ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.29 - 2024.02.02
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,154.96 нэгжид хүрч 1.83%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол Улсын Их хурлын 2024 оны 1-р сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын /2024.01.31/ хуралдаанаар 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр боллоо. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилна. Нэг хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 116.5 мянган төгрөг оногдохоос татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэхээр боллоо.
- Зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог "Fitch" агентлаг Монгол улсын урт хугацааны гадаад өрийн зээлжих зэрэглэлийг "B" буюу тогтвортой төлөвт шинэчилж үнэллээ. "Fitch" агентлаг Монгол улсын гадаад худалдаа түүхий эдийн борлуулалтаас 90% буюу шууд хамааралтай байгаа нь өндөр эрсдэлтэй байна гэж онцолжээ. Мөн Монгол улсын инфляцын түвшнийг 2024 онд 8%, 2025 онд 7% байх төлөвтэй буюу Монголбанкны зорилтот түвшинд орохоор байгааг онцолсон байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын томоохон хувьцаат компаниудын 2023 оны 4-р улирлын тайлан болон тус улсын эдийн засгийн онцлох мэдээнүүд өнгөрөгч 7 хоногт хувьцааны зах зээлд хүчтэй савлагаа үүсгэлээ. Тодруулбал, S&P 500 индекс болон Nasdaq Composite индекс Лхагва гарагт хүчтэй уналт үзүүлсэн ба үүний шалтгаан нь Microsoft, Alphabet, болон чип үйлдвэрлэгч Advanced Micro Devices. компанийн 2023 оны 4-р улирлын ашигт ажиллагаа хүлээлтэд хүрээгүйтэй холбоотой байлаа. Харин Пүрэв гарагт хувьцааны зах зээл өсөлт үзүүлсэн ба Amazon.com, Meta Platforms, болон Apple. компанийн 2023 оны 4-р улирлын ашигт ажиллагаа сайн гарсан нь голлон нөлөөллөө.
- Лхагва гарагт болсон Холбооны нөөцийн сангийн ээлжит Мөнгөний бодлогын хурал зах зээлийн анхаарлын төвд байлаа. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалсан боловч зах зээлийн 3-р сард бодлогын хүүг бууруулна гэх хүлээлтийг няцаалаа. Үүнээс үүдэн ам.долларын ханш валютын зах зээлд бусад валютуудын эсрэг эргэн чангарлаа.
- АНУ-ын эдийн засагт 2024 оны 1-р сард 353,000 ажлын байр (nonfarm payroll) шинээр нэмэгджээ. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс бараг 2 дахин давсан үзүүлэлт боллоо. Мөн АНУ-ын 2024 оны 1-р сарын ажилгүйдлийн түвшин 3.7%-д хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.26% буурсан бол STOXX Europe 600 индекс 0.02%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн эдийн засаг 2023 оны 4-р улиралд эдийн засгийн хямралаас зайлсхийсэн буюу Евро бүсийн эдийн засаг 2023 оны 4-р улиралд 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Евро бүсийн 2024 оны 1-р сарын инфляцын түвшин 2.9%-иас 2.8%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшин 3.4%-иас 3.3%-д хүрч буурлаа.
- Английн төв банк ээлжит Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 5.25%-д хэвээр хадгалсан нь сүүлийн 16 жилийн хамгийн дээд түвшин юм.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.14%, TOPIX индекс 1.68%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын төв банкны Мөнгөний бодлогын хурал 1 сарын 22-23-ны өдөр болж өнгөрлөө. Төв банкны бодлого боловсруулагчид хүлээлтийн дагуу Мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргалаа. Тодруулбал, бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Япон улсын төв банкны Ерөнхийлөгч Мөнгөний хэт зөөлөн бодлого үр дүнгээ өгч, тогтвортой инфляцын түвшний нөхцөл хангагдаж байгааг мөн онцлоод байна.
- Япон улсын 2023 оны 12-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл жилийн өмнөх мөн үеэс 1.8%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Гэсэн хэдий ч уг үзүүлэлт нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 6.19%, CSI 300 индекс 4.63%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. Shanghai Composite индекс өнгөрөгч 7 хоногт ийнхүү өндөр уналттай хаагдсан нь 2018 оноос хойших анхны тохиолдол болж байна.
- БНХАУ-ын 2024 оны 1-р сарын үйлдвэрлэлийн PMI индекс 49.0 - 49.2-т хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Гэвч PMI индекс 50.0 доош байгаа нь агшилтыг илэрхийлж байна. Үйлдвэрлэлийн бус PMI индекс 50.4 - 50.7-т хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа.
- БНХАУ-ын шилдэг 100 орон сууцны барилгын компанийн шинэ орон сууцны борлуулалт 1-р сард өмнөх оныхоос 34.2%, 2023 оны 12-р сард сард 34.6%-иар тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19