{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.27 - 2024.05.31

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.27 - 2024.05.31


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,582.08 нэгжид хүрч, 0.75%-ийн уналттай хаагдлаа. 
  2. Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн энэ өдөр 2024 оны 6 сарын 2-ны өдөр тохиолоо. 1924 оны 6 сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн банк” анхлан байгуулагдсан нь Монгол улсад орчин цагийн өнөөгийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болсон билээ. 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд мөн танилцууллаа. 
  3. 2024 оны 5-р сарын байдлаар ам.долларын ханш төгрөгийн эсрэг 0.86 хувиар суларлаа. 2023 оны эцэст 1 ам.доллар 3,410.86 төгрөгтэй тэнцэж байсан бол 5-р сарын байдлаар 1 ам.доллар 3,381.43 төгрөгтэй тэнцэж төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарлаа. 

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.51 хувиар буурч, 5,277.51 нэгжид хүрлээ. АНУ-ын хувьцааны зах зээл 2024 оны 5-р сард өсөлттэй байсан бөгөөд хувьцаануудыг салбараар нь ангилбал өсөлттэй ангиллын хувьцаануудаас илүүтэй үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд илүү өсөлтийг үзүүллээ. 2024 оны хувьцааны зах зээлийн төлөвийн хувьд Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээ бууруулах цаг хугацаа хэзээ байх вэ? гэдгээс ихээхэн хамаарах хүлээлттэй байна. 
  2. АНУ-ын 2024 оны 4-р сарын хувийн хэрэглээний зардалын үнийн индекс (PCE) жилийн өмнөх мөн үеэс 2.7 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь дийлэнх шинжээчдийн хүлээлттэй нийцлээ. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь хэрэглээний зардалын үнийн индексийн (PCE) хувьд жилийн өмнөх үеэс 2.8 хувь өсөлттэй гарсан нь мөн шинжээчдийн хүлээлттэй нийцлээ.
  3. АНУ-д орон сууцны үнэ үргэлжилсэн өсөлтөө хадгалсаар байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсад шинэ орон сууцны борлуулалт 4-р сард сарын өмнөх үеэс 7.7 хувь бууралттай гарлаа. Энэ нь сүүлийн 3 жил дэх хамгийн өндөр сарын бууралт боллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн 2024 оны 5-р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарсны улмаас Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.46 хувийн бууралттай хаагдлаа. Евро бүсийн инфляцын түвшин өндөр гарсан нь Европын төв банкны 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гарахад эргэлзээтэй байдлыг үүсгэлээ. 
  2. Евро бүсийн 2024 оны 5-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 2.6 хувь, сарын өмнөх үеэс 0.2 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн 5 сард инфляцын түвшин анх удаа өсөлттэй гарсан үзүүлэлт болж байна. Суурь инфляцын түвшний хувьд мөн адил өсөлттэй буюу 2.4 хувиас 2.6 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Евро бүсийн зорилтот инфляцын түвшин 2.0 хувь юм.
  3. Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 2024 оны 4-р сард 6.5 хувиас 6.4 хувьд хүрч буурлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт холимог байдалтай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.41 хувь буурсан бол TOPIX индекс 1.09 хувийн өсөлттэй хаагдлаа.
  2. Хөрөнгө оруулагчид Япон улсын төв банкын ээлжит бодлогын хүүгийн шийдвэрт анхаарлаа хандуулж байна. Япон улсын иений ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ арилжаалагдаж байгаа юм. Япон улсын төв банкны зүгээс бодлогын хүүгээ өсгөх талаар дохио өгсөөр байгаа хэдий ч валютын зах зээлд хүчтэй нөлөөлөх бодитой бодлогын шийдвэр гаргаагүй байгаа юм. Хэрэв ээлжит Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ өсгөвөл иений ханш чангарах хүлээлттэй байна. Бидний хувьд Япон улсын төв банкыг 2024 онд 2 удаа бодлогын хүүгээ өсгөнө гэх хүлээлттэй байна.
  3. 1 ам.доллар 157 иентэй тэнцэж байсан бол өнгөрөгч 7 хоногт 1 ам.доллар 157.3 иентэй тэнцэж иений ханш үргэлжилэн суларлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд бууралттай гарсны улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний бууралттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.07 хувь, CSI 300 индекс 0.60 хувь тус тус бууралттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 5-р сарын үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт 50.4 - 49.5-д хүрч буурлаа. Үйлдвэрлэлийн бус PMI 51.2 - 51.1-д хүрч мөн адил буурлаа. PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
  3. БНХАУ-ын бодлого боловсруулагчид улсынхаа 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5.0 хувьд зорьж бодлогын шийдвэр гаргаж ажиллаж байгаа билээ. Дийлэнх шинжээчид тус улсыг зорилтот эдийн засгийн өсөлтдөө хүрэх боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл, Олон улсын валютын сан өнгөрөгч 7 хоногт БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 4.6 хувиас 5.0 хувь болгож өсгөлөө. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news