{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.29 - 2024.05.03

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.29 - 2024.05.03


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 43,026.34 нэгжид хүрч, 0.70%-ийн бууралттай хаагдлаа.
  2. Голомт Банк ХК (GLMT) олон улсын бондын зах зээл дээрээс 3 жилийн хугацаатай, 300 сая ам.долларын бондын санхүүжилт татан төвлөрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Тус банкны зүгээс 4 сарын 29-ний өдрөөс эхлэн Хонконг, Сингапур, Лондон, Нью-Йорк газруудад бондын хөрөнгө оруулагчидтайгаа хөрөнгө оруулалт татахаар уулзалтуудаа эхлүүлээд байгаа аж. Бондын санхүүжилтийн төсөлд JPMorgan ажиллаж байна. Бондын өгөөж, татан төвлөрүүлэх дүн зэрэг мэдээлэл эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Тус шинэ бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3/B байх төлөвтэй байна. Хэрэв та Голомт Банк ХК-ийн (GLMT) олон улсын бондын зах зээл дээрээс татан төвлөрүүлэх шинэ бондын анхдагч зах зээлийн арилжаанд оролцох хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
  3. Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3-р сарын эцсийн байдлаар 5.25 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн. Харин 4-р сарын эцсийн байдлаар Монгол улс нийт 4.98 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байгаа нь өнгөрсөн сарын дээд түвшнөөс 5% буурсан үзүүлэлт болж байна.

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Зах зээлийн өсөлтөд томоохон хувьцаат компаниудын тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан болон компаниудын эерэг мэдэгдэл нөлөөллөө. Жишээлбэл, Apple компанийн 2024 оны 1-р улирлын тайланг шинжээчдийн хүлээлтийг давахын зэрэгцээ нийт 110 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний өөрийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах тухай мэдэгдэл хийлээ. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр санхүүжилт бүхий хувьцаа буцаан худалдан авах шийдвэр болж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газраас цахилгаан автомашиныг тус улсын зах зээлд давуу эрх эдлэх тухай бодлогын шийдвэрийг зөвшөөрлөө. Уг бодлогын шийдвэр гаргалтад Тесла компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск  Бээжинд айлчилж Ерөнхий сайд Li Qiang эрхэмтэй уулзаж зөвшилцөлд хүрсэн нь голлон нөлөөлсөн юм. Үүний дараа тус компанийн хувьцааны ханш өсөж зах зээлд эергээр нөлөөллөө.
  2. АНУ-ын эдийн засагт 4-р сард ажил олгогчид 175,000 ажлын байрын нэмжээ. Энэ нь 2023 оны 11-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна. Мөн тус улсын хөдөлмөрийн зах зээлийн дундаж нэг цагийн орлого 4-р сард жилийн өмнөх үеэс 3.9% өссөн үзүүлэлттэй гарсан нь сүүлийн 2 жилийн хугацаанд дахь хамгийн доод өсөлт боллоо. Эдгээр мэдээнүүдийн дараа зах зээл  хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж, инфляцын түвшин буурна гэх эерэг дохиог хүлээн авлаа.
  3. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл АНУ-д стагфляцийн эрсдэл АНУ-д тохиохгүй гэж тодорхой мэдэгдэл хийсэн нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. Мөн тэрээр хүүгийн түвшнийг өмнөх төсөөллөөс илүү удаан хугацаанд хадгалах нөхцөл үүссэнийг мэдэгдсэн хэдий ч бодлогын хүүг өсгөх шаардлагагүй болохыг онцоллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 2024 оны 1-р улирлын компаниудын ашигт ажиллагаа холимог байдалтай гарсан болон Европын төв банк 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалт дээр эргэлзээтэй нөхцөл үүссэнээр Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.48%-ийн бууралттай хаагдлаа.
  2. Евро бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны 1-р улиралд 0.3% тэлсэн үзүүлэлттэй гарлаа. Евро бүсийн инфляцын түвшин 2024 оны 4-р сард жилийн өмнөх үеэс 2.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. Эрчим хүч болон хоол хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын хувьд 2.9% - 2.7%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа.
  3. Европын төв банкны бодлого боловсруулагчид ирэх жил инфляцын түвшин 2.0%-д хүрч буурж тогтворжино гэх хүлээлттэй байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын бодлого боловсруулагчид өнгөрөгч долоо хоногт иений ханшийг чангаруулахын тулд олон улсын валютын зах зээлд хоёр удаа интервенц хийсэн бололтой. Иений ханш чангарсан хэдий ч тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох хоёр индекс өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.79%, TOPIX индекс 1.57%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 1 ам.доллар 158 иентэй тэнцэж байсан бол бодлого боловсруулагчдын интервенцийн үр дүнд 1 ам.доллар 153 иентэй тэнцэж иений ханш чангарлаа.
  2. Япон улсын иений ханшийн сулрал болон тус улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлого баримталж байгаа нь томоохон компаниудын ашигт ажиллагаа, тус улсын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж байна.
  3. Өнгөрөгч 3-р сард Япон улсын төв банк сөрөг хүүгийн түвшнийг эерэг болгосон хэдий ч одоогийн хүүгийн түвшнийг бусад өндөр хөгжилтэй орнуудын хүүгийн түвшинтэй харьцуулахад бага хэвээр байна. Бидний хувьд тус улсын төв банкийг 2024 онд дахин хоёр удаа бодлогын хүүгээ өсгөх боломжтой гэж таамаглаж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын бодлого боловсруулагчид зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг санхүүгийн зах зээлд авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэнээр тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.52%, CSI 300 индекс 0.56%-ийн тус тус өсөлттэй байлаа. Бидний хувьд бодлогын хүүг бууруулах болон арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж зээл олголтыг нэмэгдүүлж эрэлтийг дэмжих болов уу гэх хүлээлттэй байна.
  2. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 4-р сарын PMI үзүүлэлт 50.4 гарлаа. Тус үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
  3. БНХАУ-ын шилдэг 100 барилгын компанийн орон сууцны борлуулалт 4-р сард өмнөх оныхоос 45%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news