{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.02.12 - 2024.02.16

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.02.12 - 2024.02.16


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлт үзүүллээ. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 45,024.1 нэгжид хүрч 4.87%-ийн өсөлттэй хаагдлаа. Зах зээл өндөр өсөлтийг үзүүлэхэд томоохон хувьцаат компаниудын тайлан нийтлэгдэж хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаа зарласан нь гол эерэг нөлөөг үзүүллээ.
  2. Өнгөрөгч 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй нийт 11 компани ногдол ашиг хуваарилахаар боллоо. Тодруулбал, “ГЕРМЕС ЦЕНТР” ХК, “ХААН БАНК” ХК, “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК, “СҮҮ” ХК, “УЛААНБААТАР БҮК” ХК, “ГОЛОМТ БАНК” ХК, “АРД КРЕДИТ ББСБ” ХК, “ГУТАЛ” ХК, “ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК, “БОГД БАНК” ХК, “АЙТҮҮЛС” ХК тус тус компаниуд ногдол ашиг хуваарилна хэмээн зарлалаа.
  3. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 7.0% өсөлттэй гарлаа. Тодруулбал, ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 (7.0%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарлаа.
  4. Өрхийн нийгэм, эдийн  засгийн судалгааны 2023 оны 4-р улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.3 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 40.2 (1.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 2024 оны 1-р сарын суурь инфляцын түвшин өөрчлөлтгүй буюу 3.9%-д хэвээр хадгалагдсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Мягмар гараг буюу 2024 оны 1-р сарын инфляцын түвшин мэдээлэгдсэн өдөр S&P 500 индекс 2023 оны 6-р сараас хойших хамгийн өндөр 1 өдрийн уналтыг үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд бусдаасаа өндөр уналттай байлаа.
  2. АНУ-ын 2024 оны 1-р сарын суурь инфляцын түвшин сарын өмнөх үеэс 0.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь шинжээчдийн 0.3%-ийн өссөн үзүүлэлттэй гарна гэх хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Жилийн өмнөх үеэс суурь инфляцын түвшин 3.9% өссөн үзүүлэлттэй гарсан ба энэ нь Холбооны нөөцийн сангийн зорилтот 2.0%-иас ойролцоогоор 2 дахин өндөр байна. Үүнээс Холбооны нөөцийн сан зах зээл дэх өөдрөг хүлээлтийн дагуу бодлогын хүүг эрт бууруулах болоогүй болохыг харж болно.
  3. Холбооны нөөцийн сан 2024 оны 3-р сард бодлогын хүүг бууруулах магадлал CME FedWatch Tool.-ийн судалгаагаар 10.5% байна. Бидний хувьд Холбооны нөөцийн санг 2024 оны 6-р сард болох хурлаар бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулна гэх хүлээлттэй байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын зах зээлийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.39%,  UK's FTSE 100 индекс 1.84% тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Их Британийн 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн  улирлын өмнөх үеэс 0.3% агшсан үзүүлэлттэй гарлаа. Улмаар тус улсын эдийн засаг 2 улирал дараалж агшиж байгаа ба эдийн засгийн хямралд өртлөө. (2023 оны 3-р улиралд ДНБ 0.1%-иар агшсан үзүүлэлттэй гарсан юм.) Их Британийн 2024 оны 1-р сарын инфляцын түвшин 4.0%-д тогтсон үзүүлэлттэй байна. Энэ нь Мөн суурь инфляцын түвшин 5.1%-д хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй байна.
  3. Европын Комисс 2024 оны Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 1.2%-иас 0.8% болгон буурууллаа. Европын Комисс 2025 оны эдийн засгийн өсөлтийг 1.6% гэж таамаглаж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 4.3%, TOPIX индекс 2.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Зах зээлийн өсөлтөд иений ханшийн сулрал болон хувьцаат компаниудын 2023 оны тайлан сайн гарсан нь голлон нөлөөллөө.
  2. Япон улсын төв банк инфляцын түвшнийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын хүрээнд Мөнгөний хэт зөөлөн бодлого баримталсаар байгаа билээ. Тодруулбал, бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хэвээр хадгалах шийдвэрийг баримталж байна. Үүний нөлөөллөөс үүдэн иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт үргэлжлэн суларлаа. 1 ам.доллар 150 иентэй тэнцэж арилжаалагдаж байна.
  3. Японы Сангийн яам сүүлд 2022 оны 9-р сард иений ханшийг чангаруулахын тулд интервенц хийсэн. Иений ханш сул байгаа нь Японы экспортын дүнг нэмж эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын сар шинийн баяр 2-р сарын 10-д эхэлсэн ба тус улсын санхүүгийн зах зээл сар шинийн баярыг тохиолдуулан өнгөрөгч 7 хоногт ажилласангүй. Сар шинийн баяр нь аялал жуулчлал болон худалдан авалтыг огцом дэмжиж өгдөг тул шинжээчид 2024 оны 2-р сард эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд өндөр гарна гэх эерэг хүлээлттэй байна.  
  2. БНХАУ-ын санхүүгийн зах зээл 2-р сарын 19-өөс эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.
  3. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ авсаар байгаа хэдий ч үр ашигтай нөлөө шууд гарахгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын тус улсын зах зээлд итгэх итгэлийг бууруулсан байдалтай байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ