдэдээ тавьсан тус “Exchange offer” санал амжилттай хэрэгжлээ. Монголын Ипотекийн Корпораци ОССК-ийн шинэ бонд нь 2024 оны Азийн анхны өндөр өгөөжтэй бонд (HY) болон сүүлийн жилүүд дэх хамгийн өндөр оролцооны түвшинтэй "Exchange offer" боллоо.
Шинэ бондын нөхцөл:
Үнэт цаас гаргагч: Монголын Ипотекийн Корпораци ОССК
Зээлжих зэрэглэл: B- (Stable) by S&P and B3 (review for downgrade) by Moody’s
Формат: Reg S
Валют: Ам.доллар
Нийт хэмжээ: 225 сая ам.доллар
Хугацаа: 3 жил
Купон: 11.50%
Өгөөж: 12.525%
Купон төлөх давтамж: Хагас жил бүр
Эргэн дуудах нөхцөл: 2025.07.18-өдрөөс хойш 105.75+хуримтлагдсан хүү / шаардлагатай бол/
Гадаад хамтрагч: Deutsche Bank (B&D), Korea Investment & Securities Asia
Дотоод хамтрагч: TDB Securities SC
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Зах зээлийн үнэлгээ өндөр технологийн компаниудын хувьцааны ханш өндөр өсөлт үзүүллээ. Тодруулбал, "Facebook"-ийн толгой компани "Meta Platforms Inc" болон чип үйлдвэрлэгч "NVIDIA Corp" компанийн хувьцааны ханш өндөр өсөлт үзүүллээ. Газрын тосны үнэ 7 хоногт уналттай байсан ба үүнийг дагаж эрчим хүчний салбарын хувьцаануудын ханш уналттай байлаа. Даваа гарагт буюу 2024 оны 1 сарын 15-ны өдөр Мартин Лютер Кингийн өдрийг тохиолдуулан хөрөнгийн зах зээл амарна.
- Пүрэв гарагт мэдээлэгдсэн АНУ-ын 12-р сарын инфляцын түвшний мэдээлэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татлаа. АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин 3.1%-иас 3.4%-д (жилийн өмнөх үеэс) хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Суурь инфляцын түвшин буюу хүнс, эрчим хүчний үнийг нөлөөг хасаж тооцсон инфляцын түвшин 4.0%-иас 3.9%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэхүү үзүүлэлт нь сүүлийн 2 жил гаруй хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болж байна.
- 2024 оны эхлэл үеийг АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сайнаар эхлүүллээ. Тодруулбал, өнгөрөгч 7 хоногт тус улсын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 202,000 үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2023 оны 10-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.84%-ийн уналттай байсан бол STOXX Europe 600 индекс 0.08%-ийн өсөлттэй байлаа.
- Евро бүсийн 2023 оны 11-р сарын ажилгүйдлийн түвшин 6.5%-иас 6.4%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Евро бүсийн жижиглэн худалдааны борлуулалт 11-р сард жилийн өмнөх үеэс 1.1%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа.
- Их Британийн эдийн засаг 2023 оны 11-р сард 0.3%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Их Британийн эдийн засгийн өсөлтөд үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарын өндөр өсөлт гол нөлөөг үзүүлжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын төв банкны Мөнгөний хэт зөөлөн бодлого болон Японы иений ханшийн сулрал нь тус улсын экспортыг дэмжиж байна. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индекс сүүлийн 34 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Өнгөрөгч 7 хоногт TOPIX индекс 4.21%, Nikkei 225 индекс 6.59%-ийн тус тус өсөлттэй байлаа.
- АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин 3.1%-иас 3.4%-д (жилийн өмнөх үеэс) хүрч өссөн үзүүлэлттэй гарсан билээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад АНУ-ын хүүгийн түвшин буурах болоогүй гэх дохиог өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор Японы иений ханш ам.долларын эсрэг үргэлжлэн суларлаа. 1 ам.доллар 145 иентэй тэнцэж валютын зах зээлд арилжаалагдаж байгаа ба энэ нь сүүлийн 1 сарын хамгийн дээд ханшийн сулрал болж байна.
- Япон улсын эдийн засгийн сүүлийн үеийн мэдээллээс авч үзвэл тус улсын цалингийн үнийн өсөлт болон инфляцын түвшин удаашралтай байна. Тодруулбал, Токио хотын 12-р сарын суурь инфляцын түвшин 2.1% гарсан билээ. Энэ нь 11-р сарын 2.3%-иас буурсан үзүүлэлт болохын зэрэгцээ 2022 оны 6-р сараас хойших хамгийн доод түвшин болж байна. Тиймээс тус улсын төв банк Мөнгөний хэт зөөлөн бодлогоо цаашид үргэлжлүүлэн баримтлах төлөвтэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.61%, CSI 300 индекс 1.35%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа.
- БНХАУ-ын 12-р сарын инфляцын түвшин сөрөг 0.3% буюу дефляцитай гарлаа. Тус улсын бодлого боловсруулагчид дефляцийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан үзэж бодлогын хүүгээ дараагийн Мөнгөний бодлогын хурлаар бууруулж болзошгүй байна.
- БНХАУ-ын 12-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 2.3%, импорт 0.2% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Улмаар тус улсын худалдааны тэнцэл 75.34 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь 11-р сарын 68.39 тэрбум ам.доллароос өссөн үзүүлэлт болж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19